ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.09.17 01:09

“Арав дахь хавар”-ын төгсөгчид тавин жилийн дараа

50 жилийн дараа сургуулийнхаа үүдэнд

“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочид бол Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн II сургуулийн 1966 оны төгсөгчид. Тэд тавин жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзсан юм.

10А ангийнхан ангидаа орж тус тусын суудалдаа суусан байлаа. Тэдний ширээн дээр “Баян-Өлгий аймгийн арван жилийн II сургууль, 1956-1966 он. 10 дахь төгсөлт” гэсэн зургийн цомог дэлгээтэй байв. Тэр л зураг дээрх цагаан цайлган, гэнэн томоогүй, харцанд нь хөнгөн инээмсэглэл тодорч, дүрэмт хувцсаараа гоёсон хөвгүүд, охид нас сүүдэр хэдийнэ жар хол гарч өвөө, эмээ болсон өөрсдийнх нь өөдөөс сониучирхан харах мэт сэтгэгдэл тэдэнд төрж байсан биз ээ.

Ангийнх нь анд Хусманы Хаваат, Жакейн Мизамхан, Дүгэрийн Тунгалаг, Хусаяны Кулзада нар нь уулзалтад оролцохоор холоос зорьж ирсэн ангийнхныгаа төрсөн нутагтаа хүлээн авсан байна. Тэдэн дээр долдугаар ангиа хамт төгссөн охин Шагыйн Казима, Чэгжээн Бижий нар нь нэмэгджээ. Улаанбаатараас Дүгэрийн Лхагваа, Тотойн Бадам, Батхуягийн Буянцог, Пэрэнлэйн Тогжил, долдугаар ангид тохой залган сууж төгссөн Лэгцэгийн Ядам, аравдугаар ангийн хөвгүүн Равсалын Заан Сэлэнгэ аймгаас, долдугаар ангийг цуг төгссөн Мэдээн Цогзолмаа Дархан хотоос ирж нөхөдтэйгөө нийлэн хот хоорондын автобусанд сууж хоёр хоногийг ардаа орхин Баян-Өлгийд буужээ. Тэгвэл Сампилын Дэжид Улаанбаатараас, долдугаар ангийн охин Цэвэгийн Эрдэнэчимэг Эрдэнэт хотоос гарч Улаанбаатарыг дайран Баян-Өлгийд онгоцоор ирсэн байв. Гондигийн Палмаа Увс аймгаас ирсэн байлаа. Г.Палмаа Багшийн сургууль төгсөж Баян-Өлгийд олон жил багшилж хэдэн зуун шавьтай болсон ажээ.

Нэгэн ангийнхан уулзсан даруйдаа биенийгээ бүртгэж эхлэв. Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж, Төв аймгийн Батсүмбэрт идээшсэн Чэжиний Даваасамбуу, Дархан хотод аж төрж буй Цэндийн Буядаа, Эрдэнэтэд суугаа Батшүлэгийн Тагтаа нар эрүүл мэндийн байдлаас болж уулзалтад ирж чадаагүй бол нутагтаа аж төрж буй хоёр охин Т.Манат, С.Макей хоёр эмчилгээ сувилгаанд явсан тул, С.Татъяана, Жамиш, Жазира гурав нь хилийн чанадад Казахстанд аж төрж байгаа учраас аян замын уртаас шалтгаалан мөн л ирж амжаагүй байна. Ангийн хамгийн өндөр хүү Жинлэвийн Тэрбиш, бас холбоотой мэт явдаг хоёр анд Риймэдийн Дамдинсүрэн, Цэвэгийн Мүсрэв нарын сургийг ангийнхан нь энэхүү уулзалтын өмнө ер гаргаж чадаагүй гэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ ангийн долоон хүүхэд анд найзуудтайгаа эргэж хэзээ ч уулзахгүйгээр бурхны оронд оджээ. “Тэд маань нас биед хүрч, өвөө, эмээ болсон хойноо төдийлөн ангийнхантайгаа уулзаж учирч байгаагүй болохоор андууд минь хүүхэд ахуй насны тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэх нь зүрх өвдмөөр ч юм шиг ээ” хэмээн найзуудынх нь нэг харуусан ярьж байв. Ийн ангиараа өөд болсон нөхдөө эргэж нэгэнтээ дурсацгаалаа.

