ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.05.13 01:05

Араасаа залгах хойч үегүй Ардчилсан холбооны өвгөд өөрсдөөрөө дуусах уу?



Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Ертөнцийн энэ хууль бидний хүссэн хүсээгүй үйлчилсээр байдаг. Улс төрийн намууд ч энэ хуулиас тойрч гарч чадахгүй. Хорин настай Ардчилсан нам ч бас зугтах аргагүй. Энэ намд шинэчлэл хэрэгтэйг улс төр судлаачид, намын залуу үеийнхэн, хөндлөнгийн ажиглагчид ч хэлж яриад эхэлчихлээ. Ард түмэн аль хэдийнэ анзаарчихсан. Ная хол давсан настай МАХН сүүлийн хорин жилд хэд хэдэн удаа үе солив. Хорин жилийн өмнө идэр насандаа явсан АН-ын лидерүүд үе солих байтугай тэр тухай дурсах ч үгүй намаа хувьчилчихаад хөдөлдөггүй ээ. Манай нам хорьхон настай залуухан улс төрийн хүчин гэж өхөөрддөгч өөрсдийгөө хэдтэйг мартчихлаа. Тэр үед хүүхэд байсан бид өнөөдөр залуусын эгнээнд багтчихаад байхад тэр үед залуу байсан ардчиллын лидерүүд өтөлснөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Улс төрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, дараа үеийнхэндээ зайгаа тавихгүй бол тэднээс илүү боловсролтой, шинэ цагийн залуус юу ч хийж бүтээж амжихгүй, дэмий л ээлж хүлээн өөрсөдтэй нь хамт тэтгэвэрт гарлаа шүү. Ад үзэгдээд хөгшнөөрөө дуудуулдаг МАХН залуучууддаа боломж олгож л байна. Хорин жил гэдэг бол улс төрийн намын хувьд бүхэл бүтэн цикл юм. Намын шинэчлэл нь насны ангиллаар шийдэгдчихдэг зүйл биш ч залуу үеэрээ цус сэлбэх нь шинэчлэлийн нэг хэлбэр. 1990 оноос хойш Даш-Ёндон, Г.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр нар МАХН-ын даргын албыг ээлжлэн хашихдаа дараа үеийнхнээ бэлдэж, залуучуудыг намдаа татан оруулж ирж, өндийж босоход нь түшиж,тулж ирлээ. Даш-Ёндон сонгуульд нам нь ялагдахад намын удирдлага хариуцлага хүлээх ёстой гээд зайгаа тавьж өгсөн. Н.Багабанди, Л.Энэбиш нар Н.Энхбаярыг дуртай, дургүй ч хүлээн зөвшөөрч байлаа. Н.Багабанди Н.Энхбаярт намын даргаа өгч, Л.Энэбиш орчуулагч Н.Энхбаярыг Соёлын сайд болгож байв. Н.Энхбаяр ч шинэ залуу үеийн бүхэл бүтэн төлөөллийг сайн муу хэлүүлэн оруулж ирсэн юм. Н.Энхбаяр хаанчлалынхаа үед Монголын нийгэм, улс төрд хортой зүйл их хийсэн байлаа ч хожмоо нь муудалцан шоронд явуулахдаа тулж байсан У.Хүрэлсүхийг өнөөдөр намын ерөнхий нарийн бичгийн дарга хүртэлх улс төрд явах замын эхлэлийг тавьж л явсан. Н.Энхбаяр дараа нь дайсан бололцсон М.Энхболд хэмээх, аж ахуйн хүнд улс төрийн орон зайгаа тавьж өгч байв. М.Энхболд С.Баярт өөрийн хүслээр зай тавиагүй ч хотын фракц хэмээх бүхэл бүтэн залуусын шинэ үеийг гаргаж ирэн өөртөө нэгтгэж чадсан. Өнөөдөр тэд нь Монголын улс төрд, намынхаа удирдах түвшинд голлох үүрэгтэй явж байна. С.Баяр эрүүл мэндийн шалтаг тоочсон ч дараа үеийнхэнтэйгээ хэл амаа ололцов. Сү.Батболд Ерөнхий сайдын албаа авмагц Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатарыг танхимдаа багтааж шинэ үеийнхнийг цаашид өсөж дэвжих замыг тавьж өгч байгаагаа илэрхийллээ.

