ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.01.14 10:01

Ардчиллын төлөөх тэмцэл зөвшилцлөөр явах ёстой

Саяхан Гал үндэстэн холбооныхон хэвлэлийн хурал зарлаж өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шоронд хоригдож байгаад амь насаа алдсан С.Дашцэрэнгийн үхэлд хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзэн түүний амь насыг нэхэхээ мэдэгдсэн. Хэвлэлийн хурлын үеэр "Гал үндэстэн холбоо"-ныхон "Бид цаашид ч Монгол газар нутгийнхаа төлөө тэмцсээр байх болно. Манай холбооны гишүүд болох Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарыг чөлөөлөхийг шаардаж байна" хэмээн мэдэгдэл хийж харагдсан. "Гал үндэстэн" холбооныхон уг нь анх тэмцлийг зөвөөр явуулж байсан.

Эх орныхоо төлөө гэсэн зөв тэмцэл хэмээн иргэд ч гэлтгүй төрийн түшээд ам сайтай дэмжиж байлаа. Гэвч тэдний тэмцэл яваандаа илд атгасан тэмцэл болон хувирсан юм. Илд цус дагуулдаг гэдэг. Орчин үед илд, галт зэвсэг агссанаар зөвдсөн түүх байхгүй. Хуучин бол хурдан морь, хурц илдээр ялалтын уухай өргөж байсан. Түүнээс хойш зуун зуун дамнасан он цаг өнгөрчээ.

Тэгвэл хориннэгдүгээр зуунд тэмцлийн гол хэлбэр зөвшилцөл байх ёстой. Зөвшилцөн хэлэлцэж нэгнээ ойлгохгүйгээр буу шийдэмдээ тулж асуудлыг шийдэхгүй. Бид хэл амаараа үг хэлээ ололцохоос өөр арга байх ч үгүй. Зөвшилцөнө гэдэг удаан ч гэсэн бүрэн төгс ялалтад хүрэх зам. Ц.Мөнхбаяр нар илд атгаагүй байсан бол түмэн олныхоо манлайд эх орноо гэсэн халуун сэтгэлээр магнайлан явах байлаа. Харамсалтай нь тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй тэмцлийг өршөөх арга байхгүй. Харин ч хүчирхийлэл улс орныг цус урсгасан фронтын талбар болгон хувиргадаг гэмтэй. Үүнийг дэлхийн олон орны жишээн дээрээс харж болохоор байгаа юм. Египет, Украин, Грекийн бодит жишээн дээрээс харж болно. Тэд зөвшилцөл биш зэвсгийг сонгосон үр дүн нь хямарсан, хядагдсан улс болсон дүр зураг боллоо.

Өнөөдөр манайд болж байгаа зүйлсийг төр засаг өөхшүүлчихэв үү гэж хардахаар байна. Цагдаагийн мөрдэсийг хуулж байхад дуугүй, шүүгчдийг дарамталж байхад дуугүй, Төрийн ордон руу дайрахад дуугүй л байсан. Төр ингэж давраасан учраас 2008 оны долдугаар сарын нэгний хар өдөр болсон юм. Сүүлд нь Гал үндэстний галт бөмбөгтэй тэмцэл болон үргэлжилсэн. Энэ бүхэн ардчилсан иргэний хөдөлгөөний үзэл санаанд нөхөж баршгүй гарз байлаа. Тэмцлийг хүчээр бус зөвшилцлөөр явуулж сурахгүй бол бид хүссэн зорилгодоо бус дарангуйллыг бий болгосоор байна.

Ө.ТЭНГИС

Онцлох нийтлэлүүд