ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.23 08:05

АНУ, Хятадаас метафетамины наймаа хүрээгээ тэлж байна

Мансууруулах бодисын хууль бус захуудад, ялангуяа, Зүүн Ази болон Умард Америкт метамфетамин буюу "мөс" гэдэг нэгэн төрлийн мансууруулах бодисын хууль бус наймаа хүрээгээ тэлж байгаа тухай НҮБ-ын агентлаг мэдэгдлээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газар уржигдар буюу тавдугаар сарын 21-нд үнэлгээний тайлангаа танилцуулсан байна.
Уг тайланд дурдсанаар, метамфетамин гэх донтуулагч мансууруулах бодисыг Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгаас таван жилийн хугацаанд хурааж авсан тохиолдол 2012 онд гурав дахин өссөн байна.Тодруулбал, 36 тонн метамфетамин хурааж авчээ.
Үүний 45 хувийг Хятадаас, 30 орчим хувийг Таиландаас хурааж авсан байна.
Мөн Хятад, Филиппин болон Мьянмарт мансууруулах бодис үйлдвэрлэгч лабораториуд үйл ажиллагаа явуулж буйг уг тайланд дурджээ.
Харин 2012 онд Умард Америкаас 50 гаруй тонн метамфетамин хурааж авсан байна. Энэ нь өмнөх таван жилийнхээс ойролцоогоор тав дахин өссөн үзүүлэлт юм. Энэ мансууруулах бодисыг ихэвчлэн бусад улс руу хууль бусаар хилээр гаргаж байгааг тайланд тэмдэглэжээ.
Метамфетамины хэрэглээ цааш тархаж буйг зогсоохын тулд дэлхий нийтээрээ хяналт тавьж, гишүүн улсууд харилцан мэдээлэл солилцох шаардлагатай байна гэж НҮБ-ын албаны хүмүүс онцлон тэмдэглэлээ. Мөн хил залгаа орнууд, бүсийн орнуудын хуулийн байгууллага, хил галийн ажилчдыг сонор сэрэмжтэй үйл ажлаа хийж хууль бус наймааг таслан зогсоохыг уриалсан байна.  

Онцлох нийтлэлүүд