Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2015.08.30 10:08

Анхны Ерөнхийлөгчийн нэг анги

Нийслэлийн арвандөрөв­дүгээр бүрэн дунд сургуулийн анхны буюу 1960 оны төгсөгч­дийг энэ удаагийн "Нэг ангийнхан" буландаа урилаа. Тэд эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан, гавьяатай эрхмүүд. Энэ ангид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын нефть хангамжийн салбарыг өөд нь босгосон ууган мэр­гэжилтэн Маньбадар, 200 гаруй сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн эдийн засагч Дарьчулуун, Эрдэнэт, Бүрэнцогт, Мардай зэрэг уурхайн төслүүдэд эх орны нүд чих болж ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир, ШУТИС-ийн доктор, багш О.Батмөнх, Шараа нар сурч байжээ.

Товлосон цаг, болзсон газартаа анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй арваад хүн цугларчээ. Нэгнийхээ амар мэндийг мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа тухай бие биеэсээ сураглацгаана. “Байнга уулзалдаж, холбоо харилцаатай байхыг хичээдэг ч жилдээ ганц хоёрхон л уулзалдах юм. Нас өндөр болоод явах суухаа үр хүүхэд, ач зээ нараараа заалгадаг болоод байна шүү дээ. Харамсалтай нь уулзах бүрт ширээ тойрсон хоосон сандлууд нэг нэгээр нэмэгдээд ...” гэцгээснээ дор бүрнээ чимээгүй болцгоов. П.Очирбат “Бурхан болсон гэдгийг нь дуулаад сүүлд нь 20, 20 мянган төгрөг цуглуулж ар гэрийнхэнд нь өгөх биш, амьддаа л аль болох олон уулзалдахыг хичээх юм” гэвэл бусад нь “Тэр ч ёстой үнэн шүү” гэцгээн толгой дохив.

Тэд 1960 онд аравдугаар ангиа 32-уулаа төгссөн бөгөөд өдгөө 17 нь сэрүүн тунгалаг, насны намартаа сууна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хар хилэн формоо өмсөөд, улаан бүчээ зүүгээд дэгж, дэрвэж явсан нь өчигдөрхөн мэт санагдавч өдгөө хагас зуун жил өнгөрчээ. Бараг хоёр хүүхэд тутмын нэг нь бурхан болж. Хорвоогийн жам юм даа. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе” гээд өндийвөл бусад нь ч мөн адил босч зогсон, хэсэг дуу хураалаа. Тэдний сургуульд 1958-1959 оны хичээлийн жилд нийт 70-аад сурагчтай есдүгээр ангийн хоёр ч бүлэг хичээллэдэг байсан ч аравдугаар ангид тэн хагас нь л тэнцэн, элсэн оржээ. Тэр ч утгаараа эдний ангийнхан бүгд хичээл сурлагадаа жигд сайн байсан талаар ангийн дарга Эрдэнэ-Очир “Өнөөдөр бол бага, дунд, дээд гээд аль ч шатны сургуульд элсээд, төлбөрөө төлсөн л бол төгсдөг. Бидний үед тэгдэггүй байсан. Сахилга бат сул, хичээл сурлагадаа тааруу сурагчдыг үг дуугүй улираана. Хичээл сурлагаас гадна зан суртахууныг давхар шалгана. Энэ өндөр шалгуурыг давж манай ангийнхан төгсөх жилээ бүрэлдсэн юм. Харин П.Очирбат наймдугаар ангиасаа шууд арав руу дэвшиж орж ирсэн. Шалгалт дээр бүгд онц сайн авдаг байсан учраас дүнгээрээ бус шалгалтын материалыг хэн хэдэн минутад хийхээрээ өрсөлддөг байлаа шүү дээ. Шалгалтын хугацаа 40 минут байтал ангийнхны маань талаас илүү нь 30 минутын дотор хийчихнэ. Хичээл завсарлатал ангийн гадаа хүлээх зуураа “Би 28 минутад өөрийн вариантынхаа таван даалгаврыг хийчихээд багшид хураалгасан” гэвэл “Би тэрнээс чинь ч өмнө хийж дуусчихаад, материалаа хянаж байсан юм. Хэрэв багшид шууд хураалгасан бол чамаас түрүүлэх байсан. Хэн гурав дөрөвт орлоо” хэмээн ярилцах зуур шалгалтын хугацаа дуусч, хонх дуугарахад ангид үлдсэн хүүхдүүд хажуугийн вариантаа давхар хийгээд хугацаа алдчихлаа” гэсээр гарч ирдэгсэн” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохив. Бүгд сурлагадаа жигд сайн байсан учраас хоёр хүүхэд тутмын нэг нь тухайн үеийн ЗХУ буюу хойд хөршид суралцан, мэргэжил эзэмшжээ.