9а анги 1965 он. Бахлак бригадад.

Урд эгнээний зүүн гар талаас Ж.Тэрбиш, Бригадын дарга Ц.Ожиг, багш Хылаш, Р.Дамдинсүрэн, Б.Буянцог, Д.Лхагваа, багш Р.Баасандай, Ж.Нямгүр, Д.Намхай, Х.Хаваат, Ж.Баасанжав, З.Дорж, багш Х.Насер, Р.Заан, Ч.Даваасамбуу, Ц.Мүсрэв

Жүгдэрийн Баасанжав Багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгссөн. Түргэн хөдөлгөөнтэй, шоволзсон, жижгэвтэр биетэй бор хүү. Баян хуур дардаг, концертод оролцдог хүүхэд байжээ. Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан сургууль дээр нь ирж концерт тоглосны дараа Марат гэдэг дэггүй найз нь Баасанжавыг тус театрын нэг гоцлол хөгжимчинтэй зүйрлэн Магсаржав гэж дуудах болж гэнэ. Хараад байхнаа Баасанжав хөгжим дараад зогсож байгаа нь тэрхүү хөгжимчинтэй нээрээ адилхан ч юм шиг байдагсан хэмээн нөхөд нь өнөөдөр дурсан ярьцгааж байна. Даривханы Марат тавдугаар ангиас есдүгээр анги хүртэл хамт сураад гэнэт л нэгдүгээр арван жил буюу казах сургуульд шилжсэн байна. Хожим тэрээр МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсч аймагтаа багшилж, аймгийн төвийн бараан захад лангуу хүртэл ажиллуулж байгаад хэдэн жилийн өмнө өөд болжээ. Магирын Хорлоо нь Баасанжавтай нэг сургууль төгсч, Сэлэнгэд багшилдаг байжээ. Сургуулийнхаа хөвгүүдийн харцыг булаасан алаг нүдтэй, даруухан, сайхан охин байсан гэнэ. Тэрбээр өөрөөсөө нэг ангиар ах С.Пүрэв гэдэг залуутай гэрлэжээ. Харин Дистэйн Рааш улаа бутарсан сайхан охин байж. Сүүлд Хөтөлд аж төрж байгаад өөд болжээ. Жинлэвийн Нямгүр Тэрбишийн төрсөн дүү, цочмог, дүрсхийсэн зантай сэргэлэн хүү байсан аж. Одесст жин хэмжүүрийн мэргэжлээр техникум дүүргэж мэргэжлээрээ ажиллаж байжээ. Хөдөө орон нутагт томилолтоор их явдаг байж. Тэр болгондоо ангийнхантайгаа уулзахаа ер мартдаггүй байсан гэнэ. Д.Намхай гэж аажуу тайвуу намбатай хүү. Ленинградад эмнэлгийн багаж төхөөрөмжийн чиглэлээр техникум төгссөн. Түүнийг ажилдаа хариуцлагатай, сайн ажилладаг байсныг ангийнхан нь хэлсэн. Хулгана гэж даруу төлөв, намба төгс сайхан охин. Арьс ширний үйлдвэрт инженерээр ажиллаж байжээ. Зодогийн Дорж бахим чийрэг хүү. Тэгээд ч цэргийн дээд сургууль төгсөж цэргийн жавхалзсан дарга болсон байжээ. Ангийн андууд нь уулзалтынхаа эхэнд нэг хором дуугүй зогсож эдгээр нөхдийнхөө гэгээн дурсгалыг нь хүндэтгэлээ.

