ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.06 05:05

“Анд хүүхдүүд” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатартай “Анд хүүхдүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ё.Баяраа, Германы "Autismus Deutschland E.V" байгууллагын ерөнхийлөгч, хатагтай М.Камински нар уулзав. Эдгээр байгууллага нь аутизмтай хүүхдүүдэд туслах, тэднийг жирийн хүүхдийн нэгэн адил орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгийн анхаарлыг чиглүүлэх зорилготой юм.

Аутизм нь Монголд цоо шинэ ойлголт бөгөөд тухайн улс орны хүн амын нэг орчим хувьд илрэх магадлалтай байдаг аж. Аутизмтай хүүхдүүд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч уйгагүй заслын үр дүнд нийгэмд дасан зохицож, байр сууриа олох бүрэн бололцоотой гэж үздэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар Монголд аутизмтай хэмээн бүрэн оношилсон тохиолдол байхгүй, бусад өвчнөөс салгасан ойлголтгүй явж ирсэн  гэдгийг тэд хэлж байлаа.Уулзалтын үеэр “Анд хүүхдүүд” ТББ, ХБНГУ-ын "Autismus Deutschland E.V" байгууллагын төлөөллийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсад аутизмын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, сургалт явуулах боломж нөхцөлийг судлан үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар санал дэвшүүлэв.

Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар тэдний саналыг судалж үзнэ гэдгээ илэрхийллээ. 

Онцлох нийтлэлүүд