Өдгөө автын инженерээр ажиллаж буй Нарангэрэл ангийнхаа Тогостой гэрлэжээ. Тэд энэ ангиас төрсөн хос. Бүр, нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг байжээ. Ангийн хөвгүүд нь Нарангэрэлийн захиаг, охид нь Тогосынхыг өөр хооронд нь зөөдөг байснаа дурсан ярилцана. “Тэр үед одоогийнх шиг гар утас бүү хэл гэртээ телевизор, радиотой айл ховорхон байлаа. Сэтгэлээ илчлэхдээ бүгд захиа бичнэ. Манай ангид дан захиа бичдэг, түүгээрээ “мэргэшсэн” хүүхдүүд ч байлаа. Бүр захианы төрлөөрөө шүү. Хайрын захиаг бол Цэрэнханд, хэн нэгнээс уучлал хүссэн захиаг Дамдинсүрэн бичдэг байлаа” гэцгээв.

Тэд бол сургуулийнхаа анхны төгсөгчид бөгөөд төгсөлтийн баярынхаа үеэр сургуулийнхаа гадаа мод тарьжээ. П.Очирбат “Одоогоос 55 жилийн өмнө тохой хэрийн урттай зулзаган хус, хайлаас тарьсан. Сургуулийн жижүүр, манаач нар сайн усалж тордсоны хүчинд хэдхэн жилийн дотор сагсайтал ургасан. Одоо бид өвгөрч, хөгшрөөд жижгэрсэн бол бидний тарьсан зулзаган модод сургуулиас өндөр ургасан харагдана лээ. Багахан цэцэрлэгт хүрээлэн болчихсон юм уу даа. Хааяа салхинд гарахдаа, сургуулийнхаа хажуугаар, тарьсан моддынхоо доогуур алхах юутай сайхан. Сургууль руугаа орвол хана тааз, ширээ сандлаас өгсүүлээд шатны гишгүүр бүрт шингэсэн нандин дурсамж сэргэдэг байсан. Хэрэв тэд бүгд хэл амтай байсансан бол мөнчиг сайхан түүх өгүүлэх байсан даа. Таван жилийн өмнө бид ангийнхаа ширээ сандал, шал зэргийг иж бүрнээр нь шинэчилж өгч байлаа. Харамсалтай нь хоёр жилийн өмнө сургуулийн барилга нурж магадгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад, орохыг хориглочихсон. Сурагчид нь ойр хавийн гурав, дөрвөн сургуульд хуваагдаж очсон сурагтай байна лээ. Сургуулийн барилгыг шинэчлэх ажил эхлэхгүй удсан учраас саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй биечлэн уулзсан. Сайд ирэх жилээс шинэ сургууль барих төсөлд хамруулж өгөхөөр амласан” гэв. Тэд төрөлх сургуулиа барихад гар бие оролцжээ. Тоосгыг нь зөөж, элсийг нь шигшиж байсан гэнэ. Тэр ч утгаараа сургуульдаа элгэмсүү байдаг бололтой.

