ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.12.08 10:12

Архангайн анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болсон анги

1974 он. 10а ангийн охидууд

Энэ удаагийн нэг ангийнхан буландаа арын сайхан хангай нутгаас анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болж байсан Архангай аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг 1974 онд төгссөн ангийнхныг урилаа.

Өдгөөгөөс дөчин гурван жилийн өмнө дунд бүлгээ дүүргэн, ахлах ангид монгол хэлний багш Г.Бямбаахүүгийн удирдлага дор 9а хэмээх нэгэн хамт олон болон бүрэлдэж байсан энэхүү ангийн андууд өдгөө 43 намрыг хамтдаа илээжээ. Гавьяа зүтгэл, дурсамж түүхээр баялаг энэхүү хамт олныг төлөөлж ангийн дарга Д.Энхтуяа, эвлэлийн үүрийн дарга Г.Энхтуяа нар нь бидэнтэй уулзсан юм. Эдний ангид хариуцлагатай алба хашдаг гурван Энхтуяа байдаг гэнэ. Хоёр Энхтуяаг нь дээр дурдсан бол гурав дахь нь сурагчдын бүлгэмийн дарга Я.Энхтуяа ажээ. Хамгийн сонин нь гурван Энхтуяа гурвуулаа өдгөө их эмч болцгоосон байна. Хувь заяа, хүсэл мөрөөдлөөрөө нэгэн цул болсон энэ ангид ажил үйлс, амжилт бүтээлээрээ үлгэрлэж яваа хүмүүс их төржээ. Тэртээ 1974 онд эр зоригийн есөн хөвгүүн, эрх танхи хорин дөрвөн охин сурлага, спортын өрнүүн их амжилттайгаар төгсөж байсан цаг саяхан мэт л санагдаж байна хэмээн ангийн дарга Д.Энхтуяа хэллээ. Тэрээр “Манай анги аймагтаа төдийгүй улсад дээгүүр бичигдэх тэргүүний анги байсан. 1974 онд манай ангийн 33 хүүхэд конкурст ороход 22 хүүхэд Монголын болоод гадаадын зарим улсуудад суралцах хуваарь авч байлаа. Ямар сайн сурлагатай, идэвхтэй хамт олон байсан нь үүгээр үнэлэгдэх байх. Манай анги сурлага, спортоороо тэргүүний анги болсон маань бидний хайртай багш Г.Бямбаахүүтэй салшгүй холбоотой юм. Багш маань өдгөө нас сүүдэр 90 гарсан буянтай сайхан хөгшин бий. Бид ч жаргаж суух жаран насны босго давсан улсууд. Манай багш улсад дөч гаруй жил ажиллаж, ардын хүүхдүүдэд эрдэм ном сургасан хүн. Энэхүү зүтгэлийг нь төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор энгэрийг нь мялаасан юм. Мөн багш маань залуудаа аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан сагс, гар бөмбөгийн олон тэмцээнд амжилт үзүүлж байсан спортын мастер хүн. Багшийн маань шавь нар нь хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, эрдэм боловсролтой, нийгмийн идэвх зүтгэлтэй, хүн чанартай хүмүүс болон төлөвшиж байдагт нь бид бахархдаг юм. Ангийнхантайгаа, багштайгаа хаяа нэг уулзалдахад буцаад хүүхэд насандаа оччихсон мэт л санагддаг” гэлээ.