АН-ын лидерүүд харин хэнийг татаж авав. Хэнд зам тавьж өгөв. Залуу гээд байгаа энэ намын лидерүүд нь өнөө л Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Батж.Батбаяр, Н.Батбаяр, Р.Амаржаргал, Г.Батхүү арай дүүмэд нь Ч.Сайханбилэг, С.Баярцогг гээд л болох шив дээ. Аль хэдийнэ үсэнд нь буурал сууж, ач, гучаа тэвэрсэн тэднийг 1990 онд залуу байсныг нь мэдэхээс одоо нялхамсаж ойлгох арга алга. Тэр цагийн залуус жам ёсоороо өвөгцүүлийн эгнээнд жагслаа. Өтөлж яваа тэд өсөж яваа залуусаа хүлээн зөвшөөрдөггүй нь Ардчилсан нам ардчилалгүйн баталгаа болж байна. Зарим улс оронд магадгүй тэднийг залууд тооцож болох ч гадныхны дундаж настай харьцуулбал монголчуудын хэд нь 100 насалдаг билээ гэдгийг бодолцох л хэрэгтэй юм.

Хорин жилийн өмнө ардчиллын өнгө болж гялалзаж явсан өнөөдрийн АН-ын өвөгцүүлийн хажууд МАХН-ын Д.Загджав, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, Су.Батболд, Г.Занданшатар гэсэн шижигнэсэн залуучууд соёолон азарга шиг дүүхэлзэж байна шүү дээ.

УИХ-ын чуулганы танхимын зүүн жигүүрийг эзлэнхэн суугаа хорин настай гэж сайрхдаг Ардчилсан намын толгойнууд бүхэлдээ шахам шинэхэн цас бударсан мэт цайрч харагдахад баруун жигүүрт суугаа  МАХН-ын толгойнууд гүн шөнийн тэнгэр шиг тас хар байна. АН-ын арай залуу гишүүд нь хүртэл толгой нь цайрчихаад байхад МАХН-ын ахмад гэгдэх Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нарын нас хэдий харьж яваа ч үсээ тас хараар будуулчихаад хятад лоохууз шиг гялалзаж, жавхалзаж байх юм. Ямар Улаан нэртэй хүний толгой цайрдаггүй л байв гэж. Ертөнцийн жамаар бууралтаж л байж таараа. Залуу үедээ зайгаа тавихаа мэдэж байгаа ч зангаргаа тавихгүй үсээ хүртэл арчилж, биеэ сайхан авч явж байна. Хажууд нь ардчиллын партизанууд хэзээний буурал үснийхээ сүрэнд дарагдан өвгөн харагдана. Өнөөдөр тавьтангуудын эгнээнд жагссан 1990 оны партизанууд арван жилийн дараа энэ янзаараа байвал жар гарсан өвөгцүүл ардчиллын өнгийг тодорхойлох юу л бол.

Хоёр намын шинэ үеийн төлөөлөл болсон дараа үеийн улс төрийг тодорхойлолцох эхний хорин залуусын нэрийг нэгэн хэвлэлд жагсаажээ. Эхний аравт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин гурав л багтаж чаджээ. Үлдсэн нь МАХН-ын залуус. Албан тушаалгүй хүн тэдэн дотор нэг ч алга. АН-ын дээрх залуусын хувьд өнөөдөр ахмад үеийнхнийхээ залуу халуун явсан шиг эрмэг зоримог байж бас л чадахгүй байгаа. АН-ын залуус ахмадуудынхаа хуншгүй авирыг битүүхэн шүүмжилдэг ч дуугарахгүй явсаар өдийг хүрлээ. Бас тэднээсээ өнгөлж гарч ирж харагдахгүй байгаа. Арай түрүүлэн шинэчлэл ярьж зоригтой дуугарсан Ж.Батзанданг аягүй бол адлан өөнтөглөж, намаасаа хөөхдөө ч тулах юм билүү. Нам дотор нь сөрөг хүчин бий болж, залуу үе нь дуугарвал хаздаг хайрдаг болчихсон болохоор ийм болгоомж төрөөд байна.

