ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.15 08:06

Актлагдсан мянган вагоны хэрэгт Д.Жигжиднямаагаас гадна салбарын сайд, дарга нарыг шалгаж эхэлсэн үү

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УБТЗын дарга Д.Жигжиднямааг АТГаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. АТГаас түүнд 2017 оны есдүгээр сарын 29нд Эрүүгийн хуулийн 22.1т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай хоёр ч хавтаст хэрэг нээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.


Д.ЖИГЖИДНЯМААГ БУРУУТГАЖ БАЙГАА ХОЁР ҮНДЭСЛЭЛ

АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс Д.Жигжиднямааг “2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой аж. Машин авахад зуучлагч нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн Д.Жигжиднямааг ОХУ-аас хэрэглээнээс гарч, актлагдсан хуучин мянган вагон оруулж ирэхдээ онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа гэдгийг тус газраас мэдэгдсэн.

Түүнчлэн түүний дээрх үйлдлүүд Зам, тээврийн сайдын 2014 оны аравдугаар сарын 14-ний 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журмыг зөрчиж байгаа гэх. ЗТХЯ-ныхан сайдын дээрх тушаал хүчинтэй гэдгийг баталсан. Гэтэл уг журмын 4.1.3-т “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 (гуравны нэг)-ээс хэтрэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин вагонууд оруулж ирсэн гэнэ. 2017 оны есдүгээр сарын 20-нд УБТЗ нийгэмлэг, түүний дарга Д.Жигжиднямаа худалдан авагч, “Максбридж ложистик” компанийг төлөөлөн Елена Титова нарын байгуулсан гэрээний хавсралтад байгаа баримтаас үзэхэд ОХУ-аас авч буй вагон нэг бүр нь 620 мянган рублийн үнэтэй аж. Дээрх вагонуудын үйлдвэрлэсэн хугацаа нь 1994-1995 оных гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ашиглагдсанаас хойш 23-24 жил болж байгаа гэнэ. Хуучин вагон нийлүүлж, дундаас нь онц их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэж АТГ-ынхан таамаглаж байгаа аж.

Ж.БАТ-ЭРДЭНЭ, Д.ГАНБАТ НАР “АРЬСАА” ХАМГААЛАВ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн “хуучин вагон ОХУ-аас худалдан авсан” гэх асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс эхлээд төрийн томоохон албан тушаалтнууд холбоогүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УБТЗ-ын мянган вагон оруулж ирсэн асуудал дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш, Д.Ганбатад хамаарна” хэмээсэн. Харин Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат “Намайг сайдаар ажиллаж байхад санхүү маш их хүнд байсан. Тийм учраас энэ санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ачаа тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, орлого олохын тулд Оросоос Хятад руу явж байсан нефть бүтээгдэхүүний тээвэрлэлт тасраад 12 жил болж байсан энэ үед Оросын талтай ярьж байгаад зөвшөөрүүлээд, жилд гурван сая хүртэл тонн нефть бүтээгдэхүүн явуулах асуудлыг шийдээд, вагон ачаанууд яваад эхэлсэн. Мөн Хятадаас Европ руу чиглэсэн чингэлгийн галт тэрэг Казахстанаас яваад эхлүүт хятадуудтай ярьж байгаад Монголынхоо нутгаар дамжуулж, чингэлгийн галт тэрэг явуулахаар болоод, чингэлгийн галт тэрэгний хэмжээ 3.3 дахин нэмэгдсэн. Мөн дотоодын нүүрс тээвэрлэлт эрс нэмэгдэж, Тяньжин боомт хүртэл анхныхаа цувааг гуравдагч орны зах зээл рүү гаргасан гээд ачааны хэмжээ эрс нэмэгдэхэд, ачаа тээвэрлэх вагон дутагдаж эхэлсэн. Энэ үед би Жигжиднямааг дуудаад, Оросоос 8-10 жил ашиглаж болохуйц хуучин вагонууд оруулж ирээд, тээвэрлэлтээ хийхгүй бол бидэнд нэмэгдэж буй ачаа урсгалаа тээвэрлэхэд хүндрэл үүсчихлээ. Дотоодынхоо инженер техникийн хүчээр нэгдүгээрт, зүтгүүрээ энд угсаръя, хоёрдугаарт, вагон хажуугаар нь үйлдвэрлэе гэсэн чиглэл өгсөн. Намайг сайд байхад эхний долоон вагоныг үйлдвэрлэсэн. Ажлаа өгснөөс хойш энэ ажил зогссон. Ачааны вагон угсрахаа болиод, миний өгсөн үүргийн дагуу вагон оруулж ирэх асуудлыг хөөцөлдсөн нь үнэн.

Бүр хуучин вагон Монгол руу оруулж ирж болдоггүй. "Ашиглах боломжгүй хуучин вагон орж ирлээ" гэсэн мэдээлэл ирэнгүүт би Жигжиднямааг дэд сайд Цогтгэрэлтэй хамт өрөөндөө дуудаж оруулж ирээд “Энэ ажлаа зогсоо, ийм хуучин вагон яахаараа оруулж ирдэг юм бэ. Сайн судалж байж вагон оруулж ир” гэхэд “Энэ вагоныг ойр зуурын засвар үйлчилгээнд, Зүүнхараагийн ачааны вагоны засварын газарт ашиглаж байгаа юм гэж тайлбарласан” хэмээн ярилцлага өгсөн. Салбарын сайдаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа улстөрчид хуучин вагон оруулж ирж байгаа асуудалд өөрсдийгөө хамгаалж ийнхүү байр сууриа илэрхийлээд байгаа. Салбарын сайдууд айж сандарч мэдэгдэл хийх болсон нь Д.Жигжиднямаагаас гадна салбарын сайдаар ажиллаж байсан, дэд сайд, хэлтсийн дарга нарыг шалгаж эхэлсэнтэй холбоотой бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙГ ЭЗЭРХИЙЛЭЭД БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООСОН ГЭВ

Хуучин вагон оруулж ирсэн асуудалтай холбоотойгоор УБТЗ, Зам, тээврийн хөгжлийн яамны зарим мэргэжилтнүүд “Мянган вагон тийм ч төмрийн сэг болчихон зүйл байхгүй. Эвдрэл ихтэй, хэт хуучирч элэгдсэн вагон байгаа. Гэхдээ засч янзлаад авчих юм бол 20 жил ч ашиглах боломж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийг УИХ-ын гишүүний компани эзэгнэх болсон. Бүр монополь болчихоод байгаа юм. Үүнийг таслан зогсоох, хоёр хөршийг дамжуулан төмөр замаар тээвэр хийж, улсад ашиг олох үүднээс хямд вагон авсан байх. Хэрэв шинэ вагон авна гэвэл маш өндөр үнэтэй байдаг. Сүүлийн үед хуучин вагон оруулж ирсэн асуудлыг улс төржүүлж байна. Үүний цаана мэдээж төрийн томоохон албан тушаалтнуудын ашиг орлого олох гэсэн далд санаа нуугдаж байгаа байх” гэх тайлбар өгч байна лээ. ОХУ-аас ирсэн хуучин вагоныг Сэлэнгэ аймгийн Мандал суманд засч янзалж байгаа гэнэ. Д.Жигжиднямаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан гэх дээрх хэрэг АТГ-т ийм байдалтайгаар шалгагдаж байна.


Онцлох нийтлэлүүд