ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.17 05:05

Азийн Хөгжлийн Банк

Азийн Хөгжлийн банк нь 1966 онд байгуулагдсан. Дэлхийн 67 оронд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 3000 давсан ажилчин, албан хаагчтай. НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн байгууллага юм. Гол зорилго нь Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих, хөгжиж буй буурай орнуудад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчин болон техник төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, тухайн оронд тулгамдаж байгаа асуудал дээр тусламж дэмжлэг үзүүлэх, жишээ нь цэвэр усны нөөц, байгаль орчин, дэд бүтэц, агаарын бохирдол, ажилгүйдэл гэх мэт. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, хөгжиж байгаа оронд жендерийн тэгш бус орлогын асуудал ч гардаг гэнэ. Энэ бүх асуудалд тухайн орон нутгийн удирдлага, засгийн газруудтай бодлогын түвшинд харилцан ойлголцож хамтран ажиллаж чаддаг байна. Манай улсын хувьд Азийн Хөгжлийн Банкны гишүүнээр 1991онд элссэн. Тэр цагаас хойш Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсад нийт 1.55 тэрбум ам.долларын засгийн газрын зээл, 96 сая ам.долларын засгийн газрын бус зээл, 229 сая ам.долларын буцалтгүй тусламж, 138 сая ам.долларын техникийн туслалцааны төслийг батлан хэрэгжүүлсэн юм байна. Энэ байгууллага нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн улс орнуудын Засгийн газарт зээл олгодог юм.

2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй явагдсан. Энэ өсөлт 2018, 2019 онуудад үргэлжилнэ хэмээн Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлсэн юм.

Энэ жил Азийн Хөгжлийн Банкнаас 2018 оны төлөв тайланд 2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно гэсэн таамаглал гаргасан юм байна. ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрээгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан юм байна. Харин энэ түвшин 2018 онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж Азийн Хөгжлийн Банкны нөхдүүд таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци бага зэрэг өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй байна гэнэ. Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолжээ. Энэ нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн хажуугаар жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлангийн шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлогын бүрдүүлэлт хумигдах магадлалтай байгаагаар тайлбарлагдаж байгаа юм байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирсан зэргээс гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Нийт нөөц хоёр дахин нэмэгдэж 5.5 сарын импортыг санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм. Урсгал дансны алдагдал 2018 онд буурч 6.3 хувь, харин 2019 онд 7 хувь болно гэж тооцоолсон юм байна.

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар хамтран эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Ногоон уур амьсгалын сангаас Монгол Улсад олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын гэр хороололд 100 га талбай бүхий эко хороолол барих болон төлбөрийн чадварт нийцсэн 10000 айлын ногоон орон сууц барьж байгуулах Азийн Хөгжлийн Банкны төслийг дэмжихэд хэрэглэнэ гэсэн байна. Эко хороолол нь нүүрстөрөгч ялгаруулалт бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай байхаар төлөвлөгдөж байгаа бол төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг юм байна.

Өнгөрсөн жил гэхэд Азийн Хөгжлийн Банк Монголын Засгийн газрын хооронд 2020 он хүртэл тогтвортой эдийн засаг, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт буюу Монголын хүн амын цөөн хэдэн хувь нь уул уурхайгаас хагартлаа баяжих бус, нийгмийн бүх салбар ижил түвшинд эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш хүртээнэ гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан юм. Манайх шиг уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай оронд бусад салбараа дэмжиж, эдийн засгийг хоёр тулгууртай болгоход Хөдөө аж ахуйн салбар тун чухал гэдгийг Азийн Хөгжлийн Банкны эдийн засагчид хэлээд байгаа. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай орон. Хөдөө аж ахуйн салбараа стандартын дагуу хөгжүүлээд мах, махан бүтээгдэхүүн, сүү, тараг гэх мэт бүтээгдэхүүнүүдээ экспортолоход валютын урсгал нэмэгдэнэ. Мөн Хөдөө аж ахуйн салбараа сайн хөгжүүлэхэд хэд хэдэн асуудал аяндаа шийдэгдэнэ гэж харжээ. Нэгдүгээрт, ажлын байр олноор бий болно, тэрийгээ дагаад ажилгүйдэл багасна. Хоёрдугаарт, хот руу чиглэсэн хөдөлгөөн буурна, тэрийгээ дагаад Улаанбаатарын утаа багасах болно, мөн Улаанбаатарын иргэдийн орлого хөдөө амьдарч байгаа иргэдийн орлого ижил түвшинд хүрнэ. Мэдээж дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй, дагуул хотууд бий болно, тэгээд энэ салбараа бодлоготойгоор дэмжээд өгөхөд асуудалгүй гэнэ. Тэр ч байтугай жендерийн асуудал дээр хүртэл анхаарч ажилладаг юм байна.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэн хэлэхдээ “Монголын Засгийн газар бол манай хэрэглэгч, Азийн Хөгжлийн Банк бол Монголын хамгийн том, олон талт хөгжлийн түнш байгууллага юм. Бид урт замыг хамтдаа туулсан“ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хэрэглэгчээ хөөдөггүй, хэрэглэгчээ “хаан“ гэж үздэг ийм олон улсын том банк санхүүгийн байгууллагатай бид хөгжлийн тухай ярихад найдвартай, итгэлтэй санагдаж буй нь гарцаагүй. Гол нь Монгол Улсын иргэн бүр хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.

М.БАЯНБУЛАГ

Онцлох нийтлэлүүд