Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Онцлох нийтлэл
2017.01.16 11:01

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны дээд эх хүртэлх Туул голын эрэг даган хэдэн өдөр явж, сурвалжлага бэлтгэлээ. Үнэндээ жирийн иргэд бид Туул гол руу шууд яваад орох ямар ч боломжгүй болжээ. Голын эрэг дагаад битүү төмөр хашаа татсан байлаа. Нэг хашаа дуусахад дараагийн хашааг яг залгуулаад барьчихсан байх аж. Мөн Туул голын эргийг тэгшилж, шороо овоолж нягтаршуулаад хөл гишгэх зайгүй орон сууцны барилга, хаус, худалдааны газар, баар, ресторан барьжээ. Шуудхан хэлэхэд, Алтан тэвшийн хөндий хэмээн нэрлэгдэх болсон Туул гол Монголын хэдхэн эрх мэдэл, өндөр албан тушаалтай толгой баячуудын мэдэлд очжээ.

Сайд Г.Мөнхбаярын гэгдээд байгаа “Элеганс” хотхоны барилга

САЙД Г.МӨНХБАЯР ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙ, ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Сонсголонгийн гүүрний хажууханд “Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд дүнхийн харагдах ажээ. Хотхоны барилгыг голын эрэг дээр яг тулгаад барьчихсан байх юм. Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр борлогдох “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны цонхоор Туул гол мэлтэлзэж, шугуйнх нь бургас алган дээр тавьчихсан мэт ойрхон харагдахаар цэлгэр цонхтойгоор зохион байгуулалтыг нь хийсэн байна.

Ирэх хавар гэхэд барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад орох юм гэнэ. Зурагчинтайгаа хамт баригдаж байгаа барилгын тэр хавиар хэсэг явж үзлээ. Туул гол руу орох газар битгий хэл нүх сүв үнэндээ байсангүй. Аргаа бараад барилга манаж байгаа харуул хамгаалалтын залуутай уулзлаа. “Энэ хавиар Туул гол руу орох газар байна уу. Танай компанийн хашаа тулчихаад гол руу орж болохгүй юм” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс гайхсан байдалтайгаар харж байснаа “Та нар энэ хавиар Туул гол руу орно гэж байхгүй. Хүний хувийн эзэмшилд шууд халдсан болно. Уг нь манай хашаагаар дамжаад орж болдог юм. Гэхдээ та нарыг бид оруулж болохгүй. Дарга нарт толгойгоо хяргуулна. Төв цэвэрлэх байгууламжийн доод талаас орж болно. Эсвэл Яармагийн гүүрний тэр хавиас ордог газар байгаа” хэмээн гараараа занган зааж өгөв. Туул гол руу тулгаад баригдсан “Элеганс” хотхоны газрыг хэдэн жилийн өмнө дуудлага худалдаанд оролцож, хоёр тэрбум төгрөгөөр авсан гэнэ. Голынхоо эрэг дээр наран шарлагын газартай, “Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлттэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг, нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ.Дээрх барилгын цаад эзэн нь хотын Засаг дарга асан, одоо Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Эндээс эхлээд л голоо өгсөөд баячууд Туулыг эзэгнэж байна. Сонсголонгийн гүүрнээс доош Туул голыг арьс, ширний үйлдвэрүүд бохирдуулдаг. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой холилдон урсдаг болохоор тоож газар авах хүн байхгүй. Харин түүнээс дээших тунгалаг ус урссан Туул голын хөвөөг хэдхэн хүн эзэмшиж байна.

Сайд асан Р.Бурмаагийн дүүгийнх нь уурын зуух, Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа газар

Р.БУРМАА САЙДЫН ДҮҮ БОГИНЫН АМЫГ ТЭРЧИГТ НЬ ЭЗЭМШИЖ, ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭРБАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА

Туул голоо өгсөөд явлаа. Яармагийн гүүр өнгөрч, Богинын ам арай хүрэлгүй шинээр тавигдсан хурдны замын хажууханд дунд оврын уурын зуух баригдсан байлаа. Туул голоос 30 метр хүрэхгүй зайтай юм. Мөн голын өндөрлөсөн эргийн шороог тэгшилж, дээрээс нь шороо нэмж асгаад газрыг нь тэгшилжээ. Энэ газрын эзэн нь нийслэлчүүд өвлийн улиралд олон жилийн турш гулгадаг байсан Богинын амыг бүхэлд нь авчихаад байгаа Р.Бадрал гэгч гэнэ. Р.Бадрал нь УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү юм байна. Өндөр настай иргэдийн тарьсан 200 гаруй модыг бүгдийг нь сүйдэлж барилга барьсан байдаг. Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн. Ардчилсан намын ахмад гишүүдийн суулгасан модыг бүгдийг нь сүйтгэж, газар дээр нь барилга барьсныг нь харж байгаа биз дээ” гэв.