1966 оны төгсөгчид “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтдаа зургаа, долдугаар ангийн анги даасан багш Баадайн Пунцагдаш, найм, ес, арав гээд гурван жил өөрсөдтэй нь “ажилласан” багш Хорхоны Рапиза нарыгаа хүндэтгэн урьжээ. Пунцагдаш багш нь Баян-Өлгийтэй хаяа залгаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумандаа зусаж байгаа болохоор өглөө мордоод үд хэвийж байхад хүрээд ирж. Харин Рапиза багш нь Казахстан улсад шилжин суурьшиж Павлодар хотод үр хүүхдүүдтэйгээ аж төрж байгаа учир ирж амжаагүй юм байна.

10а ангийн охид. Урд эгнээ зүүн гар талаас А.Хулгана, Т.Должинсүрэн, Д.Тунгалаг, Г.Палмаа, С.Дэжид, К.Жамиш, С.Макей, Д.Рааш, Т.Бадам, К.Жазира, С.Татъяана, О.Манат, Х.Кулзада, М.Хоролоо

Уулзалт эхэлж ангийн дарга Д.Лхагваа хоёр багшдаа мөн л хадаг, мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн өргөн барьсны дараа Б.Пунцагдаш багш мэндчилгээ дэвшүүлэхээр болоход мань хүн сэвхийтэл босч ангиас гарч одсоноо журнал юугаа сугавчилсан байдалтай намбалзтал алхалсаар орж ирээд шавь нартайгаа “Сайн байцгаана уу” хэмээн мэндлэхэд сурагчид суудлаасаа зэрэг босож “сайн” гэж нэгэн дуугаар хариулав. Б.Пунцагдаш багш “Миний дааж төгсгөсөн 7б ангийнхан хичээлдээ жигд сайн, харин хөвгүүд нь жаахан дүрсгүй талдаа байсан" гэв. Тэгээд Пунцагдаш багш шавь нартаа хандаж сургаалын сайхан үгээ хэлсэн юм. Тэрбээр “Би одоо нас сүүдэр 84 хүрч байна. Хориод жилийн өмнө тэтгэвэртээ суух болоход ингээд бүх зүйл дуусдаг байжээ, хийх ч юмгүй боллоо гэж бодож байв. Тэгсэн тиймгүй юм байна. Тэтгэвэрт сууна гэдэг чинь хамгийн их ажиллахыг шаарддаг юм байна. Би 1984 оноос судалгааны ажил хийж, Өөлдүүдийн овгийг ангилах талаар нийт дөрвөн боть ном бичиж хэвлүүллээ. Хүн ямагт сэтгэл өндөр байх хэрэгтэй. Уурлаж ердөө болохгүй. Дандаа баяр баясгалантай юм бодож байх хэрэгтэй. Энэ тархийг ер амрааж болохгүй. Зовоож байх хэрэгтэй. Ном их уншигтун. Би ном их уншдаг. Энэ хоёр хөл буюу аморжинийг амрааж болохгүй. Дандаа зовоож байх хэрэгтэй” гэж шавь нартаа захив.

Пунцагдаш багш 1956 онд УБДС-ийн Монгол хэлний анги төгсч Баян-Өлгий аймагт хуваарилагдаж, казах сургуульд хоёр жил, монгол буюу арван жилийн хоёрдугаар сургуульд зургаан жил багшилжээ. Нутаг усандаа Пу багш хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм Монголын багш нарын хоёр ч их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Түүний ажил үйлсийг төр засгаас үнэлж Алтан гадас одонгоор шагнасан байна.

