ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.06.14 02:06

Арван жилийн дараа

Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн өгүүл­лэгийг толилуулж байна.

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гараа өргөсхийн яваа тэр эрийг хараад “Зайлуул, Дагва шив дээ” хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв. Гэртээ орж ирэхэд нэрж бай­гаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж, хүйтэн усаар со­лив. “Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна” гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа үр­­­­чийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав. Дэнсмаа түүний бөгтийсхийн өргөн цээжээ ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин аажуухан явааг хараад “Өтлөх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.

-За сайн байна уу?

-Сайн сайн. Чи сайн биз дээ. Ингэж тэр хоёр жирийн даруухан мэнд солилцов.

Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,

-Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.

-Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.

-Тийм гэнэ лээ. Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.

-Тийм ээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод

-Хүү хаачаа вэ гэж асуу­лаа.

-Хонь руу явсаан. Саа­халтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон.

-Хүү минь овоо болж дээ, гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн нэг хараад жалавчныхаа усыг хутган

-Яахав хөөрхий минь өсч өндийж, миний ганц түшиг болж байна гэлээ.

Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өм­нө очив. Дагва бүрхээрт тогт­сон ээрэмнээс хуруугаараа өл­гөн авч амсаад,

-Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.

-Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт хэлэв.

...Тэр хоёр энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар. Зуны эхээр тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож билээ. Дэнсмаа санаа зововч “Өнөөх л бага сургуулийн, цэргийн гэх найзуудтайгаа нийлээд гашуун ус эргүүлж яваа байх” гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч, үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн дотор нэгэн сэжиг төрж, “Царай алдахгүй” гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,

-Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарс­хийн,

-Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэнд,

-Чи ямар байлгах гээв гэж адарчээ.

-Байдгаараа байж бо­лохгүй болоо юу?

-Тийм болсон бол яах нь вэ?

-Жаргал чинь дэндэж л дээ.

-Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.

-Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!

Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаар­ласан эцэгтээ гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг “аав аа” хэ­мээн цахиртан орилж билээ. Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын “торгон” Намжилынд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж. Олон хүн “Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир. Хүүгээ бод” гэж ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй. Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж, түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэн “Би ч бас түргэдсэн байх” гэж бодогдох болсон билээ.

Тэр гайт намраас хойш арван жил өнгөрчээ. Сүүлийн гурав, дөрвөн жилд нутаг ойртож. Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм. Царайлаг сайхан зүс, баян тарган эц­гийнхээ буянд эрдсэн Бум­жидын дэргэд Дагва даанч хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн “Хохь нь дээ, байж байгааг нь хараач” гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор шарандаа ч юм уу, ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч яваа юм...

Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өн­гө орон ягаан туяа татаж байлаа.

-Танайхан сайн биз дээ?

-За даа... Сайн даа, сайн.

-Бумжид байгаа биз дээ?

-Саяхан хот руу явсан.

-Хэзээ ирэх юм бэ?

-Мэдэхгүй ээ. Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал, тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. “Оройхон болохоор наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг” гэж нутгийн залуус инээд хөөр болгон ярилцахыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид “Чи зүгээр л зайл” гэж хэлэхэд бэлэн байхад Дагва яах ч билээ дээ.

Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,

-Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд

-Юу тэр вэ. Тэгээд хэлээч дээ гэв.

-Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,

-Юу. Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.

-Тэр чинь миний юм биш ээ.

-Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?

Дагва толгой дээрх ал­чуураа авч нүүрээ шудраад

-Би том алдсаан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо.

-Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү. Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав. Дагва дув дуугүй хэсэг суугаад, өмнөх аягатай архи авч зал­гилав. Тэгээд босч үүд рүү явснаа түр зогсон,

-Би ирнээ гэж хэлээд га­рав.

Дэнсмаа гэнэт сэхээ авч “Бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой” гэж хэлэхээр гүйн гарвал, хуучин нөхөр нь өөрийн ал­даа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг бөхийсөөр уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

Онцлох нийтлэлүүд