ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.26 07:03

Ардчилсан Монголд урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу

“Шударга ёс тогтоох тэмцэлд хүний амь настай холбоотой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ хэлэв. Д.Сүхбаатар “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдэхийг юманд бодохгүй зүтгэнэ... Улс орноо хамгаалахад урсахгүй цус, үхэхгүй амь гэж байдаггүй” гэж хэлсэн. Хэлсэн он цагийн хувьд өөр л дөө. Сүүлийн үед байсхийгээд л Д.Сүхбаатарын хэлсэн энэ үгийг янз бүрийн хувилбараар манай тэмцэгчид хэлэх боллоо. Ардчилсан Монгол Улсад урсах цус, үхэх амины үнэтэй шударга ёс хэрэгтэй юм уу. 1930-аад онд Гебельс “еврейчүүд баяжаад аричууд ядуурч хэцүүдлээ” гэж турхирсаар сонгуульд Гитлерийн удирдсан Нацист нам ялсан байдаг. Гитлерийн гол суртал ухуулагч, Үзэл суртал, үндэсний соён гэгээрлийн сайд Гебельс “Еврейчүүдийг устгах ажиллагааг та нар биш бид хийнэ” гэсэн. Мөн “Худал зүйлийг зуун удаа давтахаар үнэн болдог. Бид үнэнд хүрэхгүй, харин үр нөлөөг нь үзнэ” гэж хэлж байжээ. Гебельсийн суртал ухуулга нь нацизмын гол зэвсэг байсан гэдэг. Тиймдээ ч түүний суртал ухуулгад итгэсэн залуус ари цусны бус үндэстнүүд рүү улайран дайрсан юм.

Гитлер сонгуульд ялсны дараа Германы ард түмнийг хамгаалах тухай зарлиг гаргаж, ямар ч мөрдөлтгүй баривчилгаа явуулах зөвшөөрлийг энэхүү зарлигаар олгосон байдаг. Ингээд нам доторх цэвэрлэгээ гэгчийг явуулж, үүний үр дүнд намын шүүх хүртэл байгуулж, их хядлагын үе эхэлж.Тэгээд цааш юу болсныг дэлхийгээрээ мэднэ. Намаасаа эхэлсэн цэвэрлэгээ, улс орны хэмжээний цэвэрлэгээ, цаашлаад дэлхийн дайн болсон.

Саяхан орон нутгийн удидах ажилтны зөвөлгөөн болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “ Бид бол шударга ёсны илд. Хууль зөрчсөн олигархиудтай хатуу тэмцэж, тэдний яс маханд тултал хуулийг мэдрүүл” гэв. XXI зуунд, ардчилсан Монгол Улсад ийм үг хэлээд сууж байдаг удирдагчтай байж болох уу. Яс маханд нь яаж мэдрүүлэх вэ. Эрүүдэн шүүх үү. Тэгээд ч орон нутгийн удирдлагууд яс махтай нь ярьдаг улс угаас биш. Асуудал байвал хуулиар л шийднэ. Дөнгөж өчигдөрхөн УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэнд “Томоохон хэргийг хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулна” гэж хэллээ. “Монгол Улсад шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн боловч хөндлөнгөөс оролцож болохгүй гээд хуульчилсан. Гэм бурууг улс төрчид тогтоодог юм биш. 1937 онд Онцгой бүрэн эрхт комисс гэж хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэх бүтэц байгуулснаар тэр шөнөөсөө их хэлмэгдүүлэлт эхэлж, ард иргэддээ ял тулган, ямар ч шүүхийн тогтоолгүйгээр буудан хороож эхэлсэн байдаг. “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулуудыг байцаахдаа эрүү шүүлт тулгаж болно” гэсэн эрхийг өнөөх Онцгой бүрэн эрхт комисст олгочихсон. Цагдаа, прокурор, шүүхийн бүх эрхийг тэр комисс авч ёстой нэг дураараа аллага үйлдсэн.

