ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.06.19 05:06

Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоотой хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, ЭМЯ-аас хепатитийн вирусийн халдварын тархалтыг бууруулах, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулахаар олон талт арга хэмжээг авч байгаагийн нэг нь өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж буй явдал юм. Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөгөө авах, эмч, мэргэжилтнүүдээ гадаад, дотоодын сургалтад хамруулж, судалгаа шинжилгээний ажлыг нотолгоонд суурилсан, мэргэжлийн түвшинд хамтран зохион байгуулах боломж гарч байгаад талархалтай буйгаа онцлов.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад зөвлөгөө өгч, хепатитийн вирус, түүний шалтгаант элэгний эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад сургахад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх юм.

Харин Монголын Элэгний эмгэг судлалын холбооны хувьд олон улсын эрдэмтэн судлаач, зөвлөхүүдийг Монголд урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах тал дээр хамтран ажиллахаар болжээ.

Онцлох нийтлэлүүд