Тэгтэл нэг нь “Ангиараа олон ч удаа жүжиг давтаж, түүнийгээ хөдөө малчдад тоглодог байснаа санаж байна уу” гэвэл “Яалаа гэж мартах билээ. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Нэг анги” зохиолыг өдөр шөнөгүй бэлтгээд, Хэнтий аймгийн Давшил нэгдлийн малчдад сонирхуулна. Муухан жүжигчнээс хавьгүй дээр. Ямар сайндаа малчид өөр хоорондоо “Ажилд туслуулахаар сурагч хүүхдүүд явуулна гэсэн чинь жүжигчид илгээсэн юм биш үү”, “Харахад хүүхдүүд хэрнээ жүжиглэж байгаа нь томчуудаас ялгаа алга” хэмээн ярилцаж байсныг тодоос тод санаж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиа алгасаад, шууд аравдугаар ангид элсэн оржээ. Сурлага сайтайгаас гадна наргианч, хүнээр тоглоом хийхдээ элдэвтэй гэдгийг ангийн нөхөд нь хуучилна. Түүнчлэн “Ерөнхийлөгч болсон ч гэсэн бидэнд бол ангийн хүүхэд хэвээрээ” хэмээн Төөдөө хэлэв. Тэрээр “Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа П.Очирбат ажил хэргийн шугамаар Ховд аймаг орсон. Би тухайн үед Ховдод малын эмчээр ажилладаг байв. Олон жил уулзалдаагүй ангийн хүүхэдтэйгээ уулзаад мэндийг нь мэдчихмээр байсан ч улсын тэргүүнд амар ойртуулахгүй нь мэдээж. Ямар ч байсан холоос ч болтугай бараа сүрийг нь харчихъя гэж бодоод яваад очлоо. Тэгтэл цугласан олны дундаас намайг таниад, танихаар барахгүй гар бариад тэвэрсэн. Бүр хэсэг зуур ярилцаж зогссон. Чи минь хэзээний хар хэвээрээ шив дээ гээд надаар тоглоом хийхээ мартаагүй. Тэгэхэд ангийн анд минь мөн дөө гэсэн өөриймсөг бодол төрж байсан. Одоо ч хэвээрээ” гэв. П.Очирбат “Манай ангид надаас гадна дуурсах алдар, бүтээсэн гавьяатай эрхмүүд олон бий. Наад зах нь 60, 70-аад онд Тээврийн яаманд ганцхан газрын тосны мэргэжилтэн байсан нь манай Маньбадар. Тэрбээр 1978 онд нефть хангамжийн бааз болон 1992 онд НИК-ийг толгойлон байгуулж явсан нэгэн. Эдийн засагч, ангийн анд Дарьчулуун бол Монголын бараг бүх сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Эрдэнэтээс авахуулаад Мардай зэрэг уурхайн төслүүдэд ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир болон доктор, О.Батмөнх, Шараа нар бий” гэв.

Тэд сургуульдаа анх удаа “Анд нөхөрлөлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөлийн хурал долоо хоногт нэг удаа, хичээлийн бус цагаар болох бөгөөд ангийнхан бүгд гишүүд нь. “Хичээлээ тасалж, муу сурч, сургууль завсардан, хэн нэгнийг дээрэлхэн, үг хэлээр доромжилж, зодоон цохион хийдэггүй их л “дэгтэй” байсан та бүхэнд ийм зөвлөл байгуулах хэрэг байсан юм уу” гэвэл “Хурлаараа бид хэн нэгнийгээ шүүмжилж, шийтгэдэггүй байсан нь үнэн. Тэгэх ч шаардлага байдаггүй байсан юм чинь. Харин бид хичээлээс гадуур ямар ном зохиол унших, гэрийн даалгавраас гадна нэмэлт дасгал хичээл хэрхэн хийх, хүн бүл дутмаг нэгнийдээ хэзээ ус түлээг нь бэлдэлцэж өгөх зэргийг ярина. Бас хөдөө орон нутагт илгээлтээр очиж, тэндхийн малчдад толилуулах жүжгээ ч бэлдэнэ” хэмээн тэд хариулцгаасан юм.

М.Дорж “Ангийнхантайгаа уулзана гэсэн чинь манай ач нар мэл гайхчихсан. Хөгширчихсөн хэрнээ одоо ч нэг анги хэвээрээ юм уу гэж хүртэл асуусан. Тэгэхээр нь өвөө нь та нар шиг жаахан байхдаа сургуульд сураад, ангийнхантайгаа та нарын нэгэн адилаар хөөцөлдөж тоглож байлаа. Түүнээс биш өвөө нь төрөлхийн ийм хөгшин байгаагүй юм шүү гэхээр нээрээ тийм шүү дээ гээд инээлдээд байгаа юм. Тэгснээ бас ангийнхан чинь бүгдээрээ ирэх үү, бас тантай адилхан хөгширчихсөн үү гээд элдвийг шалгааж гарсан даа” гэвэл бусад нь “Бид нар ч мөн ялгаагүй. Ангийнхныхаа уулзалтад явлаа гэхээр гайхаад байдаг юм. Одоо өвгөчүүл, эмгэчүүл болоод алхаж гишгэх, хаашаа явахаа хүүхдүүдээрээ цагдуулдаг болоод байна. Арга ч үгүй биз дээ, автобусанд 15 мөнгөөр зорчдог байх үеийн сурагчид юм чинь. Одоо бол ач зээ нараа дагаад тоглоомын талбай л ордог ажилтай” гэцгээв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Онцлох нийтлэлүүд