ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.06.17 08:06

Ашиг сонирхлын зөрчлийн хууль авгай нөхөр, анд нөхдийг ч зөрчилдүүлэх юм байна

Монгол улсад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” мөрдөгдөж байна. Тус хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хүлээж авах ёстой юм байна. Тухайлбал тус хуулийн 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил" гэж төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэжээ.3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг нэрлэжээ. Гэтэл “Хамаарал бүхий этгээд” гэдгээс бултуулаад хамааралгүй нэрийн дор хамгийн итгэлтэй хүнээ авчраад тавьчихдаг нь жижигхэн Монголд ердийн үзэгдэл шүү дээ. Мөн тус хуулийн 3.1.6.“нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг оноожээ. Улмаар хуулийн 3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хоригложээ. Хөдөөнийхөн бол нэг голд төрсөн бол төрийн албанд хамт ажиллаж болохгүй нь. Хот сууринд бол нэг төрөх газарт мэндлээд нэг хороонд өссөн бол бас болохгүй нь. Цагаан дээр хараар буусан нь энэ. Эдгээр заалтуудыг 2012 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байдаг юм. Уламжлалт сэтгэхүй гэж айхавтар юм байна. Жишээ нь нотариатаар хичнээн ч батлуулаад очсон тэр хүнийг мэдэхгүй бол хэн ч итгэхгүй. Харин танил нь хэлээд явуулсан бол “Энэ гайгүй хүн юм байна” гээд итгэдэг нь Монголын уламжлал. Гуравхан сая хүнтэй Монголд 300 сая хүнтэй Америкийн хуулийг хуулж буулгасан нь энэ. АНУ гэдэг бол хэн хаанаас ирснээ ч мэдэхгүй, удам гарвал нь тодорхойгүй хүмүүс. Ийм л тивд зориулсан хууль Монгол Улсад мөрдөгдөөд байгаа нь энэ.

Тус хуулийг буруу тайлбарлаж байна гэж өөрийгөө бодохгүй байна. Энэ хууль амьдралын хөрсөнд хэрхэнбууж, нийгэмд ашиг тусаа өгч байгаад нь эргэлзэж байна. Аливаа хуульд амин сүнс, философи гэж байдгийг мэргэшсэн хуульчид хэлдэг. Энэ хуулийн амин сүнс нь гэвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл дунд сургуулийн нэг ангид сурч байсан найзаасаа хүртэл хол байх юм байна.Хувь хүн төрд алба хашиж байх хугацаандаа харь гаригаас ирсэн амьтан шиг байх нь. Амьдралын шалгарсан үнэн гэвэл аливаа ажил хэрэг итгэлцэл дээр явагддаг үнэн юм.

Төрд л алба хашиж буй бол төрлөө ч мэдэхгүй байх энэхүү ухаалаг бус хуулийн үндэс нь үнэндээ социалист нийгмээс эхтэй. Эв хамтын нийгмийг байгуулахад саад тотгор болдог зүйл нь ах дүүсэг байдал, үзэл сурталгүй ойр садны хүмүүс гэж шалгарсан коммунистууд үздэг байлаа. Бараг эхнэрээ нийтийн өмч гэж үзэж байсан дэглэм шүү дээ. Монгол оронд 1930-аад онд хэрэгжсэн хамтрал коммуны үйл явдал үүнийг батална. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Түвдэнгийн Бор гэж баатарлаг эмэгтэйн тухай киног санаж байгаа байх. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүн тэр бүсгүй өөрийг нь хүний зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн нагац ахынхаа хойноос Дотоод яамныхныг дагуулан элдэж, мууг нь үзэх гэж улайрч байгааг. Төрсөн мах цусныхаа тасархайг хүртэл ингэж үзэн ядтал хүмүүжүүлсэн нийгмийн үзэл л орчин үежиж, өнөөдрийн ардчилсан нийгэмд ашиг сонирхлын хууль болон хэрэгжээд явж байна.

Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ хууль 30 сая хүнтэй улсад тохирч болно. Яагаад гэвэл ийм тооны хүн дотроос эрхбиш ажлыг шударга хийдэг, ах дүү хамаатан садан гэх юмгүй, төрийн жинхэнэ албан хаагчид олдож болно. Харин гурван сая хүнтэй Монголд бол ийм хүн олдтолоо ховор юм. Бод доо, нэг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 14 нь хамаатан садан, ажил төрөл, анд нөхдийн гүн бат холбоотой нэгэн том даргын зоонтог дор байдаг хүмүүс байгааг мэдээллийн хэрэгслүүд бичээд л байгаа. Монгол ийм л жижигхэн. Эдгээр 14 хүн тус дүүргийн хувь заяаг шийднэ. Засаг даргыг томилно. Санхүүгийн даргыг тавиулна. Энэ хоёр хүн нь өнөө хуулиар хориглосон 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байх жишээтэй. Шинээр томилогдсон Засаг дарга бол өөрийг нь шоронд хийхээргүй хамгийн итгэлтэй, ойрын хүнээ л хоёрдугаар гарын үсэг зурах ерөнхий нягтлангаараа томилно. Хэн ч танихгүй хүнийг нягтлангаараа тавьж хэрэгт орохыг бодохгүй биз дээ. Харин хуулиар хэн ч танихгүй хүнийг тавь гэж байгаа.

Нэг суманд дээд тал нь 15 дээд боловсролтой хүн байна. Тэдгээр нь ядаж сумын Засаг даргынх нь ойрын хамаатнууд. Ашиг сонирхлын хуулиар мань дарга дээд боловсролтой хамаатнаа тавьж болохгүй. Яах вэ гэхээр 8 дугаар ангиа арайхийж төгссөн галчийг “Миний хамаатан биш юм” гэсэн хуулийн заалтаар нягтлангаар тавина. Бодит амьдрал дээрх хууль ийм.