“Бөхбат” компани Туул голын эрэг дээр хотхон барьжээ

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН ХОЙД ЭРГИЙГ ЭЗЭМШИГЧ “СТАНДАРТ ГРУПП”

Туул голын ай сав газарт 30 гаруй айл тог цахилгаангүй амьдарч байна. Дээрх айлуудад газрын гэрчилгээ, хаягжуулалт огт хийгдээгүй байна. Тэр битгий хэл цахилгаангүй гурван жил болж байгаа аж. Ингээд голоо өгсөж явсаар Зайсангийн гүүрний баруун талд хүрээд ирэв. Зайсангийн аманд барилга барьж, газрын маргаанаас болж оршин суугчидтай тэмцэлдэж байсан “Бөхбат” компанийн барьсан орон сууцны хотхон яг Туул голын эрэг дээр тулаад сүндэрлэжээ. Хэдэн жилийн өмнө баригдаж дуусаад, хэдийнэ иргэд худалдаж аваад дууссан байв. Ингээд зогсохгүй Зайсангийн гүүрнээс эхлээд Туул голын хойд эрэг дагуу битүү барилга, орон сууц баригдсан байна лээ. Мөн л голын эрэг рүү хүн очих ямар ч боломжгүй. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай. Хэрэв гадны хүн орох бол хотхоны хашаагаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ харуул хамгаалалтын ажилтнууд хаашаа, хэн гэдэг айл руу орох гэж байгааг камерын тусламжтайгаар бүрэн хяналтдаа байлгадаг. Хэрэв Туул голын эрэг рүү шууд явах юм бол хамгаалалтын ажилтнууд барьж аваад цагдаа дуудаад өгчихнө. Цагдаа нар бусдын хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр саатуулан шалгаад голын эрэг орж салхилах биш шоронгийн хаалга татах дээрээ тулна. Голын хойд талын эргийг тэр чигт нь эзэмшиж, хөл гишгэх зайгүй хотхон барьсан дөрвөн компани байдаг. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд нийлээд ч дийлдэхээ байсан “Стандарт групп”-ийн барилгууд энд сүндэрлэнэ. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл дээрх группийн газар бий.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрний баруун талд амралт, зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргаж байсан аж. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулсан гэнэ. Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг 90034 ам метрээр нэмэгдүүлсэн байдаг аж. Энэ мэт явсаар 23.3 га болгосон байна. Анх амралт, зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болж хувирчээ. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг аж. “Стандарт групп” өөрийн охин компани болох “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл”–ийн нэр дээр газраа хуваан эзэмшүүлэх болжээ. “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас гурван ч удаа зогсоож, акт тавьсан байна. Туул голын эргийн бургасыг огтолж, дээр нь барилга барьсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж “чадалгүй” барилгууд сүндэрлэжээ. “Стандарт групп”-ийн захирал нь Д.Батаа гэж хүн байдаг гэнэ. Энэ хүний ард талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байсан юм.

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК-тай “River Garden” төсөл хамтран Богдхан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газарт 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй таун хаус, пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга барьжээ. Мөн “Маршал таун” хотхон, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү хурд” хотхоны барилгууд энд сүндэрлэнэ. Эдгээр хотхон бүгд Туул голын эрэг дээр хууль зөрчин баригдсан гэдгийг хууль хяналтынхан мэднэ.

Мөн Туул голын урд талын эрэг дээр Зайсангийн гүүрний зүүн талд бурхантай хөшөөний эсрэг талд Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bel­la vista” гэх тансаг хотхон сүндэрлэнэ. Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх ёстой хуулийг дээр дурдсан бүх барилга, орон сууц, хотхон илтэд зөрчжээ. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч дээрх барилгууд эдгээр заалтыг бүгдийг зөрчсөн ч тэдэнд хэн ч хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоож дийлэлгүй өдгөөг хүрчээ. Үүнд хяналт тавьсан хууль хяналтын байгууллага гэж огт байхгүй. Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bella vista” хотхоныг гэхэд л Туул голын эргийг шороогоор дүүргэж, тэгшилж байгаад л барьсан байдаг. Цэлгэр том цонхоор нь зуны цагт голын ус мэлтэлзэнэ. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди амьдарч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр түрээсэлж, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар амьдарч байгаа билээ. MCS группийн “Bella vista” гэх тансаг хотхонтой хаяа дэрлэн “Оюуны ундраа” группийн барилга сүндэрлэж, голын эргийг дагаад өндөр хашаа барьжээ.

