ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.12.30 11:12

Ардчилал бол ижил тэгш байхаас гадна өөр байхыг ч зөвшөөрдөг нийгэм

Израилийн Ерөнхий сайд асан Ш.Перс нэгэнтээ “Ардчилал ижил тэгш байх эрх төдий биш, бас өөр байх эрх” гэж хэлсэн байдаг. Бид ардчилсан нийгэмд орсон тул бүгд адилхан байх ёстой гэсэн буруу ойлголттой өдий хүрсэн. Яагаад ингэж хэлэв гэвэл “Тэр муу баяжчихсан, энэ муу ч баян хулгайч” гэх зэргээр зарим нэг хүмүүсээ элдвээр муу хэлдэг. Бүүр байчихаад өөрсдийнх нь үзэл бодлоос өөр үзэл бодолтой хүмүүсийг элдвээр хэлж, бараг л нийгмийн дайсан гэж зарлах нь халаг болдог. Бас мэргэжил, ажил байдлаар нь ялгаварлан гадуурхах байдал хавтгай болж байх шиг байна. “Муу архи үйлдвэрлэдэг этгээд, уул уурхайтай хулгайчдаас луйвардахад яадаг юм” гэсэн яриа жирийн юм шиг болтлоо хэлэгддэг болжээ.

Тэгвэл өнөөх “өөр байх эрх” хаачсан хэрэг вэ. Үүнийг зориудаар мартагнуулах гэсэн зорилго байгаад л хамаг учир байна. Тэр муу баяжчихсан, бас үйлдвэртэй гэх зэргээр нийгмийг хуваан хагаралдуулах нь Монголд эрхшээх, бидний толгой дээр байж өөрийн захиргаагаа бэхжүүлэх гэсэн хэн нэгний явуургүй арга юм. Баян хүмүүс олон байвал юу гэж хэн нэгний захиргаанд ороод байх вэ. Баялаг бол эрх чөлөө юм гэж үздэг. Нийгэмд тасарч гарсан баячууд байх нь ардчиллын хэвийн үйл явц юм. Үүнийг бид одооноос ч мэдээд байгаа юм биш. Монголчууд айлын хүүхдүүдээс хэн нэгийг нь “энэ амны хишигтэй хүү, хол явах хүүхэд” гэж хэлцгээдэг. Энэ чинь л нөгөө “өөр байх эрх”-ийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ. Бүгдээрээ ядуу адилхан байх нь ардчилалтай байгаад байгаа хэрэг биш юм. Ардчилал гэж ижил тэгш байхыг ч хэлдэг, тэс өөр байхыг ч бас хэлдэг. Харин гагцхүү хуулийн өмнө л эрх тэгш байхыг шаарддаг нийгэм юм.

Онцлох нийтлэлүүд