ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.17 01:03

Академич Барнасангийн Пүрэвсүрэн: Судалгааны үр дүн маань эрчим хүч, бензин шатахууны асуудлыг шийдвэрлэх бодлого, чиглэлтэй уялдаж байна

ШУА-ийн жинхэнэ гишүүн, Ази-Номхон далайн орнуудын Материал судлалын академийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, академич, химийн шинжлэх ухааны доктор, профессор, Улаанбаатарын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, химийн тэнхимийн эрхлэгч Б.Пүрэвсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Баянхонгор аймгийн Заг сумын Нэгдүгээр багийн уугуул малчин Барнасангийн ууган хүү болж 1953 онд төрсөн нэгэн. Пүрэвсүрэн академич Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуулийг 1973 онд алтан медальтай, Болгар улсын Софийн Хими технологийн их сургуулийг 1979 онд полимерийн хими технологийн чиглэлээр инженер-химич мэргэжлээр онц дүнтэй улаан дипломтой төгсөж ирээд 1979 оны аравдугаар сараас Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажиллаж эхэлсэн.Үүнээс хойш эрдэм шинжилгээний ажилтан, ахлах, тэргүүлэх ажилтнаар дэвшин тасралтгүй 40 жил ажиллаж байгаа Монгол Улсдаа химийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн юм. Хими, химийн технологийн хүрээлэнгээс түүний нэрийг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх цол олгуулахаар сүүлийн арваад жил тодорхойлсон байдаг нь ямархан том эрдэмтэн бэ гэдгийн илэрхийлэл биз. Б.Пүрэвсүрэн Болгар улсад төгссөн сургуульдаа аспирантурт суралцаж 1987 онд химийн ухааны дэд докторын, 2000 онд химийн шинжлэх ухааны докторын зэргийг ШУА-д тус тус хамгаалсан байна. Улаанбаатарын их сургуулийг байгуулагдах үеэс одоог хүртэл багшилж органик хими, органик химийн технологи, полимери химийн технологийн хичээлүүдийг зааж оюутнуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байгааг нь үнэлж түүнд 1997 онд дэд профессор, 2001 онд профессор цол тус тус олгожээ. Мөн тэрээр Монгол-Солонгосын хамтарсан MIU-Монголын Олон улсын их сургуульд органик химийн хичээлийг англи хэлээр зааж иржээ.


-Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа та ямар нээлт хийж байв?

-Өвөрмөц шинж чанар ба хэрэглээ бүхий цоо шинэ төрлийн полимерийн, тухайлбал халуунд тэсвэртэй эпоксидын, дан болон шингэн талст үүсгэх чадвар бүхий полипентадиений болон полиаминобензойны хүчлийн полимеруудыг анх удаа нийлэгжүүлэн гарган авах аргуудыг шинээр бий болгож, химийн болон молекулын орон зайн супер бүтэц байгууламжийг тогтоосон маань полимер химийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан тодорхой хувь нэмэр юм уу даа. Эх орны түүхий эд ээдэмцэр, нүүрс, занар, яс, хаягдал полимер зэрэг түүхий эдийг халууны аргаар задлах механизмыг судалж, хатуу ба шингэн бүтээгдэхүүнүүдийн найрлага, бүтэц, шинж чанарыг тогтоон хэрэглээний чиглэлийг туршин тогтоожээ.

-Та занар, яс, ээдэмцэрээс шатахуун гаргах талаар судалгаа хийж ажилласан бил үү?

-“Органик түүхий эдүүдээс шингээгч, шүүгч материал гарган авах технологи” нэртэй эрдэм шинжилгээний төсөлт ажлыг Түлш эрчим хүчний яамны захиалгаар 2005-2007 онд амжилттай удирдан хэрэгжүүлсэн. Энэ төсөлт ажлынхаа хүрээнд органик түүхий эдийг нүүрсжүүлэн идэвхжүүлэх лабораторийн болон томруулсан туршилтын төхөөрөмжүүдийг зохион бүтээж туршилтад амжилттай хэрэглэсэн маань энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлэх материаллаг баазтай болсон. Сүүлийн жилүүдэд миний удирдлагаар хэрэгжүүлж байгаа органик түүхий эдүүдийн пиролизын судалгааны дүнд гарган авсан нефть төстэй шингэн бүтээгдэхүүний найрлага, бүтцийг орчин үеийн төрөл бүрийн спектрийн болон хроматографын аргуудаар судлан тогтоосон дүнгүүд түүний дотор занар, яс, ээдэмцэр зэргийн пиролизын давирхайнуудын дүнгүүд маань шинжлэх ухаанд анх удаа хийгдсэн ажил болсон. Энэ маань орчин үед эрчим хүч, бензин шатахууны асуудлыг шийдвэрлэх олон улсын болон дотоодын бодлого, чиглэлтэй уялдаж байна даа.