“Оюуны Ундраа групп” Туул голын эрэг дээр яг тулгаад шилэн барилга дүнхийтэл нь барьчихжээ. Шилэн барилгын зүүн талаар Туул голын эрэг рүү очих санаатай зурагчнаа дагуулаад явлаа. Тэгсэн хоёр хамгаалагч бид хоёр руу хар хурдаараа гүйсээр хүрээд ирэв. “Юун хүмүүс яах гэж яваа юм. Ямар зорилготой энэ хавиар эргэлдээд байна. Манай компанийн эзэмшлийн талбайгаас яг одоо гар. Гарахгүй гэвэл цагдаад барьж өгнө” гээд л сүйд болдог юм байна. Бид хоёр ч Туул голын эрэг орох санаатай явж байгаагаа учирлаж хэлсэн юм. Тэгсэн өөдөөс “Газар мундсан биш энэ хавиар ордог нь яаж байгаа юм. Үхлийн шугуй хавиар орохгүй юу. Намхан цагаан хашаан дээгүүр нь даваад ор. Энэ газар та нарын ордог газар биш” гээд хөөлөө. Энэ мэтээр Туулын эрэг рүү энгийн иргэн орж чадахааргүй болжээ. “Оюуны Ундраа групп” худалдааны төв, өндөр зэрэглэлийн ресторан гээд л олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. MCS группийн барьсан “Bella vista” хотхон шиг л ерөөсөө усны, энгийн, тусгай хамгаалалттай газар нутаг, барилгын гээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт бүрийг зөрчөөд барилга барьчихсан байх юм. Хэн, ямар замаар зөвшөөрөл өгсөн. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтыг хэрхэн аргалж, Туулын эрэг дээр барилга барих болов гэдгийг мэдэх хүн алга. Гэхдээ энэ газрын зөвшөөрлийг БОАЖЯ-ны газрын дарга аялал жуулчлалын чиглэлээр өгсөн нь тодорхой байгаа юм.

“Оюуны ундраа” групп Туул голын эрэгт тулган ийм барилга барьжээ

“Оюуны Ундраа групп” шилэн барилгаа залгуулаад мөн л Туул голын эргийг хэдэн зуун метрээр хашаалчихжээ. Өндөр цэнхэр, төмөр хашаагаар бүхэлд нь Туул голын тэр хавийн эргийг хашаалаад авчихсан байна лээ. Цаг агаар дулаарахаар барилгын ажил хийгдэх нь тодорхой харагдаж байв. “Оюуны Ундраа групп” Зайсан толгой дээр ёнхийсон том шилэн барилга барьсан. Зайсан толгойн гэрэлт хөшөөг тэр чигт нь халхалж, шилэн барилгаа сүндэрлүүлсэн байгаа. Мөн “Оюуны Ундраа групп” Зайсан толгойд тэр хавийн хамгийн том соёл амралтын бүтээн байгуулалт болох “Зайсан Хилл” төсөл хэрэгжүүлж буй. Зайсан-Соёл Амралтын Цогцолбор”, Худалдаа Үйлчилгээний “Зайсан Скуэр Төв”, нийтийн тээврийн тусгай үйлчилгээний “Air-360 Улаанбаатар”, тансаг зэрэглэлийн орон сууцны “Скуэр Резидэнс” зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Богдхан уул, Зайсан толгой, Хатан Туул голыг хамгийн их эрх дархтайгаар эзэмшиж, байна. “Оюуны Ундраа групп” хууль журмыг уландаа гишгэж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр бүгдийг шийдэж болдог гэдгийг тод харуулж байна. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг “Оюуны Ундраа групп”-ийн эзэд болох С.Отгонбаяр, С.Амарсайхан нарт сануулаад өгөх төрийн байгууллага, хууль хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Монголд байхгүй аж.

ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙГ ҮХЛИЙН ШУГУЙТАЙ ХАМТ ХАШААЛСАН НУУЦ НОЁНТОН ХЭН БЭ

“Оюуны Ундраа групп”-т Туул голын эргийг хашаалсан төмөр, цэнхэр хашааны цаад талд солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байна. Солонгосын Элчин сайд, бизнесмэнүүд гээд л солонгосчууд энд ирдэг гэнэ. Анх “Ноёд” группийн захирал Ц.Буяндорж Туул голын эрэг тулгаад аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч, түүнийгээ солонгосчуудад өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл байна. Солонгос ресторан өнгөрөөд өндөр, саарал төмөр хашаагаар Туул голын шугуйн бургас, эргийг тэр чигт нь хашаалаад авчихжээ. Энэ хашааны эзэн хэн бэ гэдгийг хууль хяналтын байгууллага, Богдхан уулын захиргаа тогтоож чадаагүй байна. Мөн Туул голоос барилгын компаниуд хайрга олборлож, маш том хэмжээтэй нүх гаргачихаж. Улмаар тэр нь цүнхээл болж, сүүлийн жилүүдэд иргэд тэнд хэдэн арваараа живж үхсэн баримт бий. Зундаа 15-20 орчим хүн цүнхээлд живж харамсалтайгаар амь насаа алддаг. Иргэд голын захын гүехэн усанд алхаж байгаад гэнэтхэн цүнхээл ус руу хөл алдаад живдэг аж. Үүнээс үүдэн тэр орчмыг “Үхлийн шугуй” хэмээн нэрлэх болжээ. Үхлийн шугуйгаас бөөгийн овоо өнгөртөл 500 гаруй метр урттай газрыг мөн л нэр нь үл мэдэгдэх хүн хашаалжээ. Энэ Богдхан уулын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба, Мэргэжлийн хяналтынхан энэ хашаанд огт хүрдэггүй байна. БОАЖЯ-наас хүртэл хэн энд хашаа хатгасан бэ гэдэг асуултад мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Тэгсэн мөртлөө хашааг нь хэн ч буулгаж зүрхэлдэггүй. Туул голын эргийг цагаан өнгөтэй төмөр хайсаар хашаалсан УИХ-ын эрхэм гишүүн байдаг гэх мэдээлэл ч байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын газар гэх мэдээлэл ч бидэнд ирж байлаа. Газрын эзэн нууц ноёнтон хэзээ ил гарах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч нэг л өдөр харуул хамгаалалт гаргаж, голын эрэг дээр байшин барилга сүндэрлэн босох нь тодорхой юм.



“АПУ”-гийн Г.Батхүүгийн Туул голын эрэг дагуу барьсан хашаа

БАГА ТЭНГЭРИЙН АМНААС БӨӨГИЙН ОВОО ХҮРТЭЛХ ТОМ ХАШАА АПУ-ГИЙН Г.БАТХҮҮГИЙНХ

Хурдны замын урд талд, Туул голын эргээс 30 гаруй метрийн зайтай том, саарал төмөр хашааг битүү барьжээ. Энэ саарал хашааг бөөгийн овоо хүртэл барьсан байх аж. Хурдны замтай тулгаж барилга барихаар төлөвлөж байгаа юм байх. Хашааны зүүн талд дөрвөн давхар хаусны барилга барих гээд бетон цутгалтыг нь хийчихсэн байна лээ. Ингээд бөөгийн овооны 20 хүрэхгүй метр газрыг үлдээгээд дараагийн том өндөр төмөр хашаа угтах аж. Нэг захаас нөгөө зах нь харагдахүй тийм урт саарал хашаа байх юм. Яагаад хурдны замтай тулгаад голын эргээс 50 метр хүрэхгүй зайд хашаа барьсан гэдэг нь мөн л тодорхойгүй юм билээ. Холбогдох газрынхан “Зөвшөөрөлгүй баригдсан хашаа. Хэн хашаа барьчихаад байгааг бид мэдэхгүй байна” гэж хариулж байна лээ. Мөн тэр хавьд амьдардаг иргэд ч дээрх хоёр том хашаа хэний хашаа болохыг огт мэдэхгүй байв. Иргэд “Нэг шөнийн дотор Туул голын эрэг дагуух замыг бүрэн хаасан. Тэгээд л хашаагаа ачиж ирээд хэдэн залуус шөнөжин бариад хоносон. Маргааш өглөө нь хашааг бүрэн босгож дуусаад л яваад өгсөн. Хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаа нар ирээд хөдөлгөөнийг нь зохицуулж, замыг хааж өгсөн шүү дээ” хэмээн ярьж байсан юм. Дээрх хоёр компани бөөгийн овооны хэсэгхэн газрыг үлдээгээд бусад газрыг тэр чигт нь хашаалчихсан байлаа. Гэхдээ албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хашаа АПУ-гийн захирал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийнх гэнэ. Тэрбээр энд мөн л байшин барилга барихаар төлөвлөөд байгаа аж.

“Сод Монгол” группийн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд зочид буудал, хаус хууль зөрчин барьж байна.