Нэгэн аймгийн Засаг даргад энэ хууль үйлчилсэн парадоксыг хэлье. Нөхөр Засаг дарга урьд жил хулхи зам бариулсан зэмийг аймгийн иргэдээсээ хүртэж үхтэл муугаа дуудуулсан. Дараа жил нь 20 км замын тендер дахин зарлагдахад өнөө хулхины компани нь бас ороод иржээ. Түүнтэй хамт бизнесийн түүхийг нь огт мэдэхгүй компаниуд бас оролцов. Нөхөр бол аймгийнх нь замыг хамгийн сайн технологиор, хамгийн шуурхай, чанартай барих компанийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч тэрхүү компанийн захирал эхнэрийнх нь ойрын хамаатан. Тендерийн комисст нь огт байдаггүй хэрнээ муу нэрийг нь сонсож үлддэг Засаг дарга тэр компанийг тендерт ялуулж чанартай замтай үлдэх хүсэлтэй байвч Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчинө. Хэдхэн хоноод хэмэрхээд унах замтай үлдэх үү, эсвэл огт замгүй байх уу. Энэ бол Эрх ашгийн зөрчлийн хуулийн амьдрал дээр үзүүлж буй парадокс буюу гарцгүй болсон байдал.

Эр хүнд хамгийн итгэлтэй хүмүүс нь хүү, хүргэн хоёр нь л байдаг юм шүү дээ. Эр хүүхэд, энхрий охиныхоо нөхөр хоёрт л хүн итгэж ажил амьдралаа явуулдаг юм. Хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг барилгажуулах хамгийн том төсөл дээр хүүгээ л тавина биз дээ. Хамгийн тэнэг хүн л үүнийг үгүйсгэх байх. Амьдрал үнэн байдаг болохоор Э.Бат-Үүл хамгийн түвэгтэй газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” газарт хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийг орохыг зөвлөж “За чи наад газартаа сайхан орон сууцны хорооллыг сүндэрлүүлж нийслэлчүүдэд тус бол. Бусдад үлгэрлэ. Аавынхаа итгэлийг алдахгүй хүн нь чи байна” гэсэн байгаа. Яагаад гэвэл Э.Бат-Үүл хүүгээ хамгийн сайн мэдэж, чадна гэдэгт нь итгэж байгаа учраас тэр. Ийм л итгэл бүхий, таньж мэддэг хүмүүсээ зовлон бэрхшээл ихтэй том төсөлд оруулахгүй бол мэдэхгүй нөхдүүд нь өнөөдөр хулхидаад алга болсон дуулдана лээ. Хуулиараа тендерт шалгаруулах процесст Э.Бат-Үүл ямар ч оролцоогүй юм.

Аймгийн Засаг дарга нөхөр бол авгайн дүү гэдэг ашиг сонирхлоос айгаад аймгаа замгүй, өөрөө шоронгүй салахаар шийдэж. Э.Бат-Үүл бол хүүгийнхээ компаниар гэр хорооллыг барилгажуулж, хэсэг айлыг орон сууцтай болгоод өөрөө шорон руу явах юм байна л даа, цахим ертөнцөд бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээр бол. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль амьдрал дээр ийм л дүр зурагтай байна.

Нарийндаа яривал Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга болгож, том төслийнхөө ТУЗ-ийн дарга болгохгүй өөр ямар итгэлтэй хүнээ болгох юм бэ, Н.Алтанхуягийн хувьд. Өнөөдөр Н.Алтанхуяг, Г.Дэнзэн нарыг буруутгадаг нөхөд амьдрал дээр хүү, хүргэнүүддээ итгэж байгаа. Үүнтэй чинь ялгаа юу байна. Таны хүүг, хүргэнийг шоронд хоривол шударга хүн та “Одоо яахав дээ, Ашиг сонирхлын хууль зөрчсөн юм байна лээ” гээд эхнэрээ тэврээд дуржигнатал хухираад байж чадах уу. Хүн тайван амгалан аж төрж, ажлаа сайн хийхийн тулд итгэлтэй, сайн таньж мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг хүн төрөлхтний тогтсон үзэл байна.

Монголд ийм тамын тогооны хууль үйлчлэхээс өөр аргагүйд хүрчихсэн юм биш. Бүх улс оронд итгэлцлийн хууль үйлчилдэг юм. Америкийн нэгэн эдийн засгийн сэтгүүлд 2012 онд “Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч Жим Ен Ким дотнын нөхрөө Монголд томиллоо” гэсэн утгатай мэдээ гарч байсан юм. Тэр нь юу гэхээр тухайн онд Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээртомилогдсон захирал Берт Хофмэныг хэлсэн хэрэг. Жим Ен Ким гуай шинэ албанд очоод л хамгийн итгэлтэй, урьд нь хамтран ажиллаж байсан нөхдөө бүс нутгуудад томилж эхэлсэн юм билээ. Тэгэхээр дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллага дотроо хүртэл ийм л итгэлцлийн хууль үйлчилдэг байна. Дэлхий ийм байхад манайх эсрэгээрээ таньдаг итгэдэг бүгдийгээ өөрөөсөө хол байлгаж төрийн ажлыг сайн явуул гэсэн хууль гаргасан нь дэндүү хоцрогдсон бүдүүлэг байгаагийн шинж юм даа.

Онцлох нийтлэлүүд