ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.02.06 12:02

Африкийн “Стандарт” банкны өрийг С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү гээд төлөх эзэд нь бэлэн байна

Эдгээр нэр дурдсан эрхмүүд бол их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс. Энэ хүмүүст 100 сая ам.доллар юу ч биш. Өмнөх том том хэргийн эзэд шиг уснаас хуурай гарна гэж тооцож байгаа бол худлаа шүү. Алт диллерийн хэрэг, Айбекс-Моламын хэрэг, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Зууны луйвар, Хадгаламж банкны хэрэг, Ашигт малтмалын хэргүүд, Замын тендерийн хэргүүд, Төмөр замын хэргүүд... гэхчлэн төрийн өндөр албаныхан оролцсон дуулиант өчнөөн олон хэргийн ард хөнгөхөн гарч чадсан шигээ одоо энэхүү “Стандарт” банкны хэргээс бултана гэж байгаа бол “Цаг өөр болсон нөхөд минь, цагдаа нар зоригтой болсон” гэж хэлэх байна. Эдгээр хүмүүсийг эхнээс нь хамгаалж хаацайлах хандлага өчигдрөөс мэдрэгдэж эхэллээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбар өгөхдөө "Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Засгийн газарт хүлээх үүрэг байхгүй. Маргаан бол цэвэр "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт" банк хоёрын асуудал” гэж хэлэв. Түүнийхээр бол Эрдэнэт үйлдвэр бие даагаад ямар ч хамаагүй компанид батлан даалт гаргаж өгч болох юм байна. Засгийн газрын мэдлийн 51 хувь одоо 100 хувь болсон. Түүнийг Монголын Засгийн газар бус Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн дангаар мэдэж зарцуулах үүрэгтэй болсон гэж ойлгох уу. Төрийн өмчийн хороо чинь Монголын төр биш юм уу, Засгийн газар биш юм уу. Иймэрхүү учир нь үл ойлгогдох, төрд огт хамаагүй, хоёр компанийн хоорондын асуудал гэх зүйлийг Хууль зүйн сайд нь яриад эхлэв.

Ер нь бол дээрх нэр бүхий хүмүүс энэ асуудалд яагаад холбоотойг хүмүүс одоо мэддэг болсон. “Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2013 онд “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд С.Баяр байсан. Төрийн өмчийн хорооны дарга нь Д.Сугар. Эрдэнэт үйлдвэрийн захирал нь Ч.Ганзориг. Энэ гурав бол шууд холбогдоно. Дээр нь тухайн үеийн УБТЗ-ын дарга Д.Очирхүүгийн нэр бас холбогддог. Учир нь зээлийн баталгаа гаргасан бүх бичиг баримтад эдгээр дөрвөн хүний гарын үсэг байдаг. Тэдний тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Төрийг төлөөлсөн эдгээр эрхмүүдийн гарын үсгээр Монголын төр 51 сая ам.доллар төлөхөөр болчихоод байна. Манай хууль хяналтынхан болохоор “гарын үсэг хуурамч” хэмээн тогтоож баларсан. Харин Лондонгийн Арбитрийн шүүх “гарын үсэг хуурамч биш” хэмээн тогтоож Монголын төрөөр 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрээ сүүлийн бүх шатандаа гаргачихлаа. Өнөөдөр юу хамгийн бодитой үнэн гэвэл Эрдэнэтийн 51 хувь гадны “Стандарт” банкны барьцаанд байгаа нь л үнэн байна.

“Стандарт” банк энэ ялалттайгаа зэрэгцэн дээрх 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилжээ. Лондонгийн Арбитр уг нэхэмжлэлийг бас л хангаж зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэмж гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд /55 сая +44 сая/ нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэртэй хоцорчээ.

Байдал нэгэнт иймдээ хүрсэн болохоор Монголын хууль хяналтын байгууллага одоо шударга ажиллаж юуны өмнө эдгээр нэр бүхий С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын таван хүнийг хэрэгт холбогдсон, бодитой нөлөөлсөн эсэхийг цаг алдалгүй тогтоох ёстой. Үнэндээ ард түмэн өнөөдөр өлссөндөө, ажилгүй, орлогогүй байгаадаа бухимдаад байгаа юм биш. Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс сүүлийн 25 жил зогсолтгүй хулгай хийсэн, өнөөдөр ч луйвраа үргэлжлүүлсээр байгаад нь бухимдаад байгаа юм. Ард түмний энэ бухимдлыг тайл. Яаж тайлах вэ гэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарыг шоронд хийх хэрэггүй. Шоронд хийвэл 60 нас хүрчихсэн наад нөхдүүд чинь үхчихнэ. Зүгээр л 100 сая ам.долларыг хувийн хөрөнгөнөөс нь гаргуулж төлүүл. Хэн илүү мэдээлэлд ойр байсан, хэн илүү эрх мэдэлтэй байсан нь Монголын төрийг шулж ирснийг эдгээр хүмүүст гэсгээл үзүүлж, өөрсдөөр нь төлүүлснээр бусад луйварчдад нь сургамж болог.

