ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.06.01 12:06

Алхаа гишгээ, явах байдлаар нь тухайн хүнийг таних хиймэл оюун ухааны системийг зохиожээ

Манчестерийн их сургуулийн эрдэмтэд Мадрид хотын их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран, алхаа гишгээ, явах байдлаар нь тухайн хүнийг хэн болохыг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар таних системийг зохион бүтээжээ.

Үүний тулд эрдэмтэд 127 хүний хөдөлгөөнийг тэмдэглэсэн 20 мянга орчим бичлэг бүхий өгөгдлийн санг бий болгосон байна.

“Явж байгаа үед хүн бүрийн хувьд хөдөлгөөний 24 өөр онцлог шинж байдаг. Эдгээр хөдөлгөөнийг бичиж авснаар хурууны хээ, нүдний торлог бүрхэвчээр нь хүнийг танихтай адилаар ашиглаж болно” гэж Манчестерийн их сургуулийн судлаач Омар Костилья Рейес ярилаа.

Шинэ системийг туршиж үзэхэд уг систем нь хүнийг бүх тохиолдолд бараг 100 хувь таниж байжээ. Системийг нисэх онгоцны буудлын хяналт шалгалт хийхэд ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна. Үүний тулд тухайн хүн тусгай мэдрэгч бүхий замаар алхахад л хангалттай аж.

Түүнчлэн шинэ системийг анагаах ухаанд ашиглах боломжтой гэнэ. Хүний алхаа гишгээ өөрчлөгдөх нь мэдрэлийн өвчлөлтэй холбоотой байх нь олонтоо. Иймээс өвчнийг эрт илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой юм.

Онцлох нийтлэлүүд