ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.06.19 06:06

Азийн бүс нутгийн боломжийг монгол компаниуд хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ

Азийн бүс нутагт ямар боломжууд байгаа, түүнийг нь монгол компаниуд хэрхэн ашиглах талаар Их тэнгэрт хэлэлцүүлэг өрнөлөө. Монголын бизнесийн зөвлөл хоёрдугаар чуулга уулзалтаа “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор зохион байгуулсан юм.

Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог хэрхэн сайжруулах, ирээдүйд ямар боломжууд бий болгох талаар мэдээлэл солилцохоор гадна, дотны 250-аад төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.

Чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж хэлэхдээ, “Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс. Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016 оны байдлаар 8,3 тэрбум ам долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4,0 тэрбум ам доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж бид үзэж байна. Энэ боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссан. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байна. Өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэллээ.

Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн онцлов.

Чуулганаар бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцож буй юм. Тодруулбал хоёрдугаар чуулга уулзалтаар “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б. Бямбасайхан ярихдаа “100 гаруй улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлснээс 40 гаруй орон хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, хамтрахаа мэдэгдсэн. Энэхүү санаачилгыг монголчууд хэрхэн бизнестэйгээ холбож, бодит ажил өрнүүлэх вэ гэдэгт гаргалгаа хийхээр чуулж байна. Манай бизнесийнхэн Азийн бүс нутагт уялдаа холбоогоо сайжруулна гэдэг ирээдүйд гадны улс орнуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ” хэмээн онцолсон юм.


Онцлох нийтлэлүүд