ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.23 10:05

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнууд Шанхайд чууллаа

Шанхай хотоос манай тусгай сурвалжлагч М.МӨНХЦЭЦЭГ мэдээлж байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Бага хуралд 40 гаруй улс, орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Эхний өдөр БНХАУ-ын дарга Си Жиньпин хүрэлцэн ирсэн төрийн өндөрлөгүүдийг хүлээн авч уулзан, зоог барьж, урлагийн тоглолт үзэцгээлээ. Харин албан ёсны арга хэмжээ буюу чуулга уулзалт өчигдөр өглөө “Шанхай экспо”-д эхлэв.

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв
БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув. Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

В.В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мягмар гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Санкт-Петербургт зочлох уулзалтаараа үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.В.Путинтэй уулзах юм.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг тунхаглал батлан гаргах юм. Энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах учиртай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр уг дээд хэмжээний уулзалтад үг хэлж, бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм” гэлээ.
Мөн тэрбээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой" гэв.

Онцлох нийтлэлүүд