Улс төрийн гол хоёр хүчний дараа үеийнхний эхний хорьд АН-аас Х.Золжаргал, Б.Батбаатар, Ж.Батзандан, Б.Болор, О.Магнай нар багтав. Эдний зарим нь өнөөдөр ямар нэг албан тушаал, ажил алба хашаагүй явж байгаа. Тэд ахмадуудаа халаагаа өгөхийг хүлээн зэврэх шахаж байхад дахин нэг шинэ үе ирээд хаалгыг нь тогшиж эхэллээ. Сүхбаатарын талбайд өлсөж, жагсаж, тэмцэж явахдаа хорин хэдтэй, гучин хэдтэй байсан ардчиллын алтан хараацайнуудын дараа үеийнхэн нь арав гаруй настай жаалууд байлаа. Одоо тэр жаалууд ах нарынхаа тэмцэж явсан насанд аль хэдийнэ хүрчээ. АН-ын хувьд Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нар намын даргын албыг хийж үзсэн. Харин залуучуудаасаа хэнийг дэмжиж улс төрд хөл тавиулав аа. Дараа үеийнх нь залуус хэн нэгэн лидерийн дэмжлэг, татаасаар биш бор зүрхээрээ л улс төрд хөл тавьсан. Харамсалтай нь ах нар нь хана хэрэм шиг хаачихаад боломж олгохгүй байна. Шинэ үеэ гаргаж ирэх бодлого байтугай бодол ч АН-ынханд алга. Ардчиллын алтан хараацайнууд өнөөдөр үнэхээр ардчилагчид мөн юм бол ирээдүй үеэ, залгамж халаагаа гаргаж ирэх цаг болжээ. Ардчиллыг өмчлөхийн төлөө тэр үед амь насаараа дайчин тавин өлсөж, тэсгим өвлийн жаварт даарч зогсоогүй гэдэгт найдна. Тэд ардчиллыг Монголын төлөө, ирээдүйн төлөө хийсэн. Монголд ардчиллыг тэр үедээ шинэ цагийн залуус болох тэд авчирч байсныг шууд үгүйсгээд байгаа юм биш. Ардчиллыг зөвхөн өөрсдөөрөө төсөөлөн үнэт зүйл, үзэл баримтлалаа мартаад албан тушаалын амттайхан бялууны хэлтэрхийнд мөн чанараа гээж байгаад нь л халагласан хэрэг. Шинэ хүмүүс л шинэ зүйл хийдэг болохоор дараа үеийнхэндээ боломж олгох хэрэгтэй юм.

Өнгөрсөн нөхөн сонгуулиар жишээ авъя л даа. МАХН шинэ залуу Д.Зоригтыг дэвшүүлсэн бол Ардчилсан нам Б.Батбаатарыг зольж, Р.Бурмааг дэвшүүлсэн. Залуучууд хоорондоо өрсөлдсөн бол хоёр намын жинхэнэ шинэ үеийн төлөөллийн тулаан сонгуулийн үр дүнг яаж ч эргүүлээ билээ. Нас тогтсон намбалаг авгай, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цэл залуухан Д.Зоригттой рингэн дээр гараад зогсохоор бооцоогоо хэнд нь тавих нь ойлгомжтой шүү дээ. Улс төрийн нам хорин жил болоход үүсгэн байгуулагсад нь хорин настай байдаггүй. Хорин жилийн өмнө нэг настай улс төрд хөл тавиагүй л бол тэр үеийн залуусын хамгийн залуу нь дөч гарч, ахмад нь 60 гарчихсан явна. Харин тэд өөрсдийгөө залуу гэж эндүүрсээр л байгаа.

