ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2019.09.13 02:09

Азийн худалдааг дэмжих олон улсын форум боллоо


Азийн худалдааг дэмжих байгууллагуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо.Уг уулзалт анх 1987 онд Японы худалдааг дэмжих байгууллагын санаачилгаар эхэлж байжээ. Монгол Улс 1992 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм байна. 1995 онд энэ уулзалт манай улсад анх удаа болж байж. Тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “2014 онд хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон эдийн засаг, Азийн худалдааны байгууллагатай яаж хамтран ажиллах талаар энэ уулзалтыг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд яаж хамруулах вэ гэдэг сэдвийн хүрээнд Азийн улсуудын худалдааг дэмжих байгууллагын төлөөллүүд цуглаад байна. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих ёстой гэж тал талд ярьж байгаа. Ийм нөхцөлд яаж Монголын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь хэрхэн дэлхийн нэмүү өртгийн сүлжээ рүү гаргах, үүнтэй холбоотой хүндрэлүүдийг ямар арга замаар шийдвэрлэх талаар ярина. Ер нь бол үүн дээр хэд хэдэн анхаарах зүйл байна. Хамгийн эхний асуудал бол тарифын хүндрэл. Хятадын зах зээл рүү ороход тариф өндөр байгаа. Орос ч ялгаагүй. Үүнийг яаж шударгаар бууруулах вэ гэдэг асуудал бидний өмнө байна.

Шударгаар бууруулахын тулд олон улсын арга зам, гарц шийдлийг ашиглахаас аргагүй. Үүний тулд өнөөдрийн уулзалтыг хийж байна” гэж ярилаа. Түүнээс олон улсын худалдаатай холбоотой зарим зүйлийг тодруулав.

-Олон улсын зах зээл дээр тэр дундаа хоёр хөрштэйгөө аль бүтээгдэхүүнээр голчилж харьцах боломж бидэнд байна вэ. Мэдээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр шүү дээ?

-Онцолж хэлэхэд, нэг салбар бий. Тэр нь ноос ноолуур. Өнөөдөр бид нарт ганц л давуу тал бий нь энэ л дээ. Ноос ноолуурын салбар дээрээ тулгуурлаж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж Монгол Улсад байна.Үүнийг ажил болгохын тулд бүсийнхээ улсуудтай яаж хамтарч дэлхийн зах зээл дээр гаргах вэ гэсэн асуулт тулгарч байгаа.

-Бидэнд байгаа ганц давуу тал нь ноолуур гэж та ярилаа. Тэгэхээр ямар зүйл хийвэл өнөөдөр олон улсын нэмүү өртгийн сүлжээ рүү орох гээд байна?

-Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д саяхан айлчилсан. Энэ үеэрээ хоёр улсын харилцааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний хүрээнд нэг асуудал яригдаж байна. Тэр нь гуравдагч хөрш рүү ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргах. Энэ хууль Конгрессоор батлагдана гэдэгт итгэлтэй яваа. Өөрөөр хэлбэл, бидэнд маш том боломж нээгдсэн гэсэн үг.

-Ер нь монголчууд дэлхийн ноолуурын зах зээлийн хичнээн хувийг хангаж байгаа вэ?

-Ноолууран бүтээгдэхүүн татваргүйгээр борлуулах хууль гарчихвал бидэнд маш том боломж нээгдэнэ гэж сая хэллээ шүү дээ. Ингэж хэлсэн нь учиртай. Бид дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа. Гэвч найман хувь нь л эцсийн бүтээгдэхүүн болж зах зээл дээр гардаг. Тэгэхээр 100 хувь үйлдвэрлэл явуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр нь ерөөсөө олон улсын худалдааны сүлжээ рүү орох. Энэ зорилгыг биелүүлж чадвал, Монгол Улсын экспорт дор хаяж 10 хувиар өснө. Бүр тодруулж хэлбэл, экспортоос олох доллар энэ хэмжээгээр өснө гэсэн үг. Ингэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа маш чухал. Бүс нутгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөвөл дор хаяж ажлын байр мэдрэгдэхүйцээр өснө. Энгийн жишээ хэлэхэд, малчдын орлого хүртэл нэмэгдээд ирнэ шүү дээ.

-Нэмүү өртгийн сүлжээг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Нэмүү өртгийн сүлжээ гэдгийг энгийнээр тайлбарлавал бага зэрэг оршил хэлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, ноолуурын салбар байлаа гэхэд малчны хотноос АНУ-ын аль нэг лангуу хүртэлх бүх шатыг хэлээд байгаа юм. Тухайлбал, ямаагаа самнана. Самнасан ноолуураа тээвэрлэнэ, боловсруулна, үйлдвэрт ирсэн хойно нь дизайн загварыг гаргана гэх мэт маш олон шат дамждаг. Энэ болгоныг хэрхэн төгс уялдаатай болгох вэ гэдэг нь л нэмүү өртгийн сүлжээ юм л даа.Аль болох олон сүлжээ байгаад тэр хэрээр олон хүн оролцох тусам л сайн. Нэмүү өртгийн сүлжээний гол давуу тал нь ерөөсөө л энэ. Нэг кг ямааны ноолуур зуун гучин мянга байлаа гэж бодъё. Эцсийн бүтээгдэхүүн гарах үед сая хэлсэн үнийн дүн арав дахин өснө. Товчхондоо үүнийг л нэмүү өртгийг сүлжээ гэдэг.

Тус дээд хэмжээний уулзалтад 16 улсын 34 төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Хятад улс эзэлдэг гэж Гадаад харилцааны яамны мэргэжилтэн онцолсон. Сүүлийн 2-3 жилд гадаад худалдааны баланс эерэг гарсан гэх мэдээллийг тус яамнаас өгч байв. Орос, Хятад улс манай экспортын бүтээгдэхүүнд 30-60 хувийн татвар тавьдаг нь гол хүндрэл гэж албаныхан ярьж байсныг энд онцолъё. Харилцан ашигтай бус энэ хандлагыг өөрчлөх талаар яриа хэлэлцээний түвшинд онцолж эхэлснийг ч тус дээд хэмжээний уулзалтын үеэр салбарын яамны төлөөлөл дурдаж байв.

Сүүлийн үед цахим худалдаа идэвхжих болсон талаар уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан Японы ЖЕТРО байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Энэ чиглэлээр манайх шиг хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхээ ч тодотгосон юм. Хөгжиж буй орнуудыг энэ чиглэлээр тусгайчилж дэмжих талаар Австрали улс санаачилгатай ажиллаж эхэлжээ. Японы хувьд ч гэсэн нааштай байгаа гэнэ. Нарийн судалгааны эцэст ямар төслийг хэр өртөг зардалтайгаар санхүүжүүлэхээ мэдэгдэх аж.

Онцлох нийтлэлүүд