БАГА ТЭНГЭРИЙН АМАНД СОД МОНГОЛ ГРУППИЙН Ц.АНАНДБАЗАР ЭЗЭН СУУЖЭЭ

Туул голын эрэг дээр Бага тэнгэрийн амны газрыг УИХ-ын гишүүд, үе үеийн сайд нар хуваагаад авчихсан байдаг. С.Баяр, Н.Баганбанди, “Жаст” группийн Ш.Батхүү, Л.Гансүх, Ерөнхий сайд асан С.Батболд, Н.Энхболд зэрэг улс төр, бизнесийн салбарынхан аж төрдөг. Мөн “Сод Монгол” групп эзэн суужээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Зүүнбаян рэйфанери” ХХК-д дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн ч энд барилга сүндэрлэжээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Их Ончууд” ХХК 1.54 га газар “Монгол аутдор” ХХК 1.5 га авсан байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар тэр чигт нь эзэмших болжээ. Бүр “Бага тэнгэрийн ам” гэх аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд ч зогсохгүй улсын хөрөнгөөр дулааны шугам Бага тэнгэрийн ам руу татсан байна. Туул голын эрэг, хурдны зам дагаад хэдэн тэрбум төгрөгөөр дулааны магистрал шугам тавьсан байна лээ. Өндөр зэрэглэлийн зочид буудал, хувийн хаус, амралтын цогцолбор гээд л хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө тэнд босч байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай бүх хуулийг зөрчин төсөл хэрэгжиж байна. Бага тэнгэрийн ам руу татсан дулааны шугам тавьсан зардлаар Долоон буудлын гэр хороолол руу дулааны шугам тавьсан бол Нийслэл хотыг утаанаас салгах боломж байсан. Долоон буудлын зам дагуу шугам тавиад өгөхөд л айл болгон мөнгө гаргаад дулааны шугам татаад нүүрс түлэхгүй суух боломжтой. Гэвч төрийн томоохон албан тушаалтан, бизнесийн салбарынханд зориулж Бага тэнгэрийн ам руу дулааны шугам хэдэн тэрбум төгрөг улсаас гаргаж тавьжээ.

Бага тэнгэрийн амнаас хөдөлж ойролцоо нь байх “Болор туул”, “Хүрхрээ” амралтын газарт хүрч очлоо. Мөн л Туул голыг битүү хашаалжээ. Манаач нь “Дотогш хүн оруулахгүй. Зураг авч болохгүй” гээд хавьтуулахгүй байна лээ. Тэндээсээ бид хөдөлж Их тэнгэрийн аманд очсон юм. Төрийн гурван өндөрлөг аж төрдөг Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаар хамгаалуулсан Их тэнгэрийн аманд өнгөрсөн жил газар зарсан асуудал үүссэн. Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газрыг “Шинэхэн” группт хууль зөрчин олгосон байдаг.

Хэнтийн нурууны хөвчийн өндөр уулын салаа ам болгоноос оргилон гарсан тув тунгалаг булаг, шанд, рашаан, жижиг гол, горхи бүгд Туул голын их бэлчирт нийлдэг билээ. Тэндээс хатан Туул зэлэндээ номхроогүй унага шиг цовхчин, цэлэлзэж, Улаанбаатарын зүгт урсана. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт тосгон хүртэл Туулын цэнгэг урсгал цэлэлзэн мяралзан урсана. Алд дэлэм тул, бусад загас, жараахай тунгалаг усанд нь эрх дураараа сэлж, хүн, ан амьтан, мал ундаална. Монгол Улсын сая гаруй иргэн Туул голын тунгалаг усыг ундныхаа усанд хэрэглэж байна. Хэдэн жилийн өмнө амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан Монгол Улсын гавьяат багш, Найдангийн Батсүх “Монголчууд ийм цэвэр тунгалаг Туул голын усыг ундандаа хэрэглэж, хувцсаа угаадаг мөн ч их хувь тавилантай шүү. Ийм тунгалаг гол дэлхийд ховор” хэмээн ярьж билээ. Ийн нийслэлчүүдийг ундаалсан Туул гол таван аймгийн 37 сумаар дайран торгон долгио хаялан мяралзан урссаар Орхон голд цутгадаг билээ. Хэдэн жилийн өмнө Туул голын хөвөөнд хэн ч очиход амархан байлаа. Урин дулааны цагт хүүхэд, хөгшидгүй автобусанд сууж очоод л голоо өгсөж, Туул голын торгон ногоон зүлгэн дээр сууж, голын усанд умбан шумбадаг байв. Өвлийн улиралд зарим хэсэгт нь хүүхэд, багачууд гэлтгүй томчууд өдөржин тэшүүрээр гулгаж тоглодог байв. Харин өдгөө Богдхан уулын ар хормойг эмжин буй Туул голд очиж тоглох нь битгий хэл ойроос харж ч чадахгүй болжээ. Хэдэн үеэрээ алтанхан Туул минь хэмээн сүсэлж ирсэн Туулын эргийг хэдхэн хүн эзэмшиж, хүн байтугай мал ч ойртуулахгүй хашаалж, өндөр харуул хамгаалалтад авсан нь даанч харамсалтай.


Ард түмний талбайн хэсэг л Туул гол руу очих боломжтой байна

ИХ ТЭНГЭРИЙН АМАНД БАРИГДАЖ БАЙГАА ЗОЧИД БУУДЛЫН ЦААД ЭЗЭД НЬ Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ ГЭВ

Монгол төрийн гурван өндөрлөгийн бүрэн эрхийнхээ хугацаанд гэр бүлээрээ амьдардаг Их тэнгэрийн аманд газар зарсан асуудал гарсан. Богдхан уулын дархан цаазат бүс нутагт хамаарагддаг Их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах боломжгүй байдаг. Гэтэл АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барих шалтгаанаар өнгөрсөн жил газар зарсан байдаг. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр бид Их тэнгэрийн аманд очлоо. Туул голын эрэг дагуух Их тэнгэрийн ам, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалдаг газрын хажууханд хэд хэдэн барилга баригдаж эхэлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Шинэхэн групп” нэртэй компанид Их тэнгэрийн амны уг газарт үндэсний цогцолбор, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэрчилгээг таван жилийн хугацаатайгаар олгосон байна. “Шинэхэн групп”-ийн захирлаар Ж.Сансар гэх залуу ажилладаг юм билээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд газрын гэрчилгээг хэдэн ч удаа сунгуулж болно хэмээн заасан байдаг аж. Их тэнгэрийн аманд зочид буудлын барилга барьж байгаа “Шинэхэн” группийн захирал Ж.Сансар нь МАН-ын засаглалын үед буюу 2007-2010 онд Мэдээлэл, технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан байдаг. Өмнө нь нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэдэг. Гэвч уг газартай холбоотойгоор “Их тэнгэрийн амны 7.4 га газрыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Ц.Баярцогт нар зарсан. Цаад эзэн нь энэ хоёр эрхэм. Аялал жуулчлалын зориулалтаар хэмээн газрын эрхээ авсан ч одоо баригдах барилгууд нь орон сууцны зориулалттай” хэмээн яригдаж байна.


“М-Си-Эс” групп Богдхан ууланд хууль бусаар хайрга олборложээ

ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ, ГОЛООС 30 АЛХМЫН ЗАЙД БАРИЛГА БАРЬЖ БУЙ “МОГУЛ ИБИЗ” КОМПАНИ

Их тэнгэрийн амнаас Туул голоо өгсөн явсаар Хан-Уул дүүргийн Маршалын гүүрний зүүн талд “Могул ибиз” компанийн захиалгаар баригдаж байгаа “Khan hills residence” орон сууцны хороололд очлоо. Самбарт хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч “Агар арвижих” компани гэсэн байв. Уг хороолол тэр чигээрээ Туул голын ай сав газарт баригджээ. Бүр Туул голын эргийн бургасыг хядчихсан байна. Тэгээд зогсохгүй хэдэн километр үргэлжилсэн урт, өндөр хашаа хатгажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Г.Батхишигтэй ярилцлаа.


-Туул голын эрэг дээр орон сууцны барилга баригдаж байгаа юм байна. Энэ хавийн иргэд хууль бусаар баригдаж байгааг эсэргүүцээд чадаагүй гэсэн үү?

-Тийм ээ. Бид чадах чинээгээрээ л эсэргүүцсэн. Мэргэжлийн хяналт, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрыг хамгаалах газар гээд л мөн ч олон газарт хандсан. Гэвч Туул голын бургасыг огтолж, дээр нь барилга барьж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох газар Монголд олдоогүй. Туул голоос 30 алхам хүрэхгүй газарт л барилга баригдаж байна шүү дээ.

-Голын эрэг дагасан газар дээр барилга барьж байгаа компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэхээр дарамт шахалт ирдэг гэсэн үү?

