ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.23 01:09

“Анна Каренина” жүжгийг аравдугаар сарын 3-нд тоглохоор болжээ


Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж байна.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж буй. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглоно.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх аж. “Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарчээ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй.

Онцлох нийтлэлүүд