ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.13 08:01

“Ардын элч”-ийн Ариунаа



Английн “British Pathe” гэрэл зураг, бичлэгийн түүхэн архивын байгууллага 2014 оноос ховор материалуудаа www.youtube.com сайтад байршуулдаг болсон юм. “British Pathe”-ийнхэн 1959 онд Москвад болсон Олон улсын анхдугаар кино наадмаас хийсэн бичлэгүүдээ www.youtube.com сайтад оруулсан байна. Тэрэн дундаас “Moscow film festi­val ends 1959” гэсэн нэртэй бичлэгт уг кино наадмын Гран при болон алт, мөнгөн медаль, диплом хүртсэн уран бүтээлчдэд шагнал гардуулж буй үйл явдал анхаарал татлаа. Москвагийн анхдугаар кино наадмын Гран при шагналыг “Хүний хувь заяа” киногоороо Зөвлөлтийн алдарт найруулагч, жүжигчин Сергей Бондарчук хүртэж байгаа бол Монголын жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн “Messenger of the People” (Ардын элч) кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал гардаж авч байгаа ховор агшинг уг бичлэгээс та бүхэн харж болно.

XX зууны Монголын уран сайхны кинонуудаас заавал үзэх ёстой таван киноны нэг гэгддэг “Ардын элч” киног мэдэхгүй монгол хүн үгүй. Ариунаа, Дарьбазар, Сүхбаатар, Дүлзэн, Тулга, Бадарч, цагаантны генерал гээд бүх дүрийг нь андацгаадаггүй. Энэ киноны гол дүр Ариунаа бол ард түмний элч. Тийм ч учраас өөрсдийнхөө элч болж, элдэв зовлон бэрхшээл, айдас түгшүүрийг хүүтэйгээ хамт зоримог туулж, эцэст нь зорьсон хэргээ бүтээж буй Ариунаад монголчууд одоо ч хайртай. Ер нь эмэгтэй хүн хувь, хувьсгал, ардчилал гээд аль ч цаг үед үнэнч тууштай, зоригтой, ямар ч хүнд бэрхийг үүрч гарч чаддаг гэдгийг харуулдаг учир “Ардын элч” кино хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.


Тиймээс бид “Ардын элч”-ийн Ариунаа, Ариунааг Ариунаа чигээр нь бүтээж чадсан Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэнг мартах ёсгүй юм. П.Цэвэлсүрэн 1933 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн бөгөөд 1951 онд Улсын хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байхдаа Санхүүгийн техникумд суралцаж, улмаар Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцан 1965 онд төгсч ирээд Дуурь бүжгийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан нэрт дуучин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч байсныг мэдэх билээ. Тэрээр бурхан болох хүртлээ урлагт зүтгэсэн Монголын Алтан үеийн Ариунаа, аугаа авьяастан байсан юм.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гээд үндэсний болон сонгодог дууриудын гол дүрийг чадварлаг бүтээж, тайзыг ид эзэгнэж явахад нь буюу 1976 оны долдугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналыг хүртээсэн байдаг. Монголын дуурийн түүхэнд В.Сүрэнхорлоо, П.Цэвэлсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Загдсүрэн гэсэн Сүрэн нэртэй дөрвөн сайхан бүсгүй, чадварлаг дуучид байсан гэж зарим судлаачид онцолдог.


“Moscow film festival ends 1959” бичлэгийн хэсгээ

Дуурийн урлагт амжилт гаргахын зэрэгцээ дэлгэцийн бүтээл, кино урлагийн салбарт цөөн боловч чанартай дүр бүтээсэн нь түүнийг ард түмэн жүжигчин хэмээн ойлгох болсон гол шалтгаан л даа. 1959 онд Ч.Ойдовын зохиол “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон нь түүнийг киноны хүн болгожээ. Энэ киноны Ариунаагийн дүрээр Москвад анх удаа болсон Олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч ирсэн нь Монголын кино урлагийн түүхэн дэх анхны томоохон хэмжээний шагнал байсан гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. 1970 онд Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг бүтээсэн нь түүнд амжилт дагуулж, найруулагчдын хараанд өртсөн гэж хэлж болно. 1974 онд “Уулзалт” киноны Дэжид, 1985 онд “Фронтод явах өргөдөл” киноны Пэлжид, 1990 онд “Алтан шонхор” киноны Будан мэргэний хатны дүрийг дэлгэцнээ амжилттай бүтээсэн юм.

П.Цэвэлсүрэнгийн бүтээсэн дүрүүд нь монгол эмэгтэй хүний яс чанар, дотоод гоо сайхныг маш нягт гаргасан байдаг. Ялангуяа “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг онцлоход, нөхөр Эрдэнэ нь гаднаас орж ирээд “Энэ үнэн үү” гэж асуухад “Үнээн” гэж ганцхан үгээр хариулдаг энэ хэсэг нь одоо ч маргаан дагуулж, сэтгэл зүйн талаас нь харвал чин үнэнч хүний зан байдлыг харуулсан гэж тайлбарлах нь ч бий. П.Цэвэлсүрэнгийн дэлгэцэнд бүтээсэн дүр, тайзан дээр амьдруулсан дуурийн дүр бүхэн нь амьтай, баганатай байдаг. Бүтээсэн дүрүүд шигээ үнэн байж чаддаг байсныг хамт олон нь, нэг тайзнаа гарч байсан уран бүтээлчид нь ч дурсан ярьжээ. Тэрээр Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидтэй ханилж байсан, тухайн цагийн Монголын сайхан хосууд байсан гэдэг. Чимидийн Минжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа


"Ардын элч"

“Миний ээж ухаантай эмэгтэй байсан. Ээж “Миний охин ингэчихвэл зүгээр юм уу даа. Гэхдээ чи өөрөө л мэд” гэдэг. Ээжийн талаас надад үнэхээр дарамт шахалт байгаагүй. Тэр ч хэрээрээ би жаргалтай бага насыг өнгөрөөсөн. “Уулзалт” гэж киног санаж байна уу. Лхасүрэн гуайн хүүхдийн хойд ээж болж тоглодог шүү дээ. Тэр киног үзэхээр миний ээж яг энэ дээ гэж бодогддог юм. Миний ээж их зөөлөн зантай. Амттай хоол хийдэг. Намайг өвдөхөөр хуушуур хайрч, том том хэрчсэн байцааны салат хийгээд гарт атгуулдаг байлаа. Одоо өвдөхөөрөө хуушуур идэх юмсан гэж санагддаг”

хэмээн ээжийгээ дурссан юм.

Ийм нэгэн уран бүтээлч, XX зууны Монголын урлагийн сор болсон эмэгтэй “Ардын элч” киногоороо одоо ч бид бүхэнтэй дэлгэцээр уулзсаар байна. Дэлхийн түүхийг зураг, бичлэгээр архивлаж хадгалдаг “British Pathe” байгууллагын сан хөмрөгт “Ардын элч”-ийн Ариунаа дүрээрээ мөнхөрсөн П.Цэвэлсүрэнгийн 26-хан настай төрх нь ийн хадгалагдаж байна.


Онцлох нийтлэлүүд