ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.03 11:07

А.Амбасэлмаа: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10978000 хүн өвчилж, 522000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Д.Нямхүү захирал ДЭМБ-ын Номхон далайн бүсийн онлайн хуралд оролцож, коронавирустэй тэмцэх сэргийлэх талаар мэдээлэл хийж байгаа. Долдугаар сарын 2нд 194 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор ирсэн нэг оюутан, орос жолооч 19 хоног эмчлүүлээд эдгэрч гарлаа. Ингээд нийт батлагдсан 220 тохиолдлоос 179 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 41 хүний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 35, хүндэвтэр зургаа байгаа.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагт 180 мянга гаруй хүн шинээр халдвар авлаа.Энэ нь өмнөх өдрөөс өссөн дүн юм. Мөн сүүлийн хоногт АНУ 54,000, Бразил 48,000, Энэтхэгт 21,000-аар өвчлөл нэмэгдлээ. АНУ-д нэг өдргийн дотор бүртгэгдсэн халдварын тоо халдвар гарснаас хойших хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрлээ. ОХУ-д 6,000 хүн шинээр өвчилж, 147 хүн эндсэн байна. Манай улсын хувьд өчигдөр 541 хүн тусгаарлалтад орж, 274 хүн тусгаарлалтаас гарлаа. Улсын хэмжээнд 2712 хүн ажиглалтад байна. Өчигдөр БНСУ-аас 420 хүн, АНУ-аас 24, Замын-Үүдийн боомтоор 96 хүн ирсэн. Эдгээр иргэдээс 9 хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүсийг буудлуудад тараан байрлууллаа. ЗӨСҮТ-ийн баг өчигдөр тусгай үүргийн гурван онгоцыг ариутган, халдавргүйжүүлсэн" гэв .

ЭМЯ-ны Шинжлэх, ухаан технологийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн: Коронавирусийн талаар 38302 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж, 2500 гаруй туршилт судалгаа явуулжээ. 2020 оны сүүлчээр коронавирусийн вакцин гарна гэж ДЭМБ-аас мэдээлсэн. АНУ-ын эрдэмтэд 65 настай хүнд өвчтөнд плазм эмчилгээ хийхэд бие нь сайжирсныг мэдээллээ. Хятад, Италийн эрдэмтэд 3 ба түүнээс дээш насны хүүхдэд насанд нь тохирсон амны хаалт зүүлгэх хэрэгтэй. Харин 2 ба түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд