Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2017.01.13 08:01

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (III)

Түрүүч нь "Өдрийн сонин"-ы №006, 007 (5573, 5574) дугаарт

Ард түмний талбайн хэсэг л Туул гол руу очих боломжтой байна

Хэнтийн нурууны хөвчийн өндөр уулын салаа ам болгоноос оргилон гарсан тув тунгалаг булаг, шанд, рашаан, жижиг гол, горхи бүгд Туул голын их бэлчирт нийлдэг билээ. Тэндээс хатан Туул зэлэндээ номхроогүй унага шиг цовхчин, цэлэлзэж, Улаанбаатарын зүгт урсана. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт тосгон хүртэл Туулын цэнгэг урсгал цэлэлзэн мяралзан урсана. Алд дэлэм тул, бусад загас, жараахай тунгалаг усанд нь эрх дураараа сэлж, хүн, ан амьтан, мал ундаална. Монгол Улсын сая гаруй иргэн Туул голын тунгалаг усыг ундныхаа усанд хэрэглэж байна. Хэдэн жилийн өмнө амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан Монгол Улсын гавьяат багш, Найдангийн Батсүх Монголчууд ийм цэвэр тунгалаг Туул голын усыг ундандаа хэрэглэж, хувцсаа угаадаг мөн ч их хувь тавилантай шүү. Ийм тунгалаг гол дэлхийд ховор хэмээн ярьж билээ. Ийн нийслэлчүүдийг ундаалсан Туул гол таван аймгийн 37 сумаар дайран торгон долгио хаялан мяралзан урссаар Орхон голд цутгадаг билээ. Хэдэн жилийн өмнө Туул голын хөвөөнд хэн ч очиход амархан байлаа. Урин дулааны цагт хүүхэд, хөгшидгүй автобусанд сууж очоод л голоо өгсөж, Туул голын торгон ногоон зүлгэн дээр сууж, голын усанд умбан шумбадаг байв. Өвлийн улиралд зарим хэсэгт нь хүүхэд, багачууд гэлтгүй томчууд өдөржин тэшүүрээр гулгаж тоглодог байв. Харин өдгөө Богдхан уулын ар хормойг эмжин буй Туул голд очиж тоглох нь битгий хэл ойроос харж ч чадахгүй болжээ. Хэдэн үеэрээ алтанхан Туул минь хэмээн сүсэлж ирсэн Туулын эргийг хэдхэн хүн эзэмшиж, хүн байтугай мал ч ойртуулахгүй хашаалж, өндөр харуул хамгаалалтад авсан нь даанч харамсалтай.

ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАРИГДАЖ БАЙГАА ЗОЧИД БУУДЛЫН ЦААД ЭЗЭД НЬ Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ ГЭВ

Монгол төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийнхээ хугацаанд гэр бүлээрээ амьдардаг Их тэнгэрийн аманд газар зарсан асуудал гарсан. Богдхан уулын дархан цаазат бүс нутагт хамаарагддаг Их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах боломжгүй байдаг. Гэтэл АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барих шалтгаанаар өнгөрсөн жил газар зарсан байдаг. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр бид Их тэнгэрийн аманд очлоо. Туул голын эрэг дагуух Их тэнгэрийн ам, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалдаг газрын хажууханд хэд хэдэн барилга баригдаж эхэлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Шинэхэн групп” нэртэй компанид Их тэнгэрийн амны уг газарт үндэсний цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар олгосон байна. “Шинэхэн групп”-ийн захирлаар Ж.Сансар гэх залуу ажилладаг юм билээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд газрын гэрчилгээг хэдэн ч удаа сунгуулж болно хэмээн заасан байдаг аж. Их тэнгэрийн аманд зочид буудлын барилга барьж байгаа “Шинэхэн” группийн захирал Ж.Сансар нь МАН-ын засаглалын үед буюу 2007-2010 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан байдаг. Өмнө нь нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэдэг. Гэвч уг газартай холбоотойгоор “Их тэнгэрийн амны 7.4 га газрыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Ц.Баярцогт нар зарсан. Цаад эзэн нь энэ хоёр эрхэм. Аялал жуулчлалын зориулалтаар хэмээн газрын эрхээ авсан ч одоо баригдах барилгууд нь орон сууцны зориулалттай” хэмээн яригдаж байна.


“М-Си-Эс” групп Богдхан ууланд хууль бусаар хайрга олборложээ

ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ, ГОЛООС 30 АЛХМЫН ЗАЙД БАРИЛГА БАРЬЖ БУЙ “МОГУЛ ИБИЗ” КОМПАНИ

Их тэнгэрийн амнаас Туул голоо өгсөн явсаар Хан-Уул дүүргийн Маршалын гүүрний зүүн талд Могул ибиз компанийн захиалгаар баригдаж байгаа Khan hills residence орон сууцны хороололд очлоо. Самбарт хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч Агар арвижих компани гэсэн байв. Уг хороолол тэр чигээрээ Туул голын ай сав газарт баригджээ. Бүр Туул голын эргийн бургасыг хядчихсан байна. Тэгээд зогсохгүй хэдэн километр үргэлжилсэн урт, өндөр хашаа хатгажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Г.Батхишигтэй ярилцлаа.


-Туул голын эрэг дээр орон сууцны барилга баригдаж байгаа юм байна. Энэ хавийн иргэд хууль бусаар баригдаж байгааг эсэргүүцээд чадаагүй гэсэн үү?

-Тийм ээ. Бид чадах чинээгээрээ л эсэргүүцсэн. Мэргэжлийн хяналт, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрыг хамгаалах газар гээд л мөн ч олон газарт хандсан. Гэвч Туул голын бургасыг огтолж, дээр нь барилга барьж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох газар Монголд олдоогүй. Туул голоос 30 алхам хүрэхгүй газарт л барилга баригдаж байна шүү дээ.

-Голын эрэг дагасан газар дээр барилга барьж байгаа компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэхээр дарамт шахалт ирдэг гэсэн үү?

-Биднийг “Энд хууль бусаар барилга барьж болохгүй. Хаанаас зөвшөөрөл авсан юм бэ” гэхээр барилга баригчдаас маш их дарамт шахалт ирдэг. Шоронд олон жил болсон хүмүүсээр дарамтлуулна, гэрийн гадаа бөө нар авчирч хэнгэрэг цохиулна. Мөнгө өгье гэж нэг нэгээр нь дуудах гээд янз бүрээр дарамталдаг. Сүүлдээ бид Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа компаниудыг эсэргүүцэхээ больсон. Ирэх жилээс нийслэлчүүд Туул голын эрэг дээр амрахдаа мөнгө төлдөг болох байх. Одоо Богдхан уул руу амралтын өдрүүдээр хүмүүс гарахдаа дандаа мөнгө төлж байна шүү дээ. Аль нэг компанийн хашаагаар дамжин гарсан гээд л 2000 төгрөг төлж байх жишээний. Мөнгө өгөхгүй бол Богд уул руу явах зам, газар, нүх сүв байхгүй юм чинь. Яг үүнтэй адилхан Туул гол руу Улаанбаатар хотынхон очихдоо мөнгө төлдөг болох байх.

-АСЕМ-д зориулж барьсан барилга, орон сууцуудыг томчууд худалдаж аваад дууссан гэж үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Дуусаагүй байсан барилгуудыг бариад бараг дуусгачих шиг боллоо. Том, жижгээс нь хамаараад 4-6 тэрбум төгрөгөөр худалдаж авч байна гэсэн. Томчуудын хороолол нэгээр нэмэгдэж байгаа хэрэг. Туулын эрэг дагаж барьсан энэ хашаанууд ч ялгаагүй томчуудынх. Бүгд өөрсдөө амьдрах, бусдад зарж борлуулах орон сууц, хаусуудаа барьж байна. Бүгд хууль бус. Ядаж л усны тухай хууль, газрын тухай хуулийг зөрчсөн байхад мэргэжлийн байгууллагынхан яаж ч чадахгүй байсаар сүүлийн 20 жилд Туул голын эрэг тэр чигтээ барилга болчихлоо. Хэдэн жилийн дараа Туул хотхон дундах гол болох биз.

БОГДХАН УУЛАНД “MCS” ГРУПП ХАЙРГА ОЛБОРЛОСОН БАЙНА

“АСЕМ вилла” хотхоны барилга, орон сууцуудыг “MCS” групп худалдаж байгаа юм билээ. Мөн тус групп Богдхан ууланд “Скай резорт” цанын бааз ажиллуулж байгаа. Олон зуун аж ахуйн нэгж, Монголыг хэрэн сүлжсэн худалдааны бизнестэй атлаа тус группийнхэн “АСЕМ вилла” хотхоныг барихын тулд цанын баазынхаа хажууханд, Хүрэлтогоот руу явах замд буюу Богдхан уулнаас хайрганы олборлолт хийсэн мэдээлэл байна. Зуны цагт хамгаалалтын албаныхан огт оруулдаггүй энэ газарт “MCS” групп хуулийг гууль болгож байгаагийн нэг л жишээ энэ гэхэд хилсдэхгүй болов уу.

АРД ТҮМНИЙ ТАЛБАЙ ДЭЭР ТӨРИЙН ЦАГДАА “ЖААЛДАГ”

Жирийн иргэд Туул гол дээр очдог ганцхан газар байна. Тэр нь Ард түмний талбай хэмээн нэрлэгдэх болсон хэсэгхэн тэгш талбайтай газар. Туул гол руу очихын тулд хэсэгхэн бургасыг гаталж голынхоо эрэг дээр очно. Цаг агаар дулаарахаар эндхийн замын хажуугаар хүн багтахаа больж, голын эргээр нийслэлчүүд чихэлдэнэ. Арай гэж олдсон алга дарам энэхэн газартаа чихэлдэн байж Туул голынхоо шуугин урсах чимээ, бургасны салхины аясаар шуугих, шувуудын шулганан жиргэх чимээг сонсоно. Өндөр настай нь сүүдрэвчинд даалуу тоглож, талбай дээр нь аав нар хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож, залуу хосууд голын эргээр алхана. Мөн зарим нь хуушуур, шорлог хийж, ундаа, цэвэр ус зарна. Ийн амарч, их хотын стресс, дуу шуугианаас тасрахын тулд л хүмүүс Туул гол руу өвөл, зунгүй тэмүүлнэ. Гэвч тухлах газаргүйн дээр эргүүлийн цагдаа нар байсхийгээд л ирж, энд зөвшөөрөлгүй хуушуур хийж, шорлог зарлаа. Ундаа, ус зарж болохгүй гээд л хамаг юмыг нь хурааж аваад л төр төмөр нүүртэй гэдгээ ард түмэндээ харуулна. Ийм атлаа Туулын эргийг сэтэлж, тэгшлэн байж барьж байгаа барилгын компаниудад, эздэд нь юу ч хэлж чадахгүй.

Туул голын эрэг дээр барилга барьсан төрийн түшээд, бизнесмэнүүдийн амрах өрөө нь үнэн тансаг байх юм билээ. Өнгөрсөн зун ажлын өрөөний хаалгыг онгойлгоод арав хүрэхгүй алхаад л Туул голын усан дээр очдог. Цонхоо онгойгочихоод л Туул голын шуугин урсах дуунд ажлаа хийж байгаа нэгэн захирлын өрөөнд орсон юм. Мөн цэлгэр том цонхоор гол бүхэлдээ харагдсан байрлалтай хэд хэдэн компани тэнд байсан. Гэтэл нийслэлийн сая гаруй иргэн өдгөө энэ л алга дарам талбай дээр ээлжээр шахуу ирж, Хатан туулынхаа тунгалаг долгиог харах л хувьтай болжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 2011 ОНООСХОЙШ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ

Туул голоо өгсөж явсаар Баянзүрх дүүргийн товчоо орлоо. Голынхоо хойд эргээр хэд хэдэн иргэн аялал жуулчлалын чиглэлээр газар өмчилж авсан сураг дуулдаж байв. Баянзүрхийн товчооноос дээш өгсөөд явахаар Туул голын хойд эрэг дээр “Монгол шилтгээн”, “Шинэ Монгол”, “Цэнхэр мандал”, “Их хайрхан” зэрэг амралтын газар цуврах ажээ. Мөн хаусууд энд тэндгүй баригджээ. Харин Баянзүрх дүүргийн товчооноос дээш Туул голоо өгсөхөөр одоохондоо голын урд захад барилга баригдаж эхлээгүй байна. Гэхдээ цахилгааны том том шон баригдсан байна лээ.

Туул голын онцгой бүсэд албан бус тоогоор 850 компани барилга барьсан гэнэ. Мөн энгийн хамгаалалтын бүсэд 3307 аж ахуйн нэгж, иргэн барилга барьсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилгуудад хамгийн сүүлд 2011 онд шалгалт хийсэн байна. Түүнээс хойш нэгдсэн хийгээд хэсэгчилсэн байдлаар нэг ч удаа шалгалт хийгээгүй гэдгийг тус газрын мэргэжилтнүүд хэлж байв.

ТУУЛ ГОЛ МАН, АН, МАХН-ЫН ГИШҮҮДИЙН ӨМЧ БОЛЖЭЭ

Цагдаагийн байгууллага Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилга, хууль зөрчиж буй асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн удаа дараа шалгасан байна лээ. Гэвч улс төрийн МАН, АН, МАХН, зэрэг намуудын гишүүд Туул голд эзэн суусан учир прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгодог байна. Нэр бүхий томоохон улстөрчийн ганцхан компанийн байгальд учруулсан хохирол нь хэдэн тэрбум төгрөг давсан үнэлгээ гарсан байна. Гэвч дээрх аргаар хэрэгсэхгүй болж, харин ч барилга, шилтгээнүүд нь өдгөө сүндэрлэж байна.

Туул голын эрэг дагуу хэдэн өдөр явж ийн сурвалжлага бэлтгэв. Голын мөсөөр л явахгүй бол битүү хашаа татчихсан, эрэг рүү хүн орох зай завсар алга. Хашааг нь даваад орох юм бол хувийн өмчид халдсан гээд цагдаад шалгагдах асуудал үүсэхээр юм. Эс бөгөөс Туул голын эргийг харж чадахгүй, компаниудын залгуулан барьсан хашааг даган давхисаар Баянзүрхийн товчоо өнгөрч байж арайхийн эргийг нь үзэж болохоор болжээ. Ингэж л “Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болсон байна. Өмнөх Засгийн газруудын үед аялал жуулчлалын гэх нэрээр олгосон газрын зөвшөөрлүүдийг одоогийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цуцлах бүрэн эрхтэй. Хэрэв ингэж чадвал алтан тэвшийн хөндий ард түмний өмч хэвээр үлдэх юм.

Ард түмэн очиж чадахаа больсон, алттай арваадхан айлын өмч болсон, тунгалаг Туул минь ай хөөрхий.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд