ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.13 12:10

Амьдралын хүрдэнд зүдэгсэд


Хятадын зохиолч, Нобелийн шагналтан Мо Янь энэ зохиолоо хамгийн ахархан хугацаанд буюу 43 хоногийн хугацаанд бичсэн хэдий ч 40 гаруй жил ой ухаандаа бодож явсан гэдэг. “Нэпко” хэвлэлийн газраас Б.Гэрлээгийн орчуулгаар энэ онд хэвлүүлсэн уг номыг товчхон сонирхуулъя.

Мо Яний зохиолууд ерөнхийдөө Хятадын эгэл ахуйг голчлон харуулдаг, энгийн тариачин иргэд хэрхэн амь зууж, шар нар бор хоногийг яажшуухан өнгөрөөж байсан талаар маш тодорхой, нарийн деталчлан бичдэг. Өөрийн төрөлх тосгон Симентунийг онцлох дуртай. Ингэхдээ амьдарч байсан нийгмийнхээ хөгжил дэвшил, уналт босолтын олон үе шатыг арын дэвсгэр болгон өгүүлээд тосгоны оршин суугчдын амьдралын жирийн өдрүүдийг наагуур нь хөврүүлэх маягаар бичдэг. Сонирхуулахад, түүний “Дарсны орон” романыг судлаачид “Хятад ахуйн нэвтэрхий толь” хэмээн дүгнэдэг юм билээ.

Зохиолын үйл явдал Хятадад хувьсгал өрнөж өмч хувьчлал, хамтрал бий болсон түүхэн цаг үед буюу 1950-80- аад оны үед үргэлжилнэ. Хэрэг явдал эхлэхээс өмнө, 1940-өөд онд Симень Бао гэгч нударган, газрын эзэн амьдарч байж. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, хөрөнгө зоорио нэмэгдүүлж нэлээд хөрөнгөжиж авчээ. Тосгоны амьдрал ч хэвийн үргэлжилж, ядуучууд нь түрээсэлсэн алга дарам газартаа тариагаа тарин, илжгээ хөллөн зүтгэсээр. Гэтэл хувьсгал эхлэхэд хөрөнгөтөн Симень Бао хилс хэрэгт гүтгэгдэн буудуулж, газрыг нь хамтрал нэрийн дор ядуу тариачдад хуваан өгч, байшин, малын хороог нь тосгоны өмч болгов. Их эхнэрийг нь оршуулгын газрын үүдэнд байх шавар тагз руу хөөж, дунд эхнэр нь гэрт нь ажиллаж байсан, нэгэнтээ Симень Баогийн өөрийнх нь олж аваад өсгөж гэртээ амьдруулах болсон зарц Лань Лянтай гэрлэж, хуудуу зантай бага эхнэр нь Сименьд зодуулж хүчирхийлүүлж байсан гэж худал мэдүүлэг өгсний ачаар хөрөнгөтний эхнэр гэх ялаас ангижран тосгоны хурган даргатай гэр бүл болжээ. Энэ зуур буудуулж үхсэн Симень бээр тамд очин багагүй зовлон эдэлсний хойно эрлэгийн хааны шүүлтээр орж, эргээд амьдын ертөнц рүү илгээгдэнэ. Хөөрхий Симень дундах эхнэрийнхээ шинэ нөхөр, өөрийнхөө олж тэжээсэн хүн, гэрийнх нь зарц асан хөх нүүрт Лань Ляны гэрт дудран болон мэндлэв ээ. Ингэхдээ өмнөх насны ой дурсамжийг үгүй хийж, мартуулдаг шидэт шингэнийг нь уугаагүйн улмаас Симень Бао явсан амьдралаа санахаар барахгүй хамгийн хайртай эхнэр Син Эрийг өрөвдөн хайрлаж, өөрөөс нь урвасан бүхэнтэй үзэлцсээр нэлээд алдартай илжиг болоотохно. Хархан хэмээх алдартай илжигний хоногийн тоо гүйцэхэд тугал болон төрөөд ахиад л Лань Ляныд ирнэ. Эзэн нь үхэн үхтлээ хамтралд элсэхгүй хэмээн тэмцэж, эхнэр хүүхдүүд нь хүртэл хавчлагын улмаас бүгд хамтралчид болчихоод байхад ганцаараа 1.6 мү газраа гараараа хагалж, арчлан тордсоор амь зууж байдаг. Үхэр болсон Симень Бао үхсэнийхээ дараа гахай болон төрөөд тосгондоо л алдартай цэвэрч, ухаантай, хэрсүү гахайн амьдралыг туулна. Үүний дараа тэр нохой болж тосгондоо ирнэ. Ингэж амьдралын хүрдэнд эргэлдсээр, үйлийн үрийн гинжин хэлхээг тасдан явсаар, дөрвөн төрлийг олсны эцэст тав дахь дээр нь хөх нүүрт Лань Ляны гэрт хүүхэд болж мэндэлдэг. Өөрөөр хэлбэл хүн төрлөө олно.

Төрөл олох бүртээ тухайн нийгмийнхээ нэгэн чухал эд эс, түүхийн гэрч болж, хэдий гахай, нохой гэх мэтийн амьтас ч гэлээ басчиг алдар хүндтэй амьдарч байгаа нь хүн байсан үеийнх нь ой санамж арилахгүй байсантай холбоотой. Хүний хэл ойлгодог амьтан хүмүүстэй тааруулж л харьцах нь ойлгомжтой шүү дээ. Зохиолчийн өөрийнх нь бага нас, өсөх нас, идэр нас ч энэ романтай салшгүй холбоотой. Мань хүн өөрийгөө сахилгагүй, савсагануур нөхрийн дүрээр бичжээ. Бичлэгийн өвөрмөц хэлбэр, алиа хошин, ёгт утга илэрхийллүүд уншигчийг хэзээ ч уйдаахгүй. Дүр болгоныг нь уншигчдад танилцуулж, задлан яримаар байвч сонины талбай хүрэлцэхгүй тул ингэсгээд дуусгая.

Хэрвээ та хойд насанд итгэдэггүй, үйлийн үр , амьдралын хүрд, самсара зэргийг ойшоодоггүй прагматик нэгэн бол зохиолыг уншиж дуусаад нэрийнх нь утга учрыг нухацтайгаар, гүн гүнзгий авч үздэггүй юм аа гэхэд ертөнц дээр огт учир авцалдаагүй юм гэж байдаггүй гэдгийг ядаж бодолцох байх аа.

А.МӨНХЗУЛ

Онцлох нийтлэлүүд