Дурсамж уулзалтад оролцохоор очсон ангийн дарга Лхагваа, түүний гэргий Т.Бадам, ангийн анд Б.Буянцог гурвыг ангийнх нь хүү Х.Хаваат гэртээ хүлээн авч тэр гурав тэдний томоо гэгчийн өргөө цагаан гэрт өглөө эхнэр Х.Зиягаар нь өрхөө татуулж хоол цай зөөлгөж хэдэн өдөр тухалсан бол Улаанбаатар, Дарханаас очсон охид ангийн анд Тунгалагийнхаа хоёр өрөөний нэгийг эзэгнэн төвхнөжээ. Тунгалаг ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэж байна. Нөхөр нь долдугаар ангид цуг сурч байсан З.Намжав гэдэг элдэвтэй, сэргэлэн хүү байжээ. Тунгалаг ангийнхнаасаа нэг жилийн дараа УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн орж төгсөөд насаараа нэгдүгээр арван жилийн казах хүүхдүүдэд монгол хэл зааж одоо насны тэтгэвэртээ гарч, ач зээ нараа тойруулсан шигээ жаргаж суугаа аж. Тус ангиас ердөө ганцхан хос төрсөн нь Лхагваа, Бадам хоёр юм байна. Тотойн Бадам Бая-Өлгий аймгийн Бугат сумын Ховд бригадын уугуул. Лхагваа 1971 онд тавдугаар курсын оюутан байхдаа Киев-Москва-Чита-Баянтүмэний галт тэргэнд сууж Чойбалсан хотод очиж ангийн охин Бадамтайгаа гэрлэжээ. Бадам тэгэхэд цахилгаанчин мэргэжилтэй, Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад ажиллаж байжээ. Нэг ангийнхан уулзалтын турш халуун дотно яриа өрнүүлж, хүүхэд нас, сурагч ахуйн он жилүүдийг дурсаж, өөрсдийнхөө тухай, багш нарынхаа тухай ёстой л шавайгаа ханатал ярьж, инээж хөхрөлдсөн. Ангидаа орж, өөрийн ширээнд очиж суусныхаа дараа тэдний дунд ийм нэг яриа өрнөв.

-Хөөе, энэ манай анги чинь ямар жаахан болчихсон юм бэ гэхэд хажуунаас нь:

-За ярьшиг чи өөрөө ангидаа хойноосоо хоёрт жагсдаг жижигхэн амьтан байсан бол харин одоо хөөрхөн гүзээлчихсэн өвгөн болчихоод анги чинь жижигдээд байхгүй юу даа.

-Тийм юм болов уу. Гэхдээ л. Химийн кабинетын олон үзүүлэн материал, шил сав, элдвийн бодис бүхий шүүгээтэй хэрнээ их л том өрөө санагддаг байсан юм даа. Жижигхэн Буядааг хичээл эхлэхийн өмнөхөн цонхон дээр гаргаад тавьчихаар тэндээсээ буух гэж тэвддэг, цонх нь ч тийм л өндөр байгаагүй бил үү.

-За тэр ч яахав, анги, химийн кабинет гэснээс манай ангийн багш бидний нэгийг цаанаасаа минзурк аваад өг гэхэд мань хүн мэдэмхийрч очсоноо хуруу шил бариад ирж байсан онигоог та нар санаж байна уу?

-Санаж байна аа, санаж байна. Тэгээд тэр минзурк гэдэг чинь юу юм бэ?

-Минзурк л байхгүй юу.

Энэ ярианы дараа дурсамж уулзалтад ирсэн ангийнхан Рапиза багшаа дурсацгаав.

-Манай багш үнэхээр л сайн сайхнаар дурсан санахгүй байхын аргагүй хүн байжээ, одоо бодохноо. Манай багш нүд шүд, үс зүс тэгш сайхан, гэрэл цацарсан царайтай, уурлаж уцаарлахыг мэддэггүй сайхан бүсгүй байж билээ. Гадаадад дээд сургууль төгссөн хэрнээ Улаанбаатар хотноо УБДС-д багшилж байсан болоод ч тэр үү, монголоор ямар ч аялгагүй ярина. Багш товор товор алхалсаар ангид орж ирээд цамцныхаа ханцуйг шамласнаа самбар дээр химийн томьёо бичдэг байсан, одоо ч нүдэнд харагдах шиг.

-Яг үнэн. Багш гол нь биднийг ахлах ангид маань гурван жил дааж, аравдугаар ангийг төгсгөж ажил амьдралын алтан шар замд үдэж өгсөн гавьяатай хүн. Ангийн багш маань хэнд ямар мэргэжил тохирохыг дотроо тооцоолчихсон байсан юм билээ гэж ангийнхнаас нэг нь ярив.