Сүүлийн үед гэмт хэрэгтэн мөн, бишийг шүүхээс өмнө шууд зарладаг боллоо. Хууль, шүүх хэрэггүй ч юм шиг аяглаж байна. Ёсоороо бол цагдаа шалгаад, прокурор хянаад, шүүх шийдвэр гаргадаг. Онцгой бүрэн эрхт комисс бүгдийнх нь эрхийг авч, хэлмэгдүүлэлт эхэлсэн шиг УИХ-ын хянан шалгах хороо нь юу гээчийн ид шид эрх мэдэлтэй комисс гараад ирэв. Шударга ёс ярьж гарч ирсэн Монголын улстөрчид намынхаа нэг хэсгийг шүүмжилж, элдвээр дайрч, нэг хүнийг суудлаас нь буулгахаар улайран тэмцэж санасандаа хүрсэн. Яг л Гитлерийн намын их цэвэрлэгээ шиг. Ингээд өөрийн хүмүүсийг чухал албан тушаалуудад тавьж эхэллээ. Л.Болд гишүүн “Шударга ёсны төлөө амиа зольж чадах хүмүүсийг намдаа” урьж байна гэнэ. Саяхан л либерализмыг дэмжигч, оготны хамраас цус гаргалгүй ардчиллыг Монголд авчирсан гэж ярьж явсан улс шүү дээ. Үхэхээс айхгүй, амиа золих, амь насны асуудал яригдана, тэмцэнэ, хураана, булаана гэсэн айдас хүйдэс дагуулсан үгсийг тэд ээлж дараалан хэлэх болов. Энэ юуны ёр вэ. Өнөөх жишиг болгон ярьдаг ардчиллаасаа ингэж ухарч болох уу. Ардчиллын буянаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон ч дуртай үгээ санаан зоргоор хашгичан турхирах нь ардчилал биш.

Өнөөх илд, сэлэмнүүд маань М.Энхболд хэмээх атаат дайснаа буулгаж аваад асар их баялагтай Салхитын мөнгөний ордыг хамгийн түрүүнд төрд авахаар “дайлаар мордов”. Уулын аманд байгаа хоёр манаач дээр тусгайгийнхныг сүр бараатай аваачин, дээр нь телевизийнхнийг дагуулчихсан очиж ажиллагаа явуулсан.

Ингээд болоогүй төсвийн мөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрд буцааж авна гэчихлээ. Эрдэнэтэд онцгой байдал зарлаж, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, хүчний байгуулага, нөгөө телевизээ дагуулсаар очиж, хамаг өрөөг нь лацдуулж, хэдэн даргыг нь ажлаас нь халчихлаа. Алдаа, оноо гаргасан эсэхийг шүүхээр шийдүүлсэн ч үгүй. Тэдний үгийг ч сонсссонгүй. Одоо стратегийн гэх эхний таван ордод нэрлэгдэж байсан Цагаан суваргын ордод онцгой бүрэн эрхт комисс нь ажиллагаа явуулах оршлоо хийж байна. Н.Номтойбаяр үүнээс болж өчигдөр ордонд “Коммунизм байгуулах гэж байгаа бол Монголын төрд зүтгээд байх шаардлага алга” гэчихлээ.

Ардчилсан нийгмийн л үнэт зүйл болох хувийн өмч, чөлөөт эдийн засагт тулгуурласан том ойлголтыг үгүй хийж, нийгэмчлэхээр уухайлан байгаа нь ардчиллаа нухчин дарж байгаа хэрэг юм. Эрхэм тэмцэгч, илд, сэлэмнүүдээ, та бүхний хэлсэн үгийг чинь жагсаавал фашизмтай адил сонсогдох боллоо. Заавал хэн нэгний, магадгүй өөрсдийнхөө амийг зольж, цус урсган байж шударга ёсны төлөө тэмцдэг юм уу. Хүний аминаас үнэтэй шударга ёс гэж байдаг юм уу. Шударга ёсыг тогтооно гээд шударга бусаар хууль, шүүхийг үл тоон бусдыг яллаж, бусдын өмчийг булаах нь тэгээд шударга ёс уу.

Онцлох нийтлэлүүд