ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2018.08.30 11:08

Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхимтай боллоо


Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос УДЭТ-ын хамт олон “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Өчигдөр/08.29/ тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачилгаар театрын Уран бүтээлийн хэлтсийн хамт олныг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан хүлээлгэн өгөв.

Гомбожавын Гомбосүрэн 13 насандаа Бүрэн сумандаа төмрийн лантуучны хийж, ажил хөдөлмөрийн амтыг анхлан мэдэрчээ. Худгийн моторчноос эхлээд жолоочоор хүртэл ажиллаж байсан тэрээр театрын тайзнаа анх 1942 оны долдугаар сард “Хатанбаатар Магсаржав” жүжигт цагаан цэргийн офицер болж гарсан түүхтэй. Түүнээс хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог жүжгийн гол дүрийг бүтээсэн байдаг.

Г.Гомбосүрэн зөвхөн театрт ажиллахаас гадна Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан”, “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн бүтээлд гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.

1

Онцлох нийтлэлүүд