Монгол Улсын Гавьяат багш Г.Бямбаахүү ангийхантайгаа

1973 он буюу эдний ангийнхан есдүгээр ангидаа сурлага, хичээл зүтгэлээрэй аймагтаа үнэлэгдэж, улмаар анхны Улсын тэргүүний хувьсгалч залуучуудын эвлэлийн үүр болж чаджээ. Тухайн үед ангийн эвлэлийн үүрийн даргаар Д.Энхтуяа ажиллаж байж. Тэрээр “Улсын тэргүүний эвлэлийн үүр болсон анхны ангиа болоход улсаас багшийг маань Польш улс руу аялуулах эрх олгосон. Багш ч их баяртай, биднээр бахархаж байсан харцыг нь бид одоо ч мартдаггүй юм. Мөн манай ангийн гурван хүүхдийг гадаад аялуулах байсан боловч намар хичээл орох цагтай давхцсан учир дээрээс бидний явахыг цуцалж билээ. Их харамсалтай. Зунжингаа шүднийхээ хорхойг түүлгэж байгаад намар ирсэн чинь хичээлтэй гээд явуулаагүй юм. Тухайн үед бас ч их чанга байсан байгаа шүү. Манай анги Архангай аймгийн волейбол, сагсан бөмбөгийн шигшээ багийг талаас илүү хувийг нь бүрдүүлдэг, спортлог анги байсан. Сагсан бөмбөгийн аймгийн шигшээ багт Б.Эрдэнэчимэг, Т.Энхтуул, Я.Энхтуяа, Б.Энхжаргал, Ц.Батбаяр, П.Дарьсүрэн нар, волейболын шигшээ багт нь Г.Энхтуяа, Т.Ишжамц нарын нөхдүүд маань тоглодог байлаа. 1974 онд 10 дугаар ангид байхад тооны олимпадын улсын дэд аварга Д.Батдэлгэр эх орноо төлөөлөн Германд болсон олон улсын математикийн олимпадад оролцож, хоёрдугаар байр эзэлж билээ. Манай анги нөхөрсөг, бие биенээ гэсэн сэтгэл зүрхтэй хамт олон” гэлээ. Эдний ангийнхан 1974 оны хавар сурагчийн дүрэмт хувцсаа тайлснаас хойш 20, 30, 35, 40 жилийнхээ ойг тус тус тэмдэглэсэн байна. Удахгүй 45 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж буй бололтой. Сурагч, хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлж, нийгмийн салбар бүрт үр бүтээлтэй ажилласан ангийн нөхөд нь өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ. Бидэнтэй ангиа төлөөлөн уулзсан хоёр Энхтуяа нь манай ангийн андуудыг бүгдийнх нь гавьяа, зүтгэлийг бичиж өгөөрэй хэмээн хүсэж, ангийнхныхаа нэрсийн жагсаалтыг гарган ирж, тус бүрийнх нь сурагч ахуй насных нь дурсамж мөн мэргэжлээр нь тодруулж хэлсэн юм. Эдний ангийнхан нийтээрээ их сайн сурлагатай хүүхдүүд байж. Ангийн анд Д.Батдэлгэр нь их сурлагатай, басхүү дүрсгүй нэгэн байсан гэнэ. Нөгөө Германд тооны олимпадад явж байсан нөхөр ажээ. Хожим эрдэм шинжилгээний ажил хийж, хувьдаа компани байгуулан ажиллаж байгаад саяхан бурханы оронд оджээ. Хар багаасаа л нисгэгч болох мөрөөдөлтэй явсан Ц.Батбаяр нь багийнхаа мөрөөдөлд хүрч нисгэгч болсон байна. Эдний ангид шугам зургийн хичээл ордог байсан багшийнхан хүү Б.Батсайхан нь аав шигээ багш болсон гэнэ. Өдгөө орон нутагтаа багшилж буй ажээ. Мөн сурлага сайтай гэлцэх Г.Батсуурь нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын алба хашдаг, төрийн хүн гэлээ. Тооныхоо хичээлдээ тооны машин шиг байсан Д.Ганбаатар нь хожим улсдаа тэргүүлэх инженер хүн болжээ. Эдний ангид хоёр цэргийн хүн бий гэнэ. Нэг нь хуучин НАХЯ-д ажиллаж явсан хурандаа цолтой Ж.Дамдиндорж. Нөгөө нь Б.Энхжаргал мөн хурандаа цолтой, Батлан хамгаалах яаманд насаараа ажиллаж байсан гэнэ. Ж.