ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.03 11:10

“Аэро Монголиа” Өмнөговь аймгийн Ханбогд сум руу тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн агаарын тээв­рийн түүхэнд нэгэн шинэ хуу­дас нээлээ. Учир нь "Аэро Монголиа" компани Өмнөговь аймгийн Ханбогд сум руу анхны тогтмол нислэгээ үйлдсэн явдал юм. Өмнө нь Ханбогд сум руу нислэг үйлддэг байсан ч "Оюутолгой" ажилчдад зориулсан захиалгат нислэг байдаг байлаа. Тэгвэл одоо "Аэро Монголиа" компани Ханбогд сумын "Ханбумбат" нисэх буудалд долоо хоногт хоёр удаа газардаж орон нутгийн иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэхүү "Ханбумбат" нисэх буудал нь Ханбогдын сумын төвөөс 40 орчим км-ын зайтай бол "Оюутолгой" ХХК-ийн уурхайгаас найман км зайтай юм байна. Ийнхүү тогтмол нислэгтэй болсноор Ханбогд сумын иргэд болон ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд мөн "Оюутолгой" ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотруу төвөггүйхэн хүрэх бололцоотой болж байгаа юм. Тодруулбал нутгийн иргэдийн ярьж буйгаар Ханбогд сумаас Улаанбаатар хот хүртэд 660 гаруй км замыг арав гаруй цагийн турш машинаар туул­даг байсан тухай ярьсан. Суудлын машин 40-50 мян­ган төгрөгийн ханштай иргэдэд үйлчилдэг ч олон цаг шороон замд машинд сэгсчүүлнэ гэдэг амаргүй байсан талаар малчид ярив. Харин тогтмол нислэгтэй болсоноор ердөө 1.30 минут агаараар яваад Улаанбаатар ирж, очиж байгаа нь тэдний хувьд цаг хэмнэхээс гадна тав тухыг хангасан явдал боллоо. Орон нутгийнхан "Хөдөөний бид чинь цай уухын зуур хот хүрээ орж оюутан хүүхдээ эргэж тойрчихоод, гурил будаагаа дөхүүлээд ирэх нь байна ш даа" хэмээн их л олзуурхан ярьж байсан. "Аэро Монголиа" компани Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай "Фоккер-50"онгоцоор үйлчилж байна. Тасалбарын үнэ талдаа 187 мянган төгрөг юм билээ.

"Ханбумбат" нисэх буудлыг "Оюутолгой" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн өөрсдийн ажилчдыг тээвэрлэх бус орон нутгийн дэд бүтэцэд мөн дэвшилт гарган хамтарч ажиллахыг зорьсон гэнэ. "Оюутолгой" ХХК-ийн үйлдвэрлэл хариуц­сан дэд захирал Айвен Вел­ла "Манай компани төрийн байгууллагуудтай олон удаа хэлэлцэж, энэ бүс нутгийг хөгжүүлэх, холбогдох бүхий л хууль дүрмийг сахин ажил­лах хүсэл эрмэлзлээ батлан хариулсны эцэст энэхүү дэл­хийн түвшний нисэх буудлыг барих албан ёсны зөвшөөрөл авч байсан. Хоёр жилийн өмнө бид энэхүү хөө­рөх, буух зурвасыг барьж эхлэхдээ өнөөдрийн энэ өдрийг мөрөөдөж байлаа. Бидний зорилгыг биелүүлэхэд тусалсан "Аэро Монголиа" компанид баярлалаа" гэв. Энэхүү нисэх буудал нь орон нутагтаа хамгийн томд орох аж. Түүнчлэн орон нут­гийн нислэгээс гадна шаард­ла­га­­тай бол олон улсын томоохон нислэгийг ч хүлээн авах чадалтай гэсэн.Нисэх буудлын барилгын ерөнхий дизайн нь бөөрөнхий монгол гэртэй төстэй юм билээ. "Аэро Монголиа" компанийн Улаанбаатар-Ханбогд чиглэ­лийн тогтмол нислэг долоо хоногийн лхагва, бямба га­ригт хуваарьтай бөгөөд авиа компанийн зүгээс та­салбараа энэ сар дуустал өндөр настнуудыг 50, орон нутгийн иргэдийг 30 хувь хөн­гөлжээ. Ийн тогтмол нислэг­тэй болсноор жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж нутгийн удирдлагууд үзэж байна.

Д.СҮРЭН

Онцлох нийтлэлүүд