-Тарваганы тосыг бас чухал бүтээгдэхүүн болгох талаар овоо ажилласан байх аа?

-Солонгосын Хими технологийн судалгааны хүрээлэнтэй хамтран тарваганы тосны химийн модификацын судалгааг явуулж тарваганы тосыг өөхнөөс нь харьцангуй нам температурт шинж чанарыг нь өөрчлөхгүйгээр ялган авах технологи боловсруулан, өөрсдийн гаргаж авсан нүүрсний, модны ясны идэвхжүүлсэн нүүрсээр шүүн цэвэрлэж, физик-химийн үзүүлэлтийг цэвэрлэхийн өмнөх үеийнхтэй нь харьцуулан тодорхойлж,тосны хүчлийн химийн найрлагыг хий, шингэний хроматографийн, химийн бүтцийг харьцуулан тодорхойлсон. Цэвэрлэсэн тарваганы тосыг химийн модификацын аргаар тухайлбал саванжуулах, устөрөгчжүүлэх, эфиржүүлэх, эпоксиджүүлэх зэргээр хувиргаж шинэ шинж чанар ба хэрэглээ бүхий бүтээгдэхүүн гарган авах онолын болоод практикийн ач холбогдол бүхий судалгааны ажлыг анх удаа эрхлэн явуулсан. Тарваганы тосыг эпоксиджүүлэх судалгааны ажил бол өөр хаана ч хийгдэж байгаагүй гэхэд болно. Гарган авсан эпоксжсон бүтээгдэхүүн маань зарим химийн хатууруулагч бодисын тусламжтайгаар эпоксидын полимерийн нэгэн адилаар хатуурч нимгэн хальс үүсгэх чадвартай болж байгааг нь тогтоосон. Үүнийг лак, будаг, цавууны нимгэн бүрхүүл, цавууны наалт үүсгэхэд органик барьцалдуулагч болгон техникийн зориулалтаар ашиглах боломжийг нээж, шинэ төрлийн байгаль орчинд хоргүй лак, будаг, цавуу үйлдвэрлэх түүхий эд болгон ашиглах боломжийг нээсэн юм л даа.

-Ээдэмцэрийг боловсруулж бүтээгдэхүүн болгох талаар аль хэр ажиллав?

-Ээдэмцэрийг химийн модификацын аргаар боловсруулж ээдэмцэрийн хуурай ба шингэн төрөл бүрийн зориулалтын цавуунууд, усан будаг, шингээгч ба ион солилцогч материал, эпоксидын полимерийн хатууруулагч зэрэг бүтээгдэхүүнүүдийг гарган авч шинж чанарыг нь судлан тогтоож, ээдэмцэрийн хуурай ба шингэн цавуу, усан будаг үйлдвэрлэх технологи, стандарт болон техник, эдийн засгийн үндэслэл зэргийг боловсруулан батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шүү.

-Таны эрдэм шинжилгээний ажлын үр дүн Монголдоо болон дэлхийд хэр хүрсэн байдаг вэ?

-За яахав дээ, нийтдээ 500 гаруй бүтээл гаргаснаас хамгаалсан нэгэн сэдэвт зохиол хоёр байна. Бичсэн монограф, ном 17 бий. Редакторлосон ном бүтээл 21, англи хэлнээс орчуулсан бүтээл арав байх жишээтэй. Эрдэм шинжилгээний өгүүлэл 290-ийг бичсэнээс 60 гаруй нь гадаадад хэвлэгдсэн. Асуудал дэвшүүлсэн өгүүлэл 28-ыг хэвлүүлж. Оюуны өмчийн эрхтэй патент, шинэ бүтээл 12 байгаагаас гурвынх нь эрхийг гадаадад хамгаалсан байгаа. Хуучин ШБОС гэж байлаа даа. Тэрүүн шиг оновчтой санал гарган хэд хэдийг гаргасан гэсэн батламжууд байна аа. Эрдэм шинжилгээний хуралд 189 илтгэл тавьснаас 73-ыг нь oлон улсын хуралд хэлэлцүүлэн, ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэл тавыг батлуулсан байдаг.

-ТЭЗҮ-гээс гадна бас мэргэжлийн, аюулгүйн гээд дүрэм журмууд батлуулна биз?

-Технологийн заавар 11, стандарт дөрвийг, техникийн нөхцөл дөрвийг батлуулж, шинжлэх ухааны докторын нэг, боловсролын докторын гурав, магистрын дипломын ажил 15, бакалаврын дипломын ажил 18-ыг тус тус удирдаж хамгаалуулсаан.

-Таны нээлт бүтээлүүд гадаадад ном болж хэвлэгдэв үү?

-2016 онд АНУ-д хэвлэгдсэн “Advances in Energy Research” номонд “Bituminous Coals of Mongolia: Occurrence and Char­acteristics” нэртэй бүлэг, “Ep­oxy Resins: Synthesis, Applica­tions and Recent Developments” хэмээх номонд “Synthesis and characterization of new Epoxy Resins” нэртэй бүлгүүдийг бичиж өгч хэвлүүлсэн. Гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн 73 илтгэлээс маань гадаадын эрдэмтэд бүтээлүүддээ 700-гаад удаа эшилсэн нь Монголын нэгэн эрдэмтний бүтээлийг дэлхий хэр түвшинд үнэлж байгаагийн баталгаа гэж боддог доо.

-Та академич хэмээх эрдмийн өндөр босгоор алхталаа ямар ажил алба эрхэлж ирэв?

-Химийн хүрээлэнгийн Залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, органик ба биоорганик химийн салбарын дарга, ШУА-ийн ерөнхийлөгчийн шинжлэх ухаан хариуцсан зөвлөх бөгөөд физик, математик, химийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001-2010 онд тус хүрээлэнгийн захирлаар томилогдон ажилласан. Одоо Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, сэдэвт ажлын удирдагчаар ажиллаж байна.

-Сонгуульт ажлууд бол их байдаг байлгүй?

-Монголын Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2005-2018 онд, Улаанбаатарын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн бөгөөд химийн тэнхимийн эрхлэгчээр 2001-2008 онд, МУИС-ийн дэргэдэх химийн шинжлэх ухаанаар боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн дэргэдэх химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2002-2010 онд, ШУА-ийн дэргэдэх химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч даргаар 2017 оноос, СХЗҮТ-ийн дэргэдэх хими, хими технологийн стандартын техникийн хорооны даргаар 2001-2008 онд, “Армона” корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн, БСШУЯ-ны дэргэдэх шинжлэх ухаан бизнесийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын дэргэдэх Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах үндэсний зөвлөлийн болон Байгаль орчны сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Монголын химич, химийн инженер технологичдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын химич, химич инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2008 оноос Ази-Номхон далайн орнуудын материал судлалын олон улсын академийн гишүүнээр, 2016-2017 онд Уул уурхай хүнд аж үйлдвэрийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүнээр, ШУА-ийн мэдээ сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, 2017 оноос ШУА-ийн Физик-математик-Химийн салбарын Бага чуулганы орлогч даргаар гээд олон сонгуульт ажилтай. (Инээв. сур) Химийн чиглэлээрээ Зөвлөх инженерийн зэрэгтэй шүү.

-Та нүүрсний чиглэлийн судалгаануудын удирдагчаар ажилладаг байх аа?

-“Нүүрсийг халууны аргаар боловсруулж нефть төстэй шингэн бүтээгдэхүүн гарган авах судалгаа” онолын суурь судалгааны сэдэвт ажлын, “Янз бүрийн чанар бүхий нүүрснээс идэвхжүүлсэн нүүрс гарган авч шинж чанар бүтэц байгууламжийг тогтоох” Монгол-Тайвань (Иланы их сургууль)-ийн хамтарсан эрдэм шинжилгээний төслийн, “Төмрийн хүдрийн түүхий эдийг нүүрсний нэмэлт ашиглан металлжуулах технологийн физик-химийн үндэс” Монгол-Орос (Уралын уул уурхайн их сургууль)-ын РФФ-ийн хамтарсан төслийн удирдагчаар тус тус ажилласан. Одоо “Монгол орны зарим ордын хүрэн нүүрсний хийжих ба шингэрэх шинж чанарын судалгаа” суурь судалгааны сэдэвт ажлын удирдагчаар, мөн Хятад-Монголын ШУА-ийн хамтарсан нүүрсний судалгааны төслийн Монголын талын удирдагчаар ажиллаж байна.

-Нүүрс болоод занарын талаар та юу хийв?

-Нүүрс, занарын судалгаагаар олон жил ажилласан хүний хувьд БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн 2005 хүртэлх хугацааны цогцолбор программын хүрээнд “Уголь” хэмээх хөтөлбөрийг 1998 онд батлуулсан. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2001 онд Засгийн газраар батлуулахад гар бие оролцлоо. “MCS- Улаанбаатар газ” компанийн Метанолоос жилд 100 мянган тонн диметилийн эфир үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан байна. “Шатдаг занар боловсруулах” хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж ШУА ба УУЯ-нд 2012 онд хүлээлгэн өгсөн дөө. “Багануур энержи корпорэйшн” компанийн Багануурын нүүрс шингэрүүлэх цогцолбор, “Монголын алт” компанийн Адуунчулууны хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан бензин үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдийн ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажиллаж УУЯ-ны эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар 2013 онд хэлэлцэж баталсан. Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбооноос 2013 онд боловсруулсан “Шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийн талаарх судалгаа”-ны багийн ахлагчаар ажиллаж ҮХААЯ-ны Үйлдвэрийг хөгжүүлэх шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлуулсан.


Онцлох нийтлэлүүд