Ер нь бол дээрх 99 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр, Монголын Засгийн газар төлнө, төлөхгүй гэж луу унжих боломжгүй юм. Олон улсад мөрдөгдөж буй хуулиар заасан хугацаа нь дуусангуут манай улсын гадаадад байршиж буй алт, валютын нөөцөөс үл маргах эрх зүйн зохицуулалтаар шууд "Стандарт" банкны данс руу шилжүүлчихнэ. Хэрэвзээ манайх гадаадад байршуулсан валютын нөөцгүй бол тухайн улс орны газар нутаг руу ордог дэлхийн практик байна даа. Жишээ нь, Тажикстан улс ийм нөөцгүй байсан учраас л хоёр жилийн өмнө Хятадад газар нутгаасаа тасдаж өгсөн.

Байдал буруугаар эргэвэл С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нараас болж Монгол Улсын Засгийн газар 99 сая ам,долларт (хүү, алданги нь өдрөөс өдөрт тооцогдсоор цаашид хэдэн зуун сая ам,долларт хүрэхийг мэдэхгүй) тэнцэх хэмжээний газар нутгийг тус банкны эзэмшилд шилжүүлэх нь. Сүүлийн 25 жил төрөөс хулгай хийсэн хэсэг бүлэг хүний луйвар явсаар газар нутгаа гадныханд хуулийн хүрээнд шилжүүлэн өгөх зам руу орж байгааг номхон ноомой Монголын ард түмэн мэдэж байна уу, үгүй юу. Гэхдээ энэ хэдэн хүнийг юуны туханд хүрэлгүй шоронд хийхийг урьдал болгож болохгүй. Яагаад гэвэл тэдэнд технологи бий. Учир нь шоронд хийсэн нэртэй нэг газар худгийн сахиул хэдэн сар хийлгээд гаргаад авчихдаг. Ялыг биеэр эдэлсэн нэртэй төлбөр тооцоог нь аргалдаг. Дээр нь тэдний нэр дээр ямар ч өмч хөрөнгө байхгүй. Хуулиар бол хувийн өмчөөс нь хохирлыг нь төлүүлдэг. Гэтэл нэр дээр нь, дансанд нь юу ч байхгүй байгаа нөхдүүдийг хуулиар бас цайруулчихдаг. Жастын Батхүү чинь одоо харагдах байдлаараа юу ч байхгүй амьтан шүү дээ. Тэгээд л хэргийг нь цайруулчихсан байгаа. Дээр нь энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өмнөх хуулийн зүйл заалтыг ярьдаг ч байж магадгүй. Ш.Батхүү байцаалт өгч эхлэхдээ анхны бүх мэдүүлэг дээрээ дээрх нэр бүхий том дарга нарыг гарын үсэг зурсан гэж баталсан байдаг юм. Тэгснээ төд удалгүй мэдүүлгээсээ буцаж ганцаараа бүх хэргийг үүрсэн. “Би л ганцаараа буруутай. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү нар ямар ч буруугүй. Тэд нарын гарын үсгийг би хуурамчаар үйлдсэн” гэж. Удалгүй Өршөөлийн хууль батлагдаж өнөөх Ш.Батхүү чинь суллагдан Англид амрахаар явчихсан юм. Мөн нарийн зохион байгуулалт шүү. Иймэрхүү нарийн ширийн зүйл рүү нь лавхан орвол дуусашгүй муухай мафи Монголын төрөөс үнэртэж бөөлжис цутгах учир орхиё.

Тэгэхээр одоо бодит байдалд зохицуулж асуудалд хандая. С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нарын хэрэгт холбогдсон эсэхийг хуулийн дагуу тогтоож, батлагдвал өмч хөрөнгөнөөс нь дээрх 100 сая ам.долларыг даруйхан төлүүлэх. Харин одоо төлөх өрийг цаг алдалгүй өнөөдөр ч хамаагүй Эрдэнэт үйлдвэр төлж барагдуул. Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан. Шүүхийн нэхэмжлэлтэй үндсэн 51 сая ам.доллар дээр зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги гэхчлэн нийт 44 сая долларыг нэмж “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгохоор болсон байгаа. Энэхүү 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Зөвхөн хүүгийн төлбөрт сард 2.2 тэрбум, өдөрт 75 саяар нь сул төлөх нь. Энэ мөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэг барьж болно. Сард хоёр цэцэрлэг, гурван км замыг хүүгийн төлбөрт төлж байгаа мөнгөөр босгоод байх боломжтой боловч одоо үүнд бухимдаж суух цаг алга. Өнөөдөр ч болтугай Эрдэнэт үйлдвэр бүх мөнгийг төлчихөөд залгуулаад дээрх таван хүнийг хэрэгт холбогдсоныг тогтоож тэдний хөрөнгөөс дээрх төлбөрөө гаргуулж авах ажилдаа яаравчлан орох хэрэгтэй.

Б.НЯМАА

Онцлох нийтлэлүүд