ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.08.14 10:08

Адууны тэнгэр буюу Очирын Чүлтэм

“Эр бор харцага”-ын уулс дамнаж, тал алдалсан шуранхайтай манай сумын наадам эхэлдэг сэн. Одоо ч сумын наадам улсын наадмаас өмнө болдог болж дээ. Бидний багад төрт ёсны их баяр наадамтайгаа яг л нэгэн цагт эхэлж, Дархан хан уулын өвөрт уяа морьдоо манаж хоноод өглөө эртээ сумын төв ороход өнгө алагласан үлэмжийн гоё ертөнц угтана гээч. Наадмын өглөө дэл сүүлээ намируулсан адуун сүргийн манлай азарга мордох шиг бахтай зүйл үгүй. Сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнд заларч, Монголын тал нутагт уухайн түрлэг эхлэх цаг дор Хишиг-Өндөрийн наадмын хөндий ямархан эгшиглэнтэй болдог гэж санана.

Хүүхдийн гийнгоо цангинан, хөлөрчихсөн хар ногоон зүсмийн морь шиг уулын бэлээр ажнай хүлгүүдийн тоос босч, энд тэндгүй алагласан хэцийн асрын тэртээгээс морьтой, машинтай, явган бүгдээр дэнж дэвсэгтээ багтаж ядан цуглахад түрүүчийн морьд бариандаа орно. “Чүлтэмийн шандаст хүрэн түрүүлдгээрээ л түрүүллээ. Аргагүй л хурдан буян юм. Манай Чүлтэм ч хэзээнээсээ адууны тэнгэртэй эр дээ. Олон ч жил биднийг баярлуулж байна” гэх яриа аргамаг хүлгүүдийн сувдан хөлстэй хамт наадамчдын дунд хөвөрнө. Тохом хөлсний сэврээ, хусуур сойзны шаргиа, амгайн зуузайн чимээтэй хамт хэсүүчлэх нь тэр.

Булганы Хишиг-Өндөр гэхээр Монгол түмэнд айраг адууны орон гэж санаа сэтгэлд нь урган буух нь бий. Тэр чиг үнэний хувьтай юм. Униар хөөг зэрэглэн татсан ээрэм талынх нь салхинаас айрагны үнэр сэнхийж, нутгийнхаа дээсийг алхахад өөрийн эрхгүй хийморь лундаа бадраад ирэх шиг болном. Гэхдээ энэ нутгийн айл бүхэн гаднаа адуу багшруулж, хэдэн цэрэв уяа татан хүлгийн сайхныг сойж, хөхүүртэй айраг сэнгэнүүлдэг гэж ойлговол бас ташаа болно. Адуу маллах, өсгөн үржүүлэх, сааль сүүг нь бэлдэх, хүлгийн шандсыг сорих гээд ерөөс адуу тойрсон их өв соёлын дархлаа цөөн хэдхэн хүнээр уламжлагддаг ажгуу. Адууны соёлын дархлааг хадгалж, чухамхүү адуучин хэмээх алдрыг нутаг нугийнхаа түмнээс соёрхон хүртсэн нэгэн бол Хишиг-Өндөрийн Мааньтын голын унаган хүү Очирын Чүлтэм билээ.

“Лениний зам” нэгдлийг улс даяар мандуулсан хүн нь Монголын хөдөө аж ахуйн анхны ууган баатар, аварга хоньчин Зундуйн Очир билээ. Очир баатрын оройлон түүчээлсэн тус нэгдэлд нэргүй олон баатрууд ажиллаж, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр мандаж ирсний нэг нь Чүлтэм гуай юм. Тэрбээр арваадхан настай балчир хүү нэгдлийн хадланчаар анх ажилд орсон түүхтэй. Удаа ч үгүй арван дөрөв, арван тавхан настай хүү нутгийн ах нарыг даган агт тууж, Сэлэнгийн Алтанбулагийн хил хүртэл хичнээн зуун километр морин дэлэн дээр агсагдан явж эрийн шийр заасан нэгэн. Бага балчраасаа адуунд л хорхойсч, хүлгийн дэлэн дээр, адууны салхин дунд явахыг хүсэмжилсэн түүний зам мөрийг нэгдэл нийгмийнх нь суурь адуу угтан авч, эл эрхэм бүхий л насаараа адууны төвөргөөн дунд аж төрөх алтанхан хувь заяаны эзэн болжээ.

Мааньтын гол, Омтын шанд, Хүрэмтийн рашаан, Тогтоогийн хөндий, Хөшигийн булан, Хонхор нуур гээд ёстой л адууны нутаг байхаар заяагдсан тэлмүүн нутаг. Хээрлиг уулсынх нь энгэр бэлээр өвөлдөө цасны будан татаж, зуны цагт цагаан бороо цайран, солонго нумарсан, өвс ургамал тэгш сайхан. Ийм үзэсгэлэн төгөлдөр ус голд тэднийх нутаглаж гэрийнхээ буурийг тамгалж ирсэн бүлгээ. Миний бие хэдэн жилийн өмнө “Улсдаа зартай У.Пүрэвийн цагаан гаанс” гэж ус нутгийнхаа буурлын үе дамжиж ирсэн өв соёлын үнэт зүйлийн тухай бичиж байсан. Чүлтэм бэйсийн зургаан үе дамжигдсан Монголд өдгөө нэн ховорт тооцогдох эрдэнэ-хаш цагаан гаансны тухай өгүүлсэн тэрхүү бичил туурвил олон чиг хүнд хүрсэн байдаг. Монголын толгой баячууд үнэ цохиж авах гэхэд нь “зарахгүй ээ” гэх ганцхан үг хэлээд амыг нь тагладаг У.Пүрэв гуай эдүгээ цагийн нэртэй адууч Очирын Чүлтэм гуай бүгдээр нэг голын хүмүүс. Домогт Буур Жамъян аварга, Их Монгол Шаравжамц аварга нартай нэгэн цагт монгол бөхийн дэвжээнд хүчийг сорьж, төрийн наадамд хоёр удаа долоо давсан хүчит заан Ширчингийн Даш, хан уулын ар, Хатан Туулын хөвөөнд морьдоо авчирч уралдуулан, Хүй мандлын дэвжээнд ханхалзаж явсан нэртэй уяач Цамбажавын Банзрагч нарын хойчийг залгасан нутгийн минь ханагар уулс сан билээ л.

Цогт хун тайжийн хар балгасны тууриас хойших, алдарт Хар бухын голоос арагш, Авзага хайрхан уулаас хойш залгагдан Мааньтын гол, Мөнгөн уулаас урагшаа тэрхүү ай сав нутагт хуучин цагт “Адуу” бригадын олон суурь молор эрдэнэ налайжЦамба, Санжмятав, Лхагвацэнд тэргүүт нэр ус нь мөнхийн алдрын титэмтэй дурсагддаг эрэмгий адуучид уургын уртыг барьж, усны тунгалагт нутаглаж явсаан. Энэхүү “Адуу” бригадын нэрийн хуудас болж, эрийн хийморь сэргээсэн нэгэн нь яалт ч үгүй адуучин Чүлтэм юм. Монгол төрийн түшээ, Их хурлын дарга асан Энэбиш гуайн ачит эцэг “дунд хүү” Лхамсүрэн гэж нэртэй адууч Могодын Хулж, Баавайн голоос Хишиг-Өндөрт ирж нутаглан, өнөө л Чүлтэм болоод тухайн цагийн эрмэг адууч эрстэй эмээлийн хос бүүрэг шиг ижилсэн нөхөрлөсөн түүх ч байдаг. Айраг, адууны орон гэгдэх бүс нутагт адууны соёл, адгуулан маллахын дэг сургуулийг туулсан замнал, он жилүүдийнхээ түүхээр бий болгосон адуучны алдар бахадмаар сайхан. Тэрбээр зөвхөн сайн хүлгийн дэлэн дээр хийсч, залуу халуун насны аагаар омгорхож яваагүй нь олон зүйлээс харагддаг.

Адуу маллахын арга туршлагыг хөдөлмөрийн баатар адуучдаас судалж, заавар зөвлөгөөг нь авч, амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлж ирснийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Сүхбаатар аймгийн “Дарьганга” нэгдлийн адуучин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Санзайн Шарбандийн адуу хэрхэн маллах, оторлох, унага төлийг хорогдолгүйгээр авах зэрэг бахдам туршлагыг нь нутаг орондоо санаачлан нэвтрүүлсэн нь дараа дараа үедээ улажлагдсаар л байна. “Нутгийнхаа адууны цусыг сэлбэх шиг үнэт зүйл үгүй юм” гэж аливаа юмны учир мэдэх өвгөд гэрээс мэт хэлэх нь бий. Тэгвэл Очирын Чүлтэм гуай хурдан ажнайн голомт болсон Хэнтийн Галшар, мөн адууны үүлдэр угсааг сайжруулах, “морин тойруулга”-ын гол бүс нутаг Төв аймгийн Жаргалант, алдарт Тэсийн голын адуугаар нутгийнхаа адууны цусыг сэлбэж, бас нэгэн гавьяа байгуулсан удаатай. Хаа сайгүй адуун сүрэг багширч, үрээ морьдын тоос боссон Мааньтын голд Чүлтэм гуайнх л анх гүүгээ уяж, хөл хөөр, ёс төр, дэг жаяг болдгийг адууч аавын хүү би мэднэ. Тэдний айрагны сайхныг нь хэлээд юүхэв. Намар оройхон айраг ханхалсан гэрийнх нь гадаа бууж, мөнгөн сор нь гялалзсан адуун сүргийнх нь тоосонд орж, бие галбир төгс гэрийн эзэнтэй хууч дэлгэж суух бахтай.