Энэ ярианд С.Дэжид оролцож “Харин тийм. Намайг л гэхэд зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцоод Ховд аймагт явж байх хойгуур Эдийн засгийн дээд сургуульд хуваарилчихсан байсан ш дээ” гэв. С.Дэжид дээд сургуулиа төгсөөд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст тасралтгүй 30 гаруй жил ажилласан бөгөөд ангидаа ганц цэргийн цолтой нь Дэд хурандаа С.Дэжид юм байна.

Аравдугаар ангиа төгссөнөөс хойш тавин жилийн дараа болж байгаа “Бид нэг ангийнхан” дурсамж уулзалтад оролцогчид Толбо нуурын жуулчны баазад ирж амрахаар тухалсан байлаа. Ангийнхан математикийн улсын шалгалтаа хэрхэн өгсөн тухай хөгжилтэй явдлаасаа хуваалцав.

Шалгалтын өмнөх өдөр Ависхан захирал догширч, биеийн тамирын заалыг улсын шалгалтад зориулж тусгайлан засуулжээ. Тэгээд “Та нар нэг нэг метрийн зайтай сууцгаана. Нэг нэгнээсээ хуулна гэж бодож байгаа бол санасны гарз” гэхчилэн сүрдүүлжээ. Шалгалт эхлээд удаагүй байтал ширээнүүдийн хооронд үзүүрт нь “шпи” уяж дамжуулахаар бэлтгэсэн утас илэрч хэрэг мандсан байна. Захирал тэрхүү утсыг хөвж аваад ширээн дээрээ тавьчихаж. Түүний харцанд хуулах гэж горьдож байгаа бол бүтэхгүй шүү гэсэн хатуурхал илт байсан гэнэ. Үүргээ гүйцэтгэж чадаагүй тэр утсан холбоог тус ангийн хэн гэдэг тоочин чухам хаана, хэнд хүргэхээр тавьсан эсэх нь өнөө хэр тайлагдаагүй ангийнхны нууц хэвээр үлджээ. Харин шалгалт эхлээд дундаа орж байтал сурагчдад ашигтайгаар эргэж. Ангийн тоочид бодлогуудаа бодож дуусч байхад Ависхан багш гэнэт танхимаас гарч хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан ангийн багш нь үлджээ. Багш ч яаралтай тусламжийг зохих эздэд нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх үүргээ биелүүлж, "шпи"-г зөөх ажилдаа оржээ.

Долдугаар ангийн анд Ш.Казима нь ангийхныгаа гэртээ урьж өдрийн зоог барив. Өлгийн захад орших тэдний олон тасалгаатай байшингийн зочны өрөөнд том ширээ засч казах заншлаар идээ будаа дүүрэн өржээ. Казимагийн нөхөр ч эхнэрийн ангийнхан ирлээ гээд сүйд болов. Ангийнхан нь “Ингээд Казима маань алдарт эх болчихдог байжээ” хэмээн гайхлаа. Тэгснээ “Ер нь бидэн дотор Мизамхан, ангийн дарга хоёрыг эс тооцвол алдарт эх, гавьяат эцэг болоогүй хүн байгаа юм уу? Заан маань арван хүүхэдтэй гэж байна. Манай ангийнхнаас хамгийн түрүүлж эцэг болсон юм байна. Хориодхон настай байхдаа Алтай нутгийн охины толгойг эргүүлж аваад суучихсан байгаа юм даа" хэмээн хөөрөлдөв. 1966 онд тус ангийг 15 хүү, 15 охин төгсчээ. Төгсөгчдийг хамгийн интернационалч анги байсан гэж хэлж болно. Учир нь энэ ангид 11 дөрвөд, найман урианхай, найман казах, хоёр тува хүүхэдтэй байсан бол ганцхан халх охинтой байжээ. Ганц халх охин нь Түдэвийн Должинсүрэн. Тэрээр урт үстэй, булцгар цагаан охин байж. Должинсүрэн нөхрийнхөө буяны үйлийг гүйцээхээр Увс аймаг руу явах болоод энэ уулзалтад харамсалтай нь оролцож чадаагүй байна.