АН-ын дарга Н.Алтанхуягийн хоёр хүүхэд намынх нь ҮЗХ-д байдаг. Батж.Батбаярын хүү нь Иргэний зориг намаас сонгуульд өрсөлдөн намын хутгуур болж өсч өндийж байна. Дараагийн сонгуульд Н.Алтанхуягийн хүүхдүүд Батж.Батбаярын хүүтэй өрсөлдөөд л явж байх юм гэнэ. Тэдний бэлтгэж буй дараа үе нь нэг иймэрхүү. Арван жилийн дараахь Ардчилсан намын хувь заяа бүрхэг байгаа нь эндээс харагдана. "Алтан гадас" гээч МАХН ч биш, АН ч биш, Ардчилсан нам дахь МАХН-ын төлөөлөгчид ч юм шиг, МАХН-аас Ардчилсан намд илгээсэн төлөөлөгч ч юм шиг хэдэн нөхөд хамаг сандал суудлыг нь эзлээд АН-ын хойч ирээдүйг биш эхнэр хүүхдээ ажилтай, өөрсдөө албан тушаалтай болж л хожлоо. Тэдний хувьд юун ардчилал, юун Ардчилсан нам бололтой.

Хамгийн сүүлд хуралдсан МАХН-ын их хурлын төлөөлөгчдийн дундаж нас дөчин нэг, хоёртой гэж байсан бол АН-ын их хурлын төлөөлөгчдийн дундаж нас тавь гаруй настнуудаар дүүрснийг тооллогын комисс нь зарласан.

Өмнөх парламентад АН-аас сонгогдсон гишүүд хамгийн залуу байсан бол энэ УИХ-д МАХН-ын залуус түрж, хамгийн, залуу нь Ж.Сүхбаатар тэргүүтэй гишүүд болчихлоо.

МАХН-ын дараа үеийнхэн аль хэдийнэ бэлэн жагсаж, ихэнхийнх нь хүүхдүүд төрийн албанд шургалж, хэлтсийн даргаас газрын дарга болчихсон байх жишээний. Үгүй ядаж л бизнест амжилттай яваа. Эсвэл гадаадад төрийн тэтгэлгээс суралцаж, зарим нь аймаг нийслэлийн удирдлагын түвшинд ажиллаж байна.

МАХН-д байдаг фракц бүлэглэл АН-д ч дутахааргүй олон тоотой бий. МоАХ МҮДН, Алтан гадас, Зүүн хойд Ази, Кроун гээд л нэрлэвэл нэлээдгүй хэдийг дурдах вий.

Яахав, Р.Гончигдорж ид гялалзаж явах үедээ Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гансүх, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, З.Энхболд нарыг татаж, "Алтан гадас"-ын хүчийг зузаатган, цусыг сэлбэсэн байх талтай. Гэхдээ АН-ын хүчийг нэмж цусыг шинэчилсэн гэвэл бас эргэлзээтэй.

Харин Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл , Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хэнийг гаргаж ирэв. Одоо хэн нь шинэ үед хүлээн зөвшөөрч гаргаж ирж чадах бол гэсэн асуулт байна.

Эдэн дотроос шинэ үеэ гаргаж ирэх хүн байв уу. Өнөөдөр МАХН бодлого зангиддаг гол хүн болох ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг У.Хүрэлсүхэд хариуцуулж чадсан. АН залуучууддаа боломж өгч бялууны хэлтэрхий амсуулж чадахгүй байлаа гэхэд намынхаа энэ байр суурин дээр залуу хүн тавьчих эр зориг гаргаж яагаад болохгүй гэж.

1990 онд Улс төрийн товчоог хуучинсагаар нь дуудаж, хуугаар нь буулгаж байснаа санаж байгаа бол тэд ухаан зарж, тулаан хийлгүй дараа үеийнхэндээ боломж олгосныг бас мартах ёсгүй. Хувь заяа шоглоомтойгоор хуучныг чинь сануулж байна. Ард түмэн ардчиллыг хүлээн зөвшөөрөөгүй биш, зөвшөөрсөн. Тиймээс ч ардчиллынхныг анхны сонгуулиар алгаа тосч угтсан. Түүнээс хойш яагаад ардчиллынхан дараалан дампуурч, ялагдаад байв. Тэд ардчилалтай Ардчилсан намыг хүссэнээс "алтан хараацай"-нуудыг ардчиллыг насан туршдаа өмчлөөд өнөөх коммунистуудаасаа ялгарахгүй дал, наян жил төр бариад зантайгаад суухыг хүсээгүй.

