ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.03 09:10

Авлигын эсрэг олон улсын форум болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Олон Улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн /IRI/-тэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр "Нээлттэй Улаанбаатар-2014" авлигын эсрэг олон улсын форумыг 10 дугаар сарын 06, 07-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох ажлыг шат ахиулах, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах, Авлигын эсрэг Олон улсын Академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлэх гол зорилготой тус форумаар чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үзэл баримтлалыг сонсож, туршлагаас нь хуваалцахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын урилгаар форумын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Харьяа газруудын дарга нар, Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар, Засаг дарга нар оролцохоос гадна гадаадын 17 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, Гадаад улс орноос Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 төлөөлөгч оролцоно.

Энэ удаагийн чуулганаас Улаанбаатарын тунхаглал, Улаанбаатар хотын Авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөний саналууд гэсэн томоохон баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа юм. Форумын үндсэн илтгэлийг "Авлигад Хяналт Тавих -Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа" сэдвээр Станфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, авлигын эсрэг нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тавих бол Төр ба нийгмийн уялдаа холбоо, Газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Тусгай зөвшөөрөл гэсэн үндсэн 4 сэдвийн дор салбар хуралдааныг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд