ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.08.29 09:08

АВТОНОМИ ба ХАЛХГОЛ: 100 ба 80

Түрүүч нь №171(6272) дугаарm


ХОЁР. ТЭД ЭХ ОРНЫХОО Л ТӨЛӨӨ ТУЛАЛДСАН

...Хятад орон үймээн самуунд идэгдэн, олон хуваагдсан хэвээр ХХ зууны гучаад он гарлаа. Чингийн үеийн газар нутгийн зарим хэсэг Зөвлөлтийн хяналтад, чамгүй газар Японы нөлөөнд байв гэдэг нь 1907 оны нууц гэрээгээр нууцаар өмчилсөн газар дээрээ Зөвлөлт нь БНМАУ, Япон нь Манж Го улс “байгуулаад” амжсаныг хэлж байна. Хятадын нутагт, Зөвлөлт, Японы хяналт тогтоогоогүй хэсэгт ч нэгдсэн удирдлага байсангүй, янз бүрийн цэргийн жанжнууд Дундадыг хуваан захирч байлаа.

Зөвлөлтүүд, өөрийн хяналт тогтоосон Гадаад Монголын нутаг дээр БНМАУ хэмээх улсыг нутгийн иргэдээр байгуулуулан, Москвагаас удирдана. Тэд хаангүй нийгэм-коммунизм байгуулагчид учраас Богд хааныг нь зохих цагт нь “үхүүлэн”, үлдсэн язгууртнуудыг нь буудан хороох болов.

Зөвлөлтийн эзэмшлийн нутаг дээрх БНМАУ-д анхдугаар Үндсэн хуулиас эхлэн Монголын хууль үйлчлэх маягтай боловч Ерөнхий сайдуудаас эхлэн олон зуун төр нийгмийн зүтгэлтнүүдийг нь Зөвлөлтийн эрүүгийн хуулиар яллан, буудан хороожээ. Япончууд болохлоор Хаант засагтай улс тул 1910-аад онд түлхэгдэн унасан Манжийн сүүлчийн хаан Пу И-г олж ирээд Манж Го улсын хаан болгож.

Монголчууд өөрсдийгөө, 1921 онд Ардын хувьсгал ялаад, 1924 онд бүгд найрамдах засаглал сонгосон, “Тусгаар тогтносон бүрэн эрхт бүх Монгол Ард Улс” хэмээн өөрийгөө нэрлэн, түүндээ итгэж байлаа. Бидний бодсон нэг өөр, бодит байдал бүүр өөр байсан хэрэг.

Тоглоомгүй үнэмшсэн Улаанбаатарынхан (мэдээж Зөвлөлтийн удирдамжаар) хуучин Эфү Цэрэнгийн Буурийн гэрээгээр тогтоосон Гадаад монгол(Үнэндээ бол Манж Чин ба Хаант оросын) ба Хаант оросын хилийг ар талынхаа хязгаар гэж үзээд, харин Автономит Монголыг Хятадын бусад дотоод мужаас заагласан зурвасыг өмнөд хязгаараа болгон “хил тогтоож” цэргээр манууллаа. Бурхан монголчуудыг өршөөж, үндсэндээ энэ зурвас нь БНМАУ-ын албан ёсны хил болохыг Зөвлөлт, Хятад хоёр ХХ зууны дундуур зөвшөөрсөн юм.

Тоглоомондоо үнэмшсэн хоёр тоглоомын улс хилийн хэлэлцээр хийж хүртэл тогложээ. Манж Го ба Монголын хилийн хэлэлцээр гучаад оны дундуур болж, түүнд нэг талаас БНМАУ-ыг төлөөлж Бүх цэргийн жанжны орлогч Г.Самбуу, нөгөө талаас Манж Го улсыг төлөөлж хошууч генерал Үржин Гармаев нар оролцож байв.

Ингэж байтал 1939 онд Зөвлөлт ба Японы нөлөөний бүсийн хил дээр мөргөлдөөн гарав. Манайхан түүнийг “Халх голын байлдаан, дайн” гэдэг, харин япончууд “Номунхааны будлиан, хэрэг явдал” хэмээн бичдэг. Муухай боловч үнэнтэй нь, дэлхийн улс төрийн зураг дээр бол үүгээр зурагдсан ямар нэгэн улсын хил байсангүй. Харин Хятадын дотоодод багтах Гадаад Монгол ба Баргын орон нутгийн зааг байсан байна.

Ийнхүү Зөвлөлт, Япон хоёр өөрийн нутаг дээр биш, БНМАУ-ын зүүн хязгаарт байлдав. Яг үнэндээ, БНМАУ ба Манж Го хоёр өөрөө өөрсдийгөө л улс гэж бодохоос биш хэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэр байтугаа Зөвлөлт нь БНМАУ-гаа, Япон нь Манж Го-гоо тусгаар улс гэж үздэггүй, зөвшөөрдөггүй, тунхагладаггүй байв. Өөрсөнд болохоор “Та нар тусгаар тогтносон улс мөн” гэчихээд гадагшаа харахаар өөр юм ярьдаг байв. Ийм учраас Халх голын тулалдаан нь тухайн үеийн дэлхийн газрын зургаар Хятадын “нутаг” дахь Халх-Баргын орон нутгийн хил дээр болжээ.

Үнэндээ, тулалдаан бол Монгол-Японы зодоон, Зөвлөлт-Манж Го-гийн тулалдаан, Барга-Халхын дайны алин ч биш, харин Зөвлөлт, Япон хоёр “хүний нутгийг булаалдсан асуудлаа хүний нутаг дээр зэвсгийн хүчээр шийдсэн үйл явдал” байв.

Дайнд хэн нэгэн ялалт байгуулсан бол нөгөө тал нь бууж өгсөн байдаг байх аа, дэлхийн нэг хоёрдугаар дайн тэгж дууслуу, яалаа? Гэтэл Халх голын тулалдаанд хэн нэгэн нь бууж өгсөнгүй. Тэгэхээр, хэн нь ч ялсангүй гэсэн үг. Түүний оронд Халх голын тулалдаан буюу Номунхааны хэрэг явдал хэлэлцээрээр дуусав. Хоёр атмаан хэсэг зодолдоод, хэн нь ч илэрхий дийлсэн юмгүй, гар барилцаад салдаг шиг юм уу даа.

Харин БНМАУ, Манж Го хоёр байлдаагүй учраас Х.Чойбалсан, Пу И хоёр хэлэлцээр хийгээгүй. Тэр ч байтугай Хятад, Монгол хоёр зодолдоогүй учраас Бээжин, Улаанбаатарт тохиролцоо болсонгүй. Үнэхээр л хоорондоо байлдсанаараа Зөвлөлт, Япон хоёр гал зогсоох хэлэлцээр Москвад хийв. (Бууж өгөх, ялагдах асуудал яриагүй, зүгээр л гал зогсоох хэлэлцээр гэдгийг анзаараарай)

Хэлэлцээрт БНМАУ, Манж Го улсын алиныг нь оролцуулсангүй, угаасаа ямар ч хамаагүй юм чинь. В. Молотов(ЗХУ-ын Гадаад хэргийн сайд), Того (ЗХУ-д суугаа Японы Элчин сайд)нар Москвад газрын зураг дэлгэж байгаад “шугам” татаад хаяжээ. 1939 оны есдүгээр сарын 16-нд ямар “шугам” татсан гэхлээр, 1907 оны Орос-Японы гэрээнд тодотгол хийж, нөлөөнийхөө бүсийн заагийг шинээр тодорхойлсон шугам татжээ. (Бурханы өршөөлөөр энэ шугам хожмоо БНМАУ-БНХАУ-ын хилийн шугам болон үлдсэн билээ). Энэ дайны зорилго нь, өдөөж эхлүүлсэн шалтгаан нь зөвхөн дээрх шугамыг л тодруулах явдал байсан юм биш үү? Олон юмны эхлэл 1907 оны Хаант Орос-Японы нууц хэлэлцээр рүү очдог тухай эл цувралыг өмнөх хэсэгт өгүүлсэн нь тийм учиртай.

Дайн болж буй Халх голоос арваад мянган километрийн тэртээд, ширээн дээр зураг дэлгэж байгаад “хилийн шугам” татаад хаятал Монгол цэргүүдийн очоод хамгаалан байлдаж байсан Мана уул хилийн цаана орчихов. Зөвлөлтийн буруугаар Монгол цэргийн эзэлсэн нутаг Японы талд орсон байж таарахгүй. Ийм учраас Мана уулыг хамгаалан байлдаж байсан Нөмрөгийн 22 дугаар морьт хороог золиосонд гаргаж, дарга Бадарчийг нь буудан алаад, комиссар Цэдэн-Иш нарыг нь хэлмэгдүүлэв. Уг хорооны бүрэлдэхүүнд багтан, амь хайргүй тулалдаж байсан хөвгүүдийг, Халх голын дайчдын эгнээнээс 1990 оныг хүртэл хассан бөгөөд “Хэзээ ирж баривчлах бол” гэсэн айдас дотор тэд насаа барсан билээ.

Халх голын тулалдааны бодит үнэн хагас зууны турш хөшигний цаана үлдсэн юм. Харин түүний оронд “БНМАУ-ын хил хязгаарт халдан довтолж ирсэн Японы милитаристуудыг Зөвлөлтийн улаан арми нам дарлаа. Ингээгүй бол япончууд дорхноо Улаанбаатарт ирж, Монголыг эзлэх байв” хэмээн тайлбарлан сурталчлав. Араас нь “ Монголчууд л Японы гарт орчихгүй бол, миний амь нас ч яамай” хэмээн бидний тусгаар тогтнолын төлөө тулалдан амь үрэгдсэн Зөвлөлтийн баатруудын домог зохиогдож, олон зуун дуу шүлэг, кино, роман, үлгэр туульс гарлаа. (Энэ үнэнийг өгүүлснээрээ, төрийнхөө даалгавраар үүргээ биелүүлж яваад амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн өөрийн эх орны өмнө байгуулсан гавьяаг нь бууруулсан болчихгүй биз хэмээн найднам. Они сражались за (свою) родину! Тийм ээ,Тэд (өөрийн) эх орныхоо л төлөө тулалдсан юм.)

Халх голын “пиар”-аас 1920-иод оноос эхлээд Коминтерн ба Зөвлөлтийн коммунистууд Монголын төрийн хэрэгт шууд оролцсон ба тусгаар тогтнолын баатруудыг хөнөөсөн, сүм хийдийг нураасан, ард түмний хөрөнгийг хураан түйвээсэн, ноёд дээдсийг нь хөнөөн Чингис хааны алтан ургийн хэлхээг тасалсан, насанд хүрсэн таван эр хүн тутмын нэгийг буудан хороосон зэрэг аймшигт үйлдлүүдийн зөвтгөл төрсөн юм.

1921-1940-өөд онд Монгол нутаг дээр Коминтерн, Зөвлөлтийн коммунистуудын хийсэн бүхий л балмад явуулга нь “Японы түрэмгийллээс сэргийлэх, тэдний довтолгооноос авран хамгаалах хөтөлбөрийн хүрээнд болсон” гэж сурталдан ойлгуулсан юм.

Хэрвээ 1922 онд Ерөнхий сайд асан Д.Бодоог Коминтернийхэн алаагүй бол, Ерөнхий сайд А.Амарыг, П.Гэндэнг Москвад аваачиж буудаагүй бол, цэргийн зүтгэлтэн Г.Дэмидийг, Ц.Лувсандонойг алаагүй бол, сүм хийдийг нураагаагүй бол, их аллага зохиогоогүй бол... япончууд ирээд эзэлчих байсан болж таарсан байна.

Тэмдэглэн хэлэхэд, Монголын нийгэм иймэрхүү суртал нэвтрүүлгэд эргэлзэх чадваргүй болсон байв. 1911 оны Үндэстний тусгаар тогтнолын зүтгэлтнүүд, 1921 оны хувьсгалыг санаачлагч зүтгэлтнүүд, алтан ургийн ноёд, шашны сэхээтэн хуврагуудыг энэ хэдхэн жилд багтаан буудан алжээ. Араас нь аллагад татан оролцуулсан чекистүүдээ бас хоморголон устгажээ. Ингээд 1911-1939 онд яг юу болсон, юу болоод өнгөрснийг мэдэх хүнгүй болов. Коммунист хядлагад 30,000 орчим хүн өртсөн нь тэр үеийн сэхээтний тоо буюу Монголын нийгмийн ой санамжийг авч явдаг байсан хэсгийн тоо гэж ойлгож болно.

Халх голын хэрэг явдал дэгдэх үед үйл явдлын цаад учрыг мэдэх, ядахнаа таамаглах учиртай хүмүүс бүгд үхэж, алагдаж дууссан ба үлдсэн ганц нэг нь ам нээх зүрхгүй болжээ. Ийнхүү “Халх голын дайн ба түүний суртал нэвтрүүлэг” эхлэхэд Монголын нийгэм, түүх-улс төрийн ой санамжгүй болсон байлаа.

Арваадхан жилд бие бүрэлдэхүүн нь 100,000 орчим хүнээс 1,5 сая болтлоо өссөн гэх Квантуны арми Монголын хэдхээн тооны хилчид рүү довтлоод л, ялагдаад л байсны учир шалтгааныг хэн ч эргэцүүлсэнгүй. Хэн нь эхэлж өдөөн, энэ тулалдааныг эхлүүлсний учрыг олох гэж шамдсангүй. Коммунист нийгэмд хамгийн хориотой зүйл бол эргэлзэх, эргэцүүлэх явдал байсан, угаасаа.

Түүнчлэн, Японы тэр хүчирхэг арми Халх голоор жоохон газар цөмрөөд тэгээд яагаад наашаа явахгүй зогссон юм бэ, Зөвлөлийн улаан арми Халх голын тэрүүхэн хэсэгт “Ялалт” байгуулчихаад ханасны нууц юу вэ, тэд нэгэнт ялсан дээрээ Квантуны армийг яагаад нэгмөсөн бут цохиогүй юм бэ, яагаад энэ тулалдаан яг боксын ринг шиг талбай дээр, зураас “палиа”-наасаа халиагүй явсан хэрэг вэ” гэхчлэн асуух хүн байсангүй. Монголын нийгмийн оюун ухаан эргэлзэх чадваргүй болж, зөвхөн бэлэн өгсөн суртал нэвтрүүлгийг л хүлээн авдаг “цагаан цаас” болсон хэрэг.

Халх голын тулалдааны дараагаар, “Гитлерийн хамсаатан болсон Япончууд Германыг ЗХУ руу довтолмогц БНМАУ руу дайран эзлэх гэж байсан” тухай томоохон “пиар”түүх” зохиосон билээ. Үнэхээр л тийм юм бол 1941 оны зургадугаар сарын 22-ныг хүлээгээд (энэ өдөр Герман фашистууд ЗХУ руу довтолсон) хэвтэж байхгүй, үлийгээ хийж 1939 онд Халх голоор довтолж, хамаг төлөвлөгөөгөө нураасан юм бол гэж эргэлзэх чадамж Монголын нийгэмд байсангүй.

За яахав, бяр нь амтагдаад тэвчиж чадалгүй “Хэд хоногийн өмнө ч болов Улаанбаатарыг эзэлье” гэж япончууд яарсан юм бол германчууд Зөвлөлт рүү халдсан шиг өргөн фронтоор, Квантуны армийнхаа гол хүчээр пижигнээд ороод ирээгүйн учир юу вэ? Үнэндээ тэд шалихгүй хүчээр Монголын хилийн харуул руу довтолсон шүү дээ. Ядаж л энэ талаар эргэцүүлэх боломж бас байсангүй. Ямар ч нийгмийн эргэлзэх чадамж сэхээтэн дээрээ тулгуурладаг. Гэтэл тухайн Монголын нийгмийн үндэсний сэхээтнийг устгаж амжсан үе энд таарсан хэрэг.

Ийнхүү, өнөөг хүртэл цуурайлсан “Халх голоор япончууд довтолсон бузар явдал ба түүнийг хаа байсан Орос нутгаасаа ирж дарсан Зөвлөлтийн аврагч баатруудын домог” ямар ч эргэлзээнгүйгээр амилан, монгол хүн бүрийн зүрхэнд шингэсэн юм.

Үлгэрлэвээс, хоорондоо “асуудал”-тай болсон нутгийн овгорууд айлын найран дээр таарч зодолдоод орон овоохойг нь самран алдаж, үр хүүхдийг нь сүйдэлсэн шиг юм болж. Харин, хурим найрыг нь зодооны газар болгож хувиргасан өнөө айлдаа “Танайхыг өмөөрч зодолдлоо. Би өмөөрөөгүй бол танайх голомтоороо сүйрэх байсан, ганц нэг хүүхэд эндээд зогссон нь их юм” гэж ухуулсан шиг зүйл. Цаад айл нь ч үнэмшээд “Тээр жил, хоёр атмаан манайд бурханы авралаар зодолдсон. Азаар цөөхөн хүүхэд эндсэн” гэж бахадсаар уджээ.

Түүхийг өөрчлөх аргагүй. Харин гашуун ч гэсэн үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй. Түүх бол юу болсныг мэдэж сургамж авахад зориулагдсан бодит дурсамж. “Тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүй бол ингэх байсан” тухай аймшгийн үлгэр, домог зохиож хүн ардыг айлгах, доргион хөөргөх хэрэглэл угаас биш. Үнэнд хүрэхэд хамгийн их саад болдог зүйл бол сэтгэл хөдлөл гэдгийг Бурхан багш хичээнгүйлэн сануулж “Тайван төлөв” саруул ухаанаар гэгээрэхийг зөвлөсөн нь тийм учиртай.

Дайны шарх анисаар байна. Юмны учрыг мэддэг байсан, мэдэх гэж оролдох чадамжтай болж хүмүүжсэнийхээ төлөө амиараа төлөөс хийсэн хөвүүдийн цогцсыг эх нутаг нь бүүвэйлсээр. Хэлмэгдэн хөнөөгдсөн сэхээтнүүдээ хэлж байна. Их гүрнүүдийн их бодлогын золиос болсон үр хөвүүдээ эмгэнэн дурснам.Зөвлөлт-Японы асуудлыг “эх оронд нь тулгарсан дайн” хэмээн үнэнчээр итгэсээр алтан амиа өргөсөн баатарлаг хөвүүддээ мэхийнэм.

Харин, угаагдан цэвэрлэгдсэн БНМАУ-ын иргэдийн цав цагаан цаас шиг нийгмийн ой санамж дээр бичигдсэн “Халх голын дайны суртал нэвтрүүлэг” өнөө болтол хэвээрээ үлдээд, дахин дахин амилсаар байгаа нь энэ дайны хамгийн хорлонт өвийн нэгэн бөлгөө...

Онцлох нийтлэлүүд