ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.11.12 05:11

Аймгууд мал арилжих сонирхлоо илэрхийлсээр байна

Баянхонгор аймагт Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан анх удаа амьд малын арилжааг амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашдаа даваа, лхагва, баасан гараг бүр арилжаа хийж байхаар болсон. Одоогийн байдлаар тус аймагт амьд малын арилжаа хийх техникийн бэлтгэл ажил бүрэн жигдэрсэн ч мал худалдан авах захиалга ирэхгүй, үнийн хэлцэл тохирохгүй байгаа учраас дахин арилжаа хийгээгүйг Хөдөө аж ахуйн биржийн захирал Ж.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, малчид малын амьдын жингийн нэг кг-ыг 3000 төгрөгөөр худалдана гэж байгаа нь худалдан авах хэлцэл хийх боломжгүйд хүргэж буй ажээ.

Ойрын хугацаанд ХАА-н биржээр дамжуулан Завхан аймагт амьд малын арилжаа хийх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашдаа Хөвсгөл, Увс, Хэнтий аймгууд амьд малын арилжаа зохион байгуулах хүсэлтээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ХАА-н биржид мэдэгджээ.

Сануулахад, Баянхонгор аймагт энэ сарын 6-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийнхэн очиж амьд малын арилжааг зохион байгуулсан юм. Ингэхдээ аймгийн төвөөс Улаанбаатар хотод байрлах Хөдөө аж ахуйн биржтэй цахимаар холбогдон амьд мал арилжих саналыг хүлээн авч, малын амьдын жингийн нэг кг-ыг 1850 төгрөгөөр тооцон 12 хонь арилжих хэлцэл хийсэн. Амьд малыг тус аймгийн иргэд худалдсан бол, худалдан авах саналыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас ирүүлж байсан юм.

Онцлох нийтлэлүүд