-Биднийг “Энд хууль бусаар барилга барьж болохгүй. Хаанаас зөвшөөрөл авсан юм бэ” гэхээр барилга баригчдаас маш их дарамт шахалт ирдэг. Шоронд олон жил болсон хүмүүсээр дарамтлуулна, гэрийн гадаа бөө нар авчирч хэнгэрэг цохиулна. Мөнгө өгье гэж нэг нэгээр нь дуудах гээд янз бүрээр дарамталдаг. Сүүлдээ бид Туул голын эрэг дагуу барилга барьж байгаа компаниудыг эсэргүүцэхээ больсон. Ирэх жилээс нийслэлчүүд Туул голын эрэг дээр амрахдаа мөнгө төлдөг болох байх. Одоо Богдхан уул руу амралтын өдрүүдээр хүмүүс гарахдаа дандаа мөнгө төлж байна шүү дээ. Аль нэг компанийн хашаагаар дамжин гарсан гээд л 2000 төгрөг төлж байх жишээний. Мөнгө өгөхгүй бол Богд уул руу явах зам, газар, нүх сүв байхгүй юм чинь. Яг үүнтэй адилхан Туул гол руу Улаанбаатар хотынхон очихдоо мөнгө төлдөг болох байх.

-АСЕМ-д зориулж барьсан барилга, орон сууцуудыг томчууд худалдаж аваад дууссан гэж үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Дуусаагүй байсан барилгуудыг бариад бараг дуусгачих шиг боллоо. Том, жижгээс нь хамаараад 4-6 тэрбум төгрөгөөр худалдаж авч байна гэсэн. Томчуудын хороолол нэгээр нэмэгдэж байгаа хэрэг. Туулын эрэг дагаж барьсан энэ хашаанууд ч ялгаагүй томчуудынх. Бүгд өөрсдөө амьдрах, бусдад зарж борлуулах орон сууц, хаусуудаа барьж байна. Бүгд хууль бус. Ядаж л усны тухай хууль, газрын тухай хуулийг зөрчсөн байхад мэргэжлийн байгууллагынхан яаж ч чадахгүй байсаар сүүлийн 20 жилд Туул голын эрэг тэр чигтээ барилга болчихлоо. Хэдэн жилийн дараа Туул хотхон дундах гол болох биз.

БОГДХАН УУЛАНД “MCS” ГРУПП ХАЙРГА ОЛБОРЛОСОН БАЙНА

“АСЕМ вилла” хотхоны барилга, орон сууцуудыг “MCS” групп худалдаж байгаа юм билээ. Мөн тус групп Богдхан ууланд “Скай резорт” цанын бааз ажиллуулж байгаа. Олон зуун аж ахуйн нэгж, Монголыг хэрэн сүлжсэн худалдааны бизнестэй атлаа тус группийнхэн “АСЕМ вилла” хотхоныг барихын тулд цанын баазынхаа хажууханд, Хүрэлтогоот руу явах замд буюу Богдхан уулнаас хайрганы олборлолт хийсэн мэдээлэл байна. Зуны цагт хамгаалалтын албаныхан огт оруулдаггүй энэ газарт “MCS” групп хуулийг гууль болгож байгаагийн нэг л жишээ энэ гэхэд хилсдэхгүй болов уу.

АРД ТҮМНИЙ ТАЛБАЙ ДЭЭР ТӨРИЙН ЦАГДАА “ЖААЛДАГ”

Жирийн иргэд Туул гол дээр очдог ганцхан газар байна. Тэр нь Ард түмний талбай хэмээн нэрлэгдэх болсон хэсэгхэн тэгш талбайтай газар. Туул гол руу очихын тулд хэсэгхэн бургасыг гаталж голынхоо эрэг дээр очно. Цаг агаар дулаарахаар эндхийн замын хажуугаар хүн багтахаа больж, голын эргээр нийслэлчүүд чихэлдэнэ. Арай гэж олдсон алга дарам энэхэн газартаа чихэлдэн байж Туул голынхоо шуугин урсах чимээ, бургасны салхины аясаар шуугих, шувуудын шулганан жиргэх чимээг сонсоно. Өндөр настай нь сүүдрэвчинд даалуу тоглож, талбай дээр нь аав нар хүүхдүүдтэйгээ хөөцөлдөн тоглож, залуу хосууд голын эргээр алхана. Мөн зарим нь хуушуур, шорлог хийж, ундаа, цэвэр ус зарна. Ийн амарч, их хотын стресс, дуу шуугианаас тасрахын тулд л хүмүүс Туул гол руу өвөл, зунгүй тэмүүлнэ. Гэвч тухлах газаргүйн дээр эргүүлийн цагдаа нар байсхийгээд л ирж, энд зөвшөөрөлгүй хуушуур хийж, шорлог зарлаа. Ундаа, ус зарж болохгүй гээд л хамаг юмыг нь хурааж аваад л төр төмөр нүүртэй гэдгээ ард түмэндээ харуулна. Ийм атлаа Туулын эргийг сэтэлж, тэгшлэн байж барьж байгаа барилгын компаниудад, эздэд нь юу ч хэлж чадахгүй.