2004 оноос хойш Ардчилсан нам олигтой сөрөг хүчин байж сөрж чадсангүй. Эрх баригч ч байсангүй. Ядаж олигтой сөрөг хүчин байсан бол гудамжинд сөрөг хүчин байгуулан эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн олон жижиг намуудын лидер залуус Ардчилсан намд орох байлаа. Сөрөг хүчин шиг байж чадаагүй болохоор нь ардчилсан үзэлтэй тэр залуус тусдаа нам байгуулж сөрөг хүчний хийгээгүйг хийх гэж зүтгэсэн. Эрх баригч болж чадсан бол аль нэг яаманд дараа үеийнхнээсээ татаж оруулаад тэдний хүч чадлыг нь ашиглаж болох байв. Харамсалтай нь алийг нь ч олигтой хийсэнгүй. Хүнтэй зүйрлэвэл эр хүн, эм хүний үүргийн алийг нь ч гүйцэтгэж чадахгүй саармаг хүйстэн буюу манин нам болж хувирсан. Манин хүн үр хойчоо үлдээх боломжгүйтэй адил манин нам ч хойч үеэ үлдээж чаддаггүй юм байна. Ийнхүү араасаа залгах хойч үегүй Ардчилсан намын өвөгцүүл өөрсдөөрөө л дуусах дээрээ тулчихлаа.

Нэгэн эрхмийн хэлж байсанчлан ардчилсан хувьсгалын эхний эгнээнд явсан нөхдийн дунд Улс төрийн товчоог унагах гэсэн тухайн цаг үеийн МАХН-ын зарим лидерүүдийн захиалгаар шургалсан нөхөд энэ намд байдаг юм биш биз. МАХН-ын тэр захиалагчид нийгэм тэр аяараа ардчиллыг дэмжиж хүлээж байсныг гадарлаагүй болов уу. Улс төрийн товчоог унагах оролдлого нь улс төрийн шинэ хүчнийг гаргаж ирэхэд түлхэц болохын чинээ санаагүй биз. Ингээд л МАХН-ын гишүүн байсан баахан залуус уугуул намынхаа захиалгаар ардчилсан шинэ нийгмийн далбаан дор Ардчилсан намд шургалж гарч ч чадахгүй өнөөдөртэй золгосон байж болох юм.

Ардчиллаас ухрах замгүй болсон зарим нь угшлаа мартахгүй өдийг хүрч МАХН-тай одоо болтол хүзүү, толгой холбоод шинэ үеийнхэндээ чөдөр тушаа бэлдэж, хаалт халхавч болж суудаг юм биш байгаа даа. Хэрэв ардчиллын шинэ үе гараад ирвэл юун наадам, юун цагаан сар гэдэг шиг л МАХН-ын өвөрт шургалахгүй болчихно гэж АН-ын ахмад үе дараа үеийнхнээ дарж суудаг байж болох юм. МАХН энэ хооронд хорьхон жилийн түүхтэй хэрнээ аль хэдийнэ өтөл нам болсон АН-ыг харж инээн өөрсдөө бол коммунизмыг баримтлагч өвгөдөөсөө сэмхэн салсаар байна. Ирэх 2012 оны сонгуулиар МАХН-ын бүхэл бүтэн шинэ үе улс төрд хөл тавих бэлтгэл хангагджээ. АН харин залуусаасаа холдож, өвгөдөө өөгшүүлсээр өдий хүрчихлээ дээ. Дараа үеийнхэндээ хаалгаа нээж өгөхгүй бол араасаа залгамжгүй Ардчилсан намын мөхөл хаяанд ирчихсэн байна.

Онцлох нийтлэлүүд