ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.24 06:06

Агаар бохирдуулагч төлбөр төлөх журам батлана

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр  хуралдаж, 2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудын тайлан мэдээллийг сонслоо.

 Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг даргалан явуулав.

Хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт тус хорооны 2014 оны үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг танилцуулав.

 Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, “Агаар бохирдуулах эх үүсвэрийн 2013 оны Улсын нэгдсэн тоо бүртгэл”-ийн дүнгээр 85900 өрх гэрт, 91449 өрх байшинд, нийт 180 орчим мянган айл, өрх гэр хороололд амьдарч байна. Мөн төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 3192 орчим аж ахуй нэгж, байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эх үүсвэрүүдээс гарч буй бохирдлын хэмжээ агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд автомат болон автомат бус багажаар хоёроос дөрвөн төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна. 2013-2014 оны хүйтний улирлын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 8 мкг-аар буюу 20 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 27 мкг-аар буюу 21 хувиар, азотын давхар исэл 18 мкг-аар буюу 26 хувиар тус тус бага байсан бол том ширхэглэгт тоосонцор өмнөх жилийн мөн үеийн түвшинд байна гэлээ.

Гэсэн хэдий ч азотын давхар ислийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 1.6, 2012-2013 онд 1.8, 2013-2014 онд 1.3 дахин их, хүхэрлэг хийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 2.7, 2012-2013 онд 2.0, 2013-2014 онд 1.7 дахин тус тус их байсан байна.

 2013-2014 онд нийт 45 мянган сайжруулсан зуухаар нийслэлийн айл, өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр хангахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29 мянган сайжруулсан зуухаар хангаад байна. Үлдэгдэл 16 мянган айл, өрхийг сайжруулсан зуухаар халаалтын улирал эхлэхээс өмнө хангахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухаар бүрэн хангагдах юм гэлээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга хэлэхдээ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Агаарын тухай хуулинд заасан Агаар бохирдуулагч төлбөр төлдөг байх журмыг яаралтай батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй олгож байгаа ч зуухыг ашиглахгүйгээр дамжуулан зарж борлуулж байгаатай уялдуулж тодорхой торгуулийн систем бий болгох юм гэв.

 Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын бүх айл өрхийн зуухыг солих ажлыг энэ онд дуусгана. Хот төлөвлөлтийн ажлыг зөв явуулснаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Газраа өгөөд шууд байранд оръё гэсэн айлууд байдаг. Гэтэл шууд өгөх байр байхгүй байна. Хашаа газрыг нь аваад хоёр гурван жилийн дараа байранд оруулна гэвэл газраа чөлөөлөх айл ховор гарна. Тийм учраас энэ ажил удааширч байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ.

Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль, тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийн талаарх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээг энэ оны 10 дугаар сард сонсохоор тогтлоо. 

Онцлох нийтлэлүүд