ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.03.19 01:03

“Атарчдын алдар”-аар далуулаа шагнуулсан агрономичид

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Агрономичийн анхны төгсөлт уригдан оролцож байна. Өмнө МУИС-д агрономич бэлддэг байсан бол анх удаа Хөдөө аж ахуйн дээд сургуульд агрономич бэлдэж эхэлжээ. Анхны элсэлт 1960 онд явагдаж 18 аймгийн 72 хүүхэд элсэн орсон аж. Харин гуравдугаар курстээ жимс, жимсгэнэ болоод үр тарианы агрономийн ангид хуваагдан суралцсан байна. Гэсэн ч далуулаа ажил, амьдралын урт замд нэг сэтгэл зүрхээр ижилдэцгээж байсан даа хэмээн дурсацгааж байв. Тэд хэдийн 70 нас хэлбийж ач, зээгээ үзсэн буурлууд болжээ. Гэсэн ч оюутан ахуй цагаа болоод үеийн нөхдөө дурсан ярихдаа яг л тэр үедээ очсон мэт нүдэнд нь баяр хөөр гийж байсан юм.
Тэд 1965 онд шинэхэн боловсон хүчин болон төгсч эх орныхоо өнцөг булан бүрт томилогдон газар тариалангийн салбаруудад ажилласан байна. Ажиллаж байх хугацаандаа Монгол Ардын хувьсгалт намын “Атар эзэмшигч” гэх аяны хүрээнд хэрэгжсэн “Эх орныхоо гурилын хэрэгцээг дотооддоо хангах” гэсэн том зорилтыг биелүүлэх ажилд гар бие оролцжээ. Тэд “1979 онд атар газар эзэмшсэний 20 жилийн ой болоход хөдөө орон нутгийн сангийн аж ахуйн үтрэмүүд, мөн Дархан, Улаанбаатарын цэнгэлдэхүүд үр тариагаар дүүрч байсан даа” хэмээн ихэд бардам ярьж байсан юм.
Агрономичид зөвхөн үр тариагаар зогсохгүй хүнсний ногоо, жимс жимсгэний салбарыг өргөжүүлэх ажлыг эхлүүлж байжээ. Жимс ногоог ургуулах, хураах, хадгалах гээд бүхий л үйл ажиллагааг хийж байсан гэнэ.

“Алтан гадас” одонт, агрономич Б.Ванчигсүрэн “Увс аймаг чацарганаараа алдартайг одоо хэн бүхэн мэднэ. Үүнийг тариалах, боловсруулах их үйлс манай ангийнхнаас гаралтай юм. Манай ангиас Увс аймагт томилогдсон дэд эрдэмтэн Бат-Очир, Басамжаа, Зузаан нар тэрхүү үйлдвэрийг голлон бий болгосон. Одоо Увс аймгийн чацаргана Монголын тэргүүлэх зэргийн хүнсний бүтээгдэхүүн болчихсон байна. Ингэхээр ангийн нөхдийн минь хөдөлмөр улам өргөжин өнөөдрийн энэ хөгжилд хүргэжээ гэж бид маш их бахархдаг. Зөвхөн Увс аймаг ч гэлтгүй Говь-Алтай аймгийн Бигэр сум, Баянхонгор аймгийн Эхийн гол, Сэлэнгэ аймгийн Шаамар зэрэг сумдад хүнсний ногоо, таримал жимс бий болгох ажилд бидний анд, нөхөд маань өөрийн хүч, хөдөлмөр мэдлэгийг зориулан ажилласан. Хишигээ, Нямаа хоёр маань Өмнөговь аймагт “Жимсний төгөл” байгуулж явлаа шүү дээ. Энэ мэтчилэн манай агрономичид жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлж, хөл дээр нь босгосон. Мөн Улаанбаатар, Дархан зэрэг төв газруудад хүнсний ногоог хадгалах зоориудыг бий болгох ажлыг хийж байлаа. Лхам, Уртнасан, Дорж тэргүүтэй хүмүүс энэ ажлуудыг хийж жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо хэрэглэх арга технологийг нэвтрүүлж байсан юм шүү дээ” гэлээ.