Туул голын эрэг дээр барилга барьсан төрийн түшээд, бизнесмэнүүдийн амрах өрөө нь үнэн тансаг байх юм билээ. Өнгөрсөн зун ажлын өрөөний хаалгыг онгойлгоод арав хүрэхгүй алхаад л Туул голын усан дээр очдог. Цонхоо онгойгочихоод л Туул голын шуугин урсах дуунд ажлаа хийж байгаа нэгэн захирлын өрөөнд орсон юм. Мөн цэлгэр том цонхоор гол бүхэлдээ харагдсан байрлалтай хэд хэдэн компани тэнд байсан. Гэтэл нийслэлийн сая гаруй иргэн өдгөө энэ л алга дарам талбай дээр ээлжээр шахуу ирж, Хатан туулынхаа тунгалаг долгиог харах л хувьтай болжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 2011 ОНООСХОЙШ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГЭЭГҮЙ

Туул голоо өгсөж явсаар Баянзүрх дүүргийн товчоо орлоо. Голынхоо хойд эргээр хэд хэдэн иргэн аялал жуулчлалын чиглэлээр газар өмчилж авсан сураг дуулдаж байв. Баянзүрхийн товчооноос дээш өгсөөд явахаар Туул голын хойд эрэг дээр “Монгол шилтгээн”, “Шинэ Монгол”, “Цэнхэр мандал”, “Их хайрхан” зэрэг амралтын газар цуврах ажээ. Мөн хаусууд энд тэндгүй баригджээ. Харин Баянзүрх дүүргийн товчооноос дээш Туул голоо өгсөхөөр одоохондоо голын урд захад барилга баригдаж эхлээгүй байна. Гэхдээ цахилгааны том том шон баригдсан байна лээ.

Туул голын онцгой бүсэд албан бус тоогоор 850 компани барилга барьсан гэнэ. Мөн энгийн хамгаалалтын бүсэд 3307 аж ахуйн нэгж, иргэн барилга барьсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилгуудад хамгийн сүүлд 2011 онд шалгалт хийсэн байна. Түүнээс хойш нэгдсэн хийгээд хэсэгчилсэн байдлаар нэг ч удаа шалгалт хийгээгүй гэдгийг тус газрын мэргэжилтнүүд хэлж байв.

ТУУЛ ГОЛ МАН, АН, МАХН-ЫН ГИШҮҮДИЙН ӨМЧ БОЛЖЭЭ

Цагдаагийн байгууллага Туул голын эрэг дагуу баригдаж байгаа барилга, хууль зөрчиж буй асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн удаа дараа шалгасан байна лээ. Гэвч улс төрийн МАН, АН, МАХН, зэрэг намуудын гишүүд Туул голд эзэн суусан учир прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгодог байна. Нэр бүхий томоохон улстөрчийн ганцхан компанийн байгальд учруулсан хохирол нь хэдэн тэрбум төгрөг давсан үнэлгээ гарсан байна. Гэвч дээрх аргаар хэрэгсэхгүй болж, харин ч барилга, шилтгээнүүд нь өдгөө сүндэрлэж байна.

Туул голын эрэг дагуу хэдэн өдөр явж ийн сурвалжлага бэлтгэв. Голын мөсөөр л явахгүй бол битүү хашаа татчихсан, эрэг рүү хүн орох зай завсар алга. Хашааг нь даваад орох юм бол хувийн өмчид халдсан гээд цагдаад шалгагдах асуудал үүсэхээр юм. Эс бөгөөс Туул голын эргийг харж чадахгүй, компаниудын залгуулан барьсан хашааг даган давхисаар Баянзүрхийн товчоо өнгөрч байж арайхийн эргийг нь үзэж болохоор болжээ. Ингэж л “Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болсон байна. Өмнөх Засгийн газруудын үед аялал жуулчлалын гэх нэрээр олгосон газрын зөвшөөрлүүдийг одоогийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цуцлах бүрэн эрхтэй. Хэрэв ингэж чадвал алтан тэвшийн хөндий ард түмний өмч хэвээр үлдэх юм.

Ард түмэн очиж чадахаа больсон, алттай арваадхан айлын өмч болсон, тунгалаг Туул минь ай хөөрхий.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд