ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.01.05 12:01

Ам.долларын ханш 2500 төгрөгт хүрлээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард 2720 төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцэж, дахин өсч эхэллээ. Ам.долларын ханшийн савалгаанаас арилжааны банкууд ашиг хийсэн гэх шүүмжлэл ч тухайн үед гарч байсан.

Өнөөдөр 11:15 цагийн байдлаар “Найман шарга” захад нэг ам.долларыг зарах ханш 2500, авах ханш нь 2498 төгрөгтэй тэнцэж байгаа бол Төв банкны албан ёсны ханш нь 2493 төгрөг байна. Худалдаа хөгжлийн банк өнөөдөр ам.долларыг 2.488 төгрөгөөр авч, 2.499 төгрөгөөр зарж байна. Голомт банк ам.долларыг 2.488 төгрөгөөр авч, 2.499 төгрөгөөр зарж байгаа бол Хаан банк мөн 2.488 төгрөгөөр авч, 2.499 төгрөгөөр зарж байна. Хамгийн сүүлд буюу уржигдрын валютын дуудлага худалдаагаар банкууд 2491.45 төгрөгийн ханшаар 39 сая ам.доллар, 354.81 төгрөгийн ханшаар 82.2 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

Монголбанкны хувьд гадаад валютын дуудлага худалдааг зохистой үед нь зохион байгуулж байгаа гэсэн мэдээлллийг өгч буй юм. Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар 1.303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан. Нөөц нэмэгдсэн шалтгааныг иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн болон Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэсэн тайлбарыг Төвбанкнаас хийгээд байна. Түүнчлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэхээр яригдаж буйтай холбогдуулан ам.долларын ханш буух хүлээлттэй байгаа юм.

Онцлох нийтлэлүүд