Энэхүү ангиас хоёр эрдэмтэн төржээ. Тэр нь Дүгэрийн Лхагваа, Жинлэвийн Тэрбиш нар юм байна. Одоо дахиад хоёр гавьяаттай болохыг мөрөөддөг байна. Хусмааны Хаваат хэзээний л техник сэтгэлгээ сайтай хүүхэд байжээ. Юм юмыг эвлүүлээд засчихна. Гарын их дүйтэй. Хар цагаан телевиз түвэггүй засч Өлгийн ард түмэнд буян болж байсан гэдэг. Мөн Хотгорын уурхайд орон тооны бус инженер. Хаваат Барилгын хүнд машин механизмын инженер мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад зах зээл гүнзгийрэхийн хэрээр аймагтаа хамгийн том машин засварын газар нээн ажиллуулжээ. Машин оношилж, засах ажилд хөвгүүдээ сурган дадлагажуулж одоо өөрөө зөвлөх хийж байна. Бөхөн уулын ар дахь Хаваатын засварын газрын том хашаа дүүрэн төрөл бүрийн маркийн машин засварт орох, сэлбэг хэрэгсэл ирэхийг хүлээн зогсож байгааг харсан хүн тэнд ямар их ажил ундарч байдгийг аяндаа ойлгоно.

Харин ангийн дарга Дүгэрийн Лхагваа багын л нягт, нямбай хүүхэд байж. Арван жил онц сурчээ. Улмаар Украины Киев хотын Политехникийн дээд сургууль, Патент судлалын дээд сургуулийг зэрэг төгсөж Радио электроникийн зохион бүтээгч, Патент судлалын инженерийн диплом өвөртөлжээ. Монголын холбоо ашиглалтын чанарын асуудлаар докторын цол хамгаалсан байна.

Лхагваагийн ажил Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институттэй салшгүй холбоотой юм. Тэрээр тус институтэд техникч, инженер эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч захирлыг нь хүртэл хийжээ. Завсарт нь сайд нарын Зөвлөлд референтийн албыг хашиж байгаад Москваг зорьж Эдийн засгийн харилцан туслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт шинжээчээр таван жил ажилласан байна. Лхагваа Монголдоо анх удаа өнгөт кодыг нэвтрүүлснээс гадна холбооны тосон кабелийн залгааны анхдагч болсон “Мандваа” компанийг 1996 онд байгуулжээ. Тэр цагаас хойш Монголын есөн аймаг, 25 дүүрэг, сум, суурин газарт гар утас, интернет ажиллуулах боломжийг нээж, 1000 гаруй км шилэн кабель сурилуулж, ингэхдээ цоо шинэ олон төхөөрөмж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг хорь гаруй дахин нэмэгдүүлсэн тооцоо бий.

Ангийн уулзалтын үеэр

Униар татсан хавьрын орой

Урьхан салхи шивнэхдээ

Удахгүй сургуулиа төгсөх бидний

Урдах зам минь хаагуур зурайна вэ... хэмээн байн байн аялах. “Арав дахь хавар” дуу тус ангийнхныг төгсөх жил олны хүртээл болсон түүхтэй. Тиймээс тус ангийнхан энэ дууг ихэд бэлгэшээж, өөрсдийгөө “Арав дахь хавар”-ын жилийн төгсөгчид гэж хэлэх дуртай юм байна.

Тавин жилийн дараа уулзсан ангийнхан 2021 онд Улаанбаатарт дахин уулзахын ерөөл тавин салсан юм. Мөнхүү ангийн толгой математикч Ж.Мизамхан “Таван жилийн дараа бид бүхний аравдугаар ангиа төгссөний 55 жилийн ой болно. Дээрээс нь Хүннү гүрэн хийгээд Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны, Ардын хувьсгалын, манай аймаг, сургуулийн гээд олон тэгш ой давхацсан жил тохиох болно” хэмээн бэлгэдэж уулзалтыг тооцоолсон байв.

Онцлох нийтлэлүүд