ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.25 11:06

АНУ, Германы шигшээ багууд шударга тоглох болов уу

1982 он. Испанид зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсэгт Герман, Австри, Алжир, Чили гэсэн дөрвөн баг багтаж байлаа. Хэсгийн сүүлчийн тойрогт Герман Австрийн багууд тоглохоор үлдсэн байсан бөгөөд энэ хоёр баг тэнцсэн тохиолдолд хоёулаа плэй-оффт шалгарч цааш тоглох эрхээ халааслах байв. Тэгээд энэ хоёр баг 90 минутын туршид жүжиг тоглож үзэгчдийг уурлуулсаар байж тэмцээнийг дуусгаж билээ. Дунд насныхан бол санаж л байгаа байх. Хэн нэг нь гоол хийх юм уу хожсон тохиолдолд Алжирын баг хэсгээсээ шалгарах байв. 

Хожим нь баахан хэрүүл уруул болж шалгалт шүүлэг яваад л байсан ямар ч буруутай асуудал болоогүй гээд л намжиж билээ. Герман Австри хоёр нь нэг хэлээр ярьдаг, нэг угсаа үндэстэй ард түмэн учраас нүднийхээ харцаар бие биенээ ойлголцож “тэнцэх үү? тэнцье” гээд л тэр тоглоомыг дуусгаж байсан. Энэ түүхийг нуршихын учир нь яг одоо дээрхтэй адил түүх G хэсэгт бүрдээд байгаа тул сануулсан юм. G хэсгийн эхэнд бичигдэж байгаа АНУ Германы шигшээ багууд нэг угсаа үндэстэй, хэл язгууртай ард түмэн биш. Гэхдээ энэ багийн хоёр ахлах дасгалжуулагч нь герман хүмүүс. Зүгээр ч нэг герман хүмүүс биш, сайн найзууд хамт нэжгээд жил Германы шигшээ багийг дасгалжуулж нэг нь ахлах нөгөө нь туслах гэдэг гуншинтай өгсөж уруудаж явсан хоёр. Одоо Герман ба АНУ-ын шигшээ багууд тоглолтондоо зүгээр л тэнцэхэд аль аль баг нь цааш шалгарах тохироо бүрдээд байна. Тээр жилийнх шиг явдал дахин битгий давтагдаасай. АНУ-ын шигшээгийн баг Португалтай тэнцсэнээ дараахан шахуу л хоёр дасгалжуулагч “Бид хоорондоо утсаар яриагүй. Бид хожихын төлөө тоглох болно” гээд яг адилхан тайлбар хийгээд байх юм. Хэлсэн үгэндээ л байгаасай даа.

Марк Вильмотс (Бельгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч): Би та бүхэнд урьдчилсан тоглолтод хэн манай багт үлэмж их тус болсон бэ гэдгийг сануулъя. Тэр бол Кристиан Бентека байсан. Хэрвээ Бентека гэмтээгүй байсан бол энэ тэмцээнд үндсэн тоглогч болоод гүйж байх байлаа. Нэгэнт тэр тэмцсэн учраас Оригиг авчрахаас өөр арга байгаагүй. Тэр залуухан, хурд­тай, өөртөө таарсан техниктэй тул өрсөлдөгч багийн хам­гаалалт ядарч сульдсан үед талбайд гаргахад их ашигтай байна. 

Дивока Ориги одоо 19 настай. Түүний 89 дэх минутанд Оросын хаалганд хийсэн гоол ДАШТ-д хийсэн анхных нь гоол бөгөөд үүний ачаар Бельгийн шигшээ баг гурван оноо авч хэсгээсээ шалгарах нь нэгэнт тодорхой болсон.

Виктор Понедельник (ОХУ-ын нэрт хөлбөмбөгч): Багийн тоглолт огт алга. Хамгаалалтаас довтолгоон руу яаж шилжээд байгаа юм бэ. Хагас хамгаалалт үр дүн муутай байна. Тийм учраас довтолгоог олигтой дэмжиж өгөхгүй байна. Кокорин та ямар муу тоглож байна вэ. Танд итгэх итгэл-тэг. Арай гайгүй нь Канунников байлаа. Даанч залуу нялх, туршлага бага учраас нэг хэмжээндээ удаан тоглож чадсангүй. Яагаад ч юм Оросын шигшээ баг болон Капелло нар энэ дэлхийн аваргын тэмцээн дундуур тоглох арга барилаа хайгаад байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. 

Фабио Капелло (ОХУ-ын ахлах дасгалжуулач): Бид тун удахгүй гоол оруулах юм бай­на гэх мэдрэмж төрөх үедээ Загоевыг талбайд гаргасан юм шүү дээ. Тэр үед бид өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд ойрхон тоглож, ша­­хаад байсан. Загоев сүүлчийн дамжуулалтыг өгч гоол орох болов уу гэж бодтол эсрэгээр эргэчихлээ. Гэхдээ энэ Загоевын буруу биш шүү. Ийм үед энэ залуу тоглолтонд яг таардаг юм. Одоо сүүлчийн тоглолтоос хамаг зүйлс шалтгаалахаар болчихлоо. 

Вахид Халилходжич (Алжирын шигшээ багийн ахлах дасгалжуулагч): Нэгдүгээр үед бид сайн гэхэд багадахаар гайхалтай тоглолоо. Хоёрдугаар үе эхлээд тоглох арга барилаа бага зэрэг сулруулсны гор гарч солонгосчууд хоёр гоол хийв. Гэхдээ үйл явдлыг хянаж чадсан учраас тоглолтыг өөрсдийнхөө хүслээр дуусгалаа. Бельгийн багт санамсаргүй хожигдсон гашуудал бага зэрэг ч гэлээ арилсан байх.   

Оноо тэнцвэл яах вэ?

Юуны өмнө хэсэг болгоны хамгийн өндөр оноотой хоёр баг нь дараагийн шатанд шалгарна гэдэг бүх хүнд ойлгомжтой байх. Гэхдээ энэ удаагийн ДАШТ маш сонирхолтой, хэсэг болгонд оноо нь тэнцсэн багуудын тоо гурваас дээш байх магадлал өндөр байгаа тул оноо тэнцсэн тохиолдолд ямар үзүүлэлттэй, ямар чансаатай хоёр баг нь плэй офф-т шалгарах вэ гэдгийг тайлбарлая. Гурав болон түүнээс дээш багуудын оноо тэнцсэн тохиолдолд:

1. Хэсгийн тоглолтуудад авсан оноогоор байр эзэлнэ.

2. Оноо тэнцсэн тохиол­долд хамгийн их гоол оруул­сан буюу гоолын зөрүү нь өндөртэй баг дээд байр эзэлнэ. 

3. Илүү их гоол оруул­сан баг нь давамгай байр эзэлнэ.

4. Хоорондын тоглолтдоо илүү оноо авсан нь дээр бичигдэнэ.

5. Энэ бүгд тэнцсэн тохиол­долд сугалаа явуулна.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд