ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.01.12 05:01

АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн онцлох өгүүлбэрүүд

Төрийн ордонд болсон “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илтгэл тавьсан билээ. “Авлигатай тэмцэх газар: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр тавьсан түүний илтгэлээс онцлох өгүүлбэрүүдийг ишлэж байна.


-ХАСХОМ-ийг зөвхөн тушаал, шийдвэр гаргах, захиран зарцуулах эрх бүхий удирдах албан тушаалтан буюу авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл бүхий албан тушаалтнууд гаргаж байхаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр мэдүүлэг гаргагчдын тоо өнөөдрийн байдлаар 39.800 болж, 14.000-аар цөөрсөн.

-Гэвч хуулийн энэ цоорхойгоор төрийн албанд ашиг сонирхлын зөрчил илт үүсэх этгээдийг шургуулах гэсэн сонирхол, тогтолцооны гажуудал бас байсаар л байна.

-Ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг тогтоох, хянахад албан хаагч ямар түвшинд ажиллахаас үл хамааран Засгийн газрын сайдаас эхлэн, хөдөө суманд ажиллах эмчийг ч бага тушаалын гэлтгүй төрийн нэрийн өмнөөс нийтэд үйлчлэх албан хаагчийнх нь хувьд ашиг сонирхлын зөрчлийн асуудалтай эсэхийг төр хянах нь зөв.

-Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдах, нэг байгууллагын удирдлага өөрчлөгдөх бүрт шинээр “баг бүрдүүлэх” нэрийдлээр нэг нутаг ус, нам, эвсэл, танил талын хүрээллээр төрийн болон нийтийн албаны шалгуур, шаардлага хангахгүй этгээдэд хүчээр давуу байдал олгож, томилуулахаар зүтгэн, нэр дэвшүүлэх материалыг хянуулахаар ирүүлж байна.

-Уг материалд АТГ хуулийн дагуу хянан, зохих дүгнэлтийг хийн, илгээхэд зарим нэг албан тушаалтнуудын хүсэл, хувийн ашиг сонирхол нь хязгаарлагдах тохиолдол гардаг. Иймд тэд эсэргүүцэн “энэ сонирхлын зөрчлийн хууль ер нь ямар хэрэгтэй юм, АТГ үүнийг хянах ёсгүй, бид хянуулах учиргүй” хэмээн ундууцаж, цаашилбал “АТГ төрийн бүх томилгоог хийхэд нөлөөлөн, бидний бүрэн эрхэд халдаж байна” гэх зэргээр гуйвуулан бухимддаг нь нууц биш.

-Хуулиа илүү анхааралтай, сайтар уншвал АТГ-ын уг томилгоонд огт хамааралгүйг, зөвхөн хуулийн дагуу уг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзээд “Энэ хүнийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна”, эсхүл “Үүсэхээргүй байна” гэдгийг л тодорхойлдог, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад сануулан, мэдэгддэг байгууллага гэдгийг ойлгох болно.

-Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хийх тэмцэл нь амжилтад хүрч буй дэлхийн олон орон ажлаа “Нийтийн албан тушаалтнуудынхаа томилгоо, тэдний хувийн ашиг сонирхлыг хянах механизмыг сайжруулахаас” эхэлсэн нь авлигатай амжилттай тэмцэх үндэс нь болсон байдаг.

-Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн дараахь төрийн албаны бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалт, албан хаагчийн томилгоо олон улс төрчдийн албан тушаалын байдлаа илэрхий хэтрүүлэн, бусдад давуу байдал олгосон авлигын зөрчлийн гол үндэс болж буй нь нууц биш. Энэ бүхэн төрийн алба хүчгүйдэх гашуун үр дагавартайг мартах учиргүй.

-Бид цаашид “Авлигын эсрэг хууль”, “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж, төрийн болон бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааг тодорхой болгох, иргэн хүн нэг бол төрийн албанд шударгаар тууштай ажиллах, эсхүл хувийн бизнесээ үргэлжлүүлээд явах шударга сонголтоо зөв хийж чаддаг байх ёс зүйн үнэлэмжийг бий болгоход анхаарч ажиллах болно.

-Гэтэл төрийн зарим удирдах албан тушаалтан, АТГ-азраас бүрэн эрхийнхээ хүрээнд гарган сануулсан шийдвэрийг биелүүлдэггүй, зөрчил гаргасан албан тушаалтандаа хуулийн дагуу хариуцлага тооцож чаддаггүй. Энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл, санаачилгагүйг нь харуулж байна.

-Цаашид төрөө цэвэр байлгах, төрийн албыг хамгийн шударга хүмүүсээр бэхжүүлэх нийтлэг эрх ашгийг удирдлага болгон тэмцэх явдал Авлигатай тэмцэх газрын анхаарлын төвд ямагт байх болохыг анхааруулья.

-АТГазар 10 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын нийт 1,795 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэргээс 478 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 376 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 289 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 188 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 84 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлж тус тус шийдвэрлэжээ.

-Гэмт хэргийн улмаас улсад 301 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 27 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 114 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Нийт 537 этгээдэд холбогдох 187 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ.

-Авлигын хэрэг голдуу далд хэлбэрт үйлдэгддэг. Хээл хахууль авсан, өгсөн хүмүүс хэзээ ч нэг нь нөгөөгийнхөө эсрэг өргөдөл гомдол гаргадаггүй. Үүний улмаас хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Нийтийн албан хаагчийн хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг, “Хясан боогдуулсаны улмаас аргагүй байдалд орж, хахууль авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирвэл түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлөх”-өөр заасан.

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хахууль өгсөн хүн эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, авлигын их, багын хэмжээ, хэрэгт оролцогчдын гүйцэтгэсэн үүргийг харгалзан уян хатан хариуцлага тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоомжуудад цогцоор нь тусгасан нэмэлт, өөрчлөлт хийж, илүү сайжруулахаар тусгасан. Энэ нь авлигатай тэмцэх ажлын хууль зүйн орчинг улам боловсронгуй болгоход анхаарч байгаа зөв эхлэл.

Онцлох нийтлэлүүд