Мэргэжлийн сумогийн жаран найм дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын ард түмний бахархалт хүү Асашёорюү Дагвадорж тэр жилийн намар Чүлтэм гуайнд давхиад буужээ. Хөлбөмбөг тоглосноос болоод ч билүү барилдах эрхээ хасуулчихаад сэтгэл жаахан будантай, алжаал тайлахаар Монголдоо амарч явахдаа тэднийхээр буучихаж л дээ. Тэр тухайгаа аварга сумогоос зодог тайлаад ирснийхээ дараа дурсч байсан. Мөн өнгөрөгч жил Хишиг-Өндөрийн зон олонтой уулзаж байхдаа хэлж байсан. Дагваа аваргыг ганган хар жийптэйгээ давхиад очиход Чүлтэм гуайнх, хүү Батжаргалынхтайгаа айл хэдэн зэл гүүгээ уяад багширч байжээ. Аварга тэдний айрагны сайхныг бахдан бахдан ярьдаг юм. Айрагных нь сайхныг энгийн иргэд байтугай Монгол Улс баталгаажуулсан түүхтэй. Тодруулбал, наян есөн онд Монголын адуучдын анхдугаар зөвлөгөөнд шалгаран оролцож байхдаа айрагны уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртсэн байдаг.

Манайхан сумынхаа наадамд сайхан мориор гоёх дуртай. Чүлтэм гуайн хөвгүүд гэж аавыгаа дуурайсан алаг нүдэн банди нар ёстой л нэг суман хатиртай, бусдын нүд хужирласан аатай сайхан морьд унана. Гүйн хар алхаатай, суман хатиртай, уран гоё толгойтой, хөхөл самбаагаа шидлэн хүзүү сунгасан морьд яалт ч үгүй наадмын чимэг мөн. Чүлтэм гуай бие хаа тэгш, өндөр нуруулаг, эргэлдсэн томоо алаг нүдтэй, эрүү түүш сайтай эр. Ямар сайндаа түүнийг “Сүх жанжныхаа дүрд тоглуулчихмаар залуу байна” гэж ардын жүжигчин, төрийн шагналт Эрдэнэбатын Оюун дуу алдсан байхав дээ. Тэртээ наяад оны эхээр Булган аймагт болсон Соёл урлагийн өдрүүдэд уригдсан төлөөлөгчид Хишиг-Өндөр сумаар дайрахдаа Чүлтэм гуайнхаар бууж айраг ууцгаасан юм биз. Тэр үед Монголын театр урлагийн өрлөг ижий болсон Оюун гуай гэрийн эзэн адуучин залууг эрхгүй сонирхож, айраг уух гэж айлаар орсон биш, Сүх жанжнаа олчихож байгаа юм биш үү гэж сэтгэл ханамжтай хэлээд хотод очиж уулзахыг захиад явжээ. Гэвч гэрийн эзэн “Надад тэр урлагийн суу авьяас нь яаж байхав дээ” гээд яваагүйг бага хүү Монголын шинжлэх ухааны залуу эрдэмтэн Батсүхээс сонсч байлаа.

Эдүгээ далан насны даваа руу дөхөж яваа ч гэсэн идэр залуугийн цог залиар адууны дунд бахтайхан алхалж, ажнай хүлгийн сайхныг унаж, дээл бүсэн гоёл, хийморь лундаатай явна. Үр ач нараас нь эцэг өвгөдийнхөө халуун голомтод гэрийнхээ буурийг тамгалан нутаглаж байна. Эглээс эгэл, эрхмээс эрхэм нутгийн буурал минь алтан унжлагат тахиа жилийн босгонд Монголын төрд үнсүүлж Алтан гадас одон хүртжээ. “Баатрын алтан соёмбо хоттой хонин дунд минь байжээ” хэмээн Намхайнямбуу баатар хэлсэн лугаа тэнгэрийн алтан гадас эрийн лундаа адуучны энгэрт гялалзжээ. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэж дархалсан нэрт найрагч Зундуйн Доржийн нутгийн хүлгийн тоосонд шүншиг нь гэрэлтсэн адууны тэнгэртэй эрхмийн тухай цухасхан өгүүлэхэд ийм буюу.


Онцлох нийтлэлүүд