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономын факультет жимсчин агрономийн
анхны төгсөлтийнхөн 25 жилийн дараа

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн анхны агрономичид 24 охин, 48 хүүтэй байжээ. Дарга, цэргийн хүүхэд гэхээсээ илүү энгийн малчин ардын хүүдүүд ихэнх хувийг нь эзэлж байсан аж. Тиймдээ ч сургуулийнхаа дотуур байранд ихэнх оюутнууд амьдардаг байсан гэнэ. Тэд дулааны үед Туул гол дээр очиж усанд орцгооно. Пүрэвжав, Дондог нар гараараа загас барихдаа их сурамгай гэж жигтэйхэн байж. Барьсан загасаа голын эрэг дээр таатайхан шарж идэцгээдэг байж билээ хэмээн дурсаж байлаа. Түүнчлэн тэдний хамгийн гэгээн, тунгалаг дурсамжтай мөчүүд сангийн аж ахуйд өнгөрсөн аж. Хоёрдугаар курсээсээ эхлээд л сангийн аж ахуй руу хаврын тариалалт, намрын хураалт гээд жил алгасахгүй явдаг байсан тэд ажлын амтыг ёстой л мэдрэх шиг болдог байсан гэх. Басхүү зуны амралтаараа 45 хоногийн хугацаатай говь усжуулалтад Дорноговь аймгийн Хөвсгөл сум руу явсан нь марташгүй дурсамжийнх нь нэг гэсэн. Булаг, шанд сэргээж явах үед сумын наадам таарах юм бол эрчүүд нь бөхийн барилдаанд хүч үзчихдэг байж. Аз нь таарах юм бол хоёр давчихна. Харин гурав давж үзээгүй шүү хэмээн тэд хөгжилдөж байлаа.
Тухайн үед “Ганган байгаль”, “Би чамд хайртай” дуунууд ид эгшиглэж байжээ. Хөдөө аж ахуйн дээд сургуулийнхаа спорт зааланд Октябрийн баяр болон Майн баяраар үдэшлэг, цэнгүүн хийж бүжиглэцгээдэг байсан нь тэдний хамгийн гэгээн дурсамжуудын нэг. Харин сэтгэл нь хөөрсөн залуус сургуулийнхаа үдэшлэгээс гараад Залуучуудын соёлын ордон, Барилгачдын соёлын ордонд очиж бүжиглэцгээдэг байсан гэнэ. Эргээд буцах гэхээр автобус унаа тун ховор. Тиймээс Барилгачдын соёлын ордноос Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дотуур байр хүртэл алхана. Байрандаа ирэхэд хүрэмнийх нь ар хэсэг цана цохичихсон байдаг байжээ.
Төгсөлтийнхөн 50 жилийн дараа
Түүнчлэн тус анги сургуульдаа урлаг, спортоороо шилдэгт нь ордог байсан гэнэ. Тухайлбал, ангийн хөвгүүд баг бүрдүүлж сургуулийнхаа волейболын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Улмаар өөр факультетийн оюутнуудтай нийлж Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд түрүүлж байсан сайхан түүх бий. Мөн сургуульд нь боксын дугуйлан хичээллэж ангийн хөвгүүд ихэд сонирхон оржээ. Түүний нэг нь Б.Ванчигсүрэн байж. Түүнийг дугуйланд ороод удаа ч үгүй байтал сургуулийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж, тэрээр олигтой ч бэлтгэл хийж чадалгүй орохоор болсон байна.Тэрээр “Рингэн дээр гарч байснаа л санаж байна. Харин рингнээс буухдаа хаагуур буухаа ч мэдэхээ байтлаа зодуулж билээ. Үгүй ээ мөн хөгтэй юм болж билээ” хэмээн инээд хөөр болон дурсаж байв.
Агрономчийн ангийн оюутнууд урлагаараа ч тэр шилдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл энэ ангиас Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн төржээ. Энэ эрхэм цолыг хүртсэн агрономич И.Төмөрбат оюутан байхын л дуу, хөгжимд дуртай, авьяаслаг залуу байсан аж. Тиймдээ ч дээд сургуулиа төгсөөд сургуулийнхаа эвлэлийн хорооны даргаар үлдэж улмаар Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын даргаар томилогдон хурандаа цол авч олон ч жил ажилласан байна. Мөн Пүрэвжав, Дондог нар ч сайхан дуулдаг байжээ.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономичийн ангийн багшийн үүргийг Д.Дамба гүйцэтгэж байсан бол факультетын деканы үүргийг Ичинхорлоо гэх сайхан эмэгтэй гүйцэтгэж байжээ. Мэргэжлээрээ олон ч залуус амжилт гарган, сайн агрономичид болж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан нь энэ эрхэм багш нартай салшгүй холбоотой.
Б.Уртнасан “Би Архангай аймгийн хүн л дээ. Архангайд нэг арван жил төгссөн Б.Лхагвасүрэн бид хоёр агрономичийн ангид хамтдаа элсэн орж байсан юм. Б.Лхагвасүрэн маань Хилийн цэргийн удирдах газар Ерөнхий агрономич болсон. Монгол Улсын хэмжээний бүх л хилийн анги салбар, хилчин дайчдыг ногоогоор хангах чухал үүрэгтэй, сайн ч ажилласан. Харин миний хувьд “Хүнсний ногооны хадгаламжийн II аж ахуй”-д насаараа ажилласан. Бид Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор бүрэн хангаж байсан шүү. Харин манай ангийн нөхөд болох Дорж, Лхам нар хадгаламжийн аж ахуйн даргаар ажиллаж байлаа” гэв.
Мөн тэрээр “Манай ангийнхан бүгд л ажил хөдөлмөр эрхэлж байсан даа. Ер нь зүгээр суусан хүн нэгээхэн ч байгаагүй юмдаг. Тиймдээ ч манайхан Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олгодог, одонтой дүйцэхүйц “Атарчдын алдар” гэх медалийг бүгдээрээ авсан. Ер нь л сэргэлэн цовоо, мэрийлттэй, овжин хүүхдүүд байлаа” гэж байв. Тэд эх орныхоо гурилын хэрэгцээг дотооддоо хангах, жимс жимсгэнэ тариалах, хүнсний ногоо хадгалах зоорь байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлж, хэрэгжүүлсэндээ туйлаас их омогшиж явдаг хэмээн ам бардам хэлж байлаа. Тэд “Агрономийн салбар үүсч хөгжин газар тариалангийн бүхий л асуудлыг шийдэх их ажилд бидний залуу, халуун нас, хөдөлмөр минь зориулагдсан юм. Мэргэжлээрээ ажиллахаас гадна эрдмийн зэрэг хамгаалж мөн одон медаль хүртэцгээсэн. Артбазар, Бат-Очир, Жамъяндорж, Ичинхорлоо нар минь эрдэмтэн профессор боллоо.
Мөн Хундмаа, Халтар, Хаадгар нар гавьяат агрономич болсон. Хаадгар маань Хөдөө аж ахуйн яамны газар тариалан эрхэлсэн орлогч сайдын албан тушаал эрхэлж байлаа. Манай Намсрайжав, Магвандорж, Жавзандорж, Бизьяа, Гончигсум нар сангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан. Энэ мэтчилэн одон медалиар энгэрээ мялааж, төрийн хайр хишгийг хүртсэн анд нөхөд минь олон доо” хэмээн хуучилсан.
Энэ ангиас И.Төмөрбат Б.Лхагвасүрэн, Жавзандорж Хандаа, Батчимэг Баасанхүү, Дагва Дармаа нарын зургаан хос төрж тоонот гэрт толгой холбожээ. Зөвхөн тэд ч гэлтгүй үр хүүхдүүд нь ч ойр дотно нөхөрлөж нэг нэгнээ гэдэгт үргэлж баярлаж явдаг тухайгаа агрономичид ярьж байлаа. Хамт олон гэдэг зовлон, жаргал бүх зүйлд л муу ах дүүгээс илүү нэг нэгнээ гэдэг нь сайхан юм даа. Бид төдийгөөс өдий хүртэл ямар ч үедээ нэгнээ гэсэн сэтгэлээр тус дэм болж ирсэн уламжлалтай шүү гэцгээж байв.
О.АРИУНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд