ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.09 01:05

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр боллоо

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан билээ. У хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдлээ. Hууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж, ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр, нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр томъёог өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэний Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд гишүүд нэгдлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Онцлох нийтлэлүүд