ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.05.14 09:05

Ардын нам гарааны зурхай хүрэлгүй эргээд чавхадчихлаа


1990-ээд оны үед хурдан морины уралдаан будлиантай болдог байлаа. Уралдаан бүрийн дараа хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй. Гарааны зурхай хүрэлгүй морьдоо эргүүлж, давхилдан баахан будлиан хутгадаг байснаас болсон хэрэг л дээ. Үүнийг нь журамлаад өгснөөс хойш энэ хэрүүл шуугианыг нэг эмхэнд оруулсан. Гарааны зурхайн цагаан зураасан дээр хаалт босгож, дохио өгмөгц уг хаалтыг унагаж зэрэг гардаг болсон. Яг одоо бол намууд гарааны зурхай руугаа явж байгаа үе. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам хүргүүлснээс Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасны эцэст МАН, АН, МАХН, ХҮН, Ард түмний олонхын засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монголын консерватив нам, Зон олны нам, Үнэн ба Зөв нам, Монголын ногоон нам гэсэн 11 намыг шаардлага хангасан гэж үзжээ. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөх нь. Нэр дэвших ажиллагаа санал авахаас 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болно. Сонгуулиас өмнө 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 11-нд Сонгуулийн хуульд зааснаар сурталчилгаа эхэлнэ. Нөхөн сонгуульд 287.6 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгуультай холбоотой мэдээлэл өгөхөд ийм байна. Сонгууль намуудын хувьд уралдаан. Сурталчилгаа эхлэх болоогүй. Намууд бол ажин түжин л байна. Нэр дэвшигчийн асуудлаа ч шийдээгүй байх шиг.

Харин эрх баригч МАН аль хэдийнэ сурталчилгаагаа эхэлчихлээ. Зурхайдаа хүрэлгүй морьдоо эргүүлж булхайцаж байна. Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэж заасан. Энэ заалтыг МАН-ынхан зөрчиж байна.