Дамдиндорж нь ангийнхандаа их тусархуу, өрөвч, уяхан сэтгэлтэй хүн байж. Ангийн уулзалт болж, аливаа зүйл хийхдээ нөхдийнхөө өмнөөс бүхий л зүйлийг нь гардан зохицуулдаг байжээ. Уулзалт болохоор ганц шил виски барьчихсан инээсээр ирдэг, их цайлган сэтгэлтэй хүн байсныг ангийнхан нь ийн дурсан ярьж байна. Лхасүрэн нь арван жилд байхдаа их сайхан дуулдаг, мундаг уран сайхан ч хүү байсан гэнэ. Мөн багшийнхаа шаардлагад нийцсэн их цэвэрч, өмссөн хувцассаа өнгөтэй өөдтэй аваад явчихдаг, нямбай хүүхэд байжээ. Юм болвол тольны өмнө очоод хувцас хунар, үс, толгойгоо янзлаад зогсчдог байсан даа гэнэ. Одоо ч нямбай хэвээрээ гэнэ шүү. Аймагтаа Батдэлгэр, Туяабаяр хоёр л тоогоороо нэг, хоёрдугаарт бичигддэг, мундаг сурагч байсан юм байна. Туяабаяр нь сургуулиа төгсөөд Анагаахын дээдэд орж, их эмч болжээ. Эдний ангиас их эмч, инженер зэрэг нийгмийн нарийн мэргэжлийн хүмүүс их төрж. Д.Эрдэнэдалай нь дөнгөж хойно сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарчээ. Эдний ангиас төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор энгэрээ цоолуулсан олон хүн бий. Түүний нэг нь инженер Д.Эрдэнэдалай юм. Одоо ч Эрдэнэт үйлдвэрт зөвлөх инженерийн ажлаа хийсээр яваа гэнэ. Багын л эршүүд, хэрсүү, хамт олондоо их тусархуу охин, өдгөө яг л тэр хэвээрээ гэнэ. Спортын мастер цолтой Б.Эрдэнэчимэг нь сурагч ахуй насандаа их дуулдаг, гитар тоглодог, авьяаслаг, спортлог охин байж. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг багын хүмүүжил, төлөвшил нь ирээдүйд ямар хүн болох нь тодорхойлогддог. Үүнтэй адил хүүхэд байхын л их сурлагатай, буурь суурьтай байсан Т.Оюунчимэг нь багш мэргэжилтэй болж, олон жил нутаг орондоо ажиллаж буй. “Алтангадас одон”-т Ц.Нямхүү өдгөө хороонд ажилладаг. Ажилд их идэвх зүтгэлтэй охин гэнэ. Р.Далаймөнх нь өдгөө инженер мэргэжилтэй. Өдгөө ажил төрлөө гялалзтал хийж яваа эдний ангийн сайчуудын нэг аж. Г.Жамьянмаа нь хуульч мэргэжилтэй болж. Мөн багадаа нягт, нямбай байсан зангаараа л гэнэ. Даариймаа нь тоо, физикийн багш хүн аж. Олон жил Эрдэнэт хотын сургуульд багшлаж буй. Сурагч байхдаа химийн хичээлдээ сайн байсан М.Байгалмаа нь Архангай аймгийн мэргэжил сургалт, үйлвэрлэлийн сургуулийн захирал болжээ. Эдний ангийн ээлжит “Алтангадас”-ын нэг Т.Ишжамц нь их эмч гэнэ. Харин Н.Энхтайван нь эм зүйч, Б.Оюунбилэг нь сувилагч мэргэжилтэй болжээ. Мөн л эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ачтай хүмүүс ажээ. Н.Оюунбилэг, Энэбиш нар мөн эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж яваа андууд нь гэнэ. Даваасүрэн маань аравдугаар анги төгсдөг жилээ л хүнтэй сууж, улмаар хувийн бизнес, аж ахуй эрхэлж, зан төлөвшлөөрөө их сайн яваа гэнэ лээ. Эдний ангийн бас нэгэн онц сурлагатан Пүрэвдаавуу нь хожим инженер хүн болжээ. Харамсалтай нь их л залуугаараа анд нөхдөөсөө хагацсан гэнэ. Ч.Гэрэлт хэмээх ангийн охин нь мөн адил их эмч болж, хувийн том эмнэлэг байгуулж, эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж байсан гэнэ. Ийм л хувь заяагаараа нэгэнтэйгээ холбогдож, улс нийгмийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа улсын тэргүүний анги хамт олон ажээ. Бие биеээ хар багаас нь мэдэх болсоор өдгөө 53 дахь өвөлтэйгөө золгож буй Архангайн алдартай сайчууд нэг дор цугларсан ангийн андууд нь хойтон жил болох 45 жилийнхээ ойгоор эрүүл, энх байж уулзацгаая гэсэн юм.

Э.МӨНХТҮВШИН


Архангай аймгийн I дүгээр сургуулийн 90 жил


10а ангийхан 30 жилийнхээ ойгоор ангидаа


Онцлох нийтлэлүүд