Нийгэм
2020.11.26 09:11

​Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 96 жилийн ой тохиож байна


1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм. Монгол Улсыг тусгаар тогтносон улс болж хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын өдөрт” болгон сэргээж хуульчилснаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Улс тунхагласны баяр” хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.



Онцлох нийтлэлүүд