Ялангуяа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Хэнтийгээс УИХ-д нэр дэвшиж гарч ирсэн, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Л.Оюун-Эрдэнэтэйгээ, танхимынхнаа бүтнээр нь шахам дагуулчихсан нөхөн сонгуулийн тойрогт ажиллаж байна. Сонгуулийн хууль, Төсвийн хууль зөрчиж олон тэрбум төгрөгийн амлалт өгч байх юм. Хэнтий аймгийн хил орчмын сумдаар газар гал түймэр гарч, Онцгой байдлынхан хүчрэхгүй удаж байхад Ерөнхий сайд тоож байгаа ч юмгүй тэр хэсгийг тойрч давхиад л нөхөн сонгуулийн тойргийн сумд болох аймгийн төв, Хэрлэн сум, Жаргалтхаан, Мөрөн сумдаар яваад байна. Тэр ч бүү хэл Жаргалтхаан суманд 12 хүнтэй Онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, фургон автомашин хүлээлгэн өгөв. Жаргалтхаан суманд 320 хүүхдийн сургууль барина л гэнэ. Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэлээ. Үүндээ 3.2 тэрбумыг зарцуулж, есдүгээр сард багтааж шийдсэн байхыг Эрчим хүчний сайдад үүрэгдэв. Мөн нөхөн сонгуулийн тойрогт багтах Мөрөн суманд ажиллахдаа таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өгч, трактор шийдэж өгч, 60-70 метрийн гүний худаг гаргаж, бариулахаар болсон төдийгүй соёлын төв, сургууль барьж өгөхөөр болов. Ингэж улсын төсвөөр сонгуулийн тойрогт дураараа дургиж байгаа МАН-ыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцохоос хасах хэрэгтэй байна. Тэд аль хэдийнэ сонгуулийн хууль зөрччихлөө. МАН-ын даргын Хэнтий аймагт ажиллахдаа шийдсэн асуудлуудыг нь харах юм бол сонгуульд зориулагджээ гэдэг нь ойлгомжтой. Тэнэг хүн ч хараад сонгуулийн сурталчилгаа хийгээд явааг нь бэлхнээ ойлгоно. Өөрөө дэвшинэ үү, өөр хүн МАН-аас дэвшинэ үү хамаагүй. Ингэж эрх баригч намын дарга, сонгууль зарлагдчихаад байхад сонгуулийн тойрогт элдвийг амлаад явж болохгүй. Аль ч утгаараа энэ нь Сонгуулийн хууль зөрчиж байна. Угаас энэ намаас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүс бүгд Ерөнхий сайдынхаа хажууд наалдчихсан түмэн олныхоо өмнө маадгар сууцгааж байна лээ. Сонгуулийн хуулийн 35.18.17-д улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хоригложээ. Мөн хуулийн 35.18.3-т төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно гэжээ. Мөн 35. 28-д Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т заасны дагуу УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулахаар улсын төсвөөс олгосон санхүүжилтийг сонгууль товлон зарласан өдрөөс хойш сонгуулийн дүн эцэслэн гаргах хүртэлх хугацаанд зарцуулахыг хориглоно гэж заажээ. МАН-ынхан Сонгуулийн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатар нэр дэвших тухай нэлээд тодорхой мэдээллүүд яваад эхэлсэн. Тэрээр тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сонгуульд Д.Гантулгатай өрсөлдөөд цөөхөн саналаар ялагдсан байдаг. АН-ын хувьд энэ сонгууль маш чухал бөгөөд УИХ-д бүлэгтэй болох эсэх, цаашлаад өнөөгийн намын удирдлагууд намаа 2020 оны сонгуульд удирдаж орох эсэх нь шийдэгдэнэ. Дотоодын эв нэгдэлд нь энэ тойргийн ялалт ялагдал нөлөөлнө гэсэн үг. АН-аас хөөгдсөн гэх зарим улстөрчийг бие дааж өрсөлдөх талаар ч мэдээлэл явж байгаа. Харин МАХН-ын хувьд Н.Энхбаяр ганц хоёрхон сарын өмнө нөхөн сонгуульд өрсөлдөнө гэж зарлаж байсан. Гэвч энэ нь бусад намтай тохироо хийх гэж зориуд шидсэн үг байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч С.Ганбаатар, С.Ононбаяр гэх нөхдийн нэр давхар яригдах болсон. Эх сурвалжийн мэдээллээр Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг нэр дэвшвэл тохиролцоо хийе гэж үг дайсан байна лээ. МАН-ын удирдлага одоогоор тодорхой хариу өгөөгүй байгаа. Учир нь энэ У.Хүрэлсүх өөрөө дэвшвэл боломж хэр байгааг тандаж ч байж мэдэх. У.Хүрэлсүх одоогоор нэр дэвших эсэхээ албан ёсоор хэлээгүй байгаа. “Удирдах зөвлөл, Бага хурал л мэдэх асуудал” гэсэн бөөрөнхий хариулт өгөөд л байж байна. Хэрэв өрсөлдөөд унавал ёстой нэг шороотой бөх гэгч нь болно. Угтаа ганц суудал авсан ч яалаа, аваагүй ч яалаа гээд тоомжиргүй хандаж болох ч Хэнтийн нөхөн сонгуульд ач холбогдол өгч байгаа нь гарааны зурхай хүрэлгүй яаран эргэж байгаагаас нь харагдаж байна. Мөн МАН-аас нэр дэвшигчдийн нэрэнд гавьяат Г.Эрдэнэбатыг дэвшүүлэх нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлатал бас ч үгүй хугацаа байна. Тэр болтол нэр дэвшигчдийн нэрс яаж ч өөрчлөгдөж болно. Хэнтийн нөхөн сонгуулийн дүн 2020 оны сонгуулийн ерөнхий өнгийг харуулах биз ээ.

Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн Цэцэд иргэн Д.Ганхуягийн зүгээс хандлаа. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ нь байдаг л нэг маргаан гэж хандаж болохгүй нь бололтой. Ямар ч үр дагавар дагуулж мэдэх нь. 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох эсэх дээрээ ч хүрч мэдэх нь.

Онцлох нийтлэлүүд