ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.26 11:08

А.Бакей: Хөгжлийн том асуудлуудаа шийдвэрлэх нь Засгийн газрыг огцруулахаас чухал

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин манай оронд айлчиллаа. Айлчлалын үеэр томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ айлчлалын талаар өөрийн дүгнэлтийг хэлэхгүй юу?

-Өмнө нь хоёр хөрш болон гуравдагч хөршийн хүрээнд олон л айлчлал болж гэрээ хэлцлүүд бат­лаг­даж байсан. Эдгээр айлч­ла­луудын дотроос өмнөд хөр­шийн төрийн тэргүүн Си Жиньпиний айлчлал онцгой ач холбогдол, үр дүнтэй айлчлал боллоо гэж үзэж байна. Багагүй хугацааны туршид аль аль талдаа хүлээгдэж байсан олон асуултуудад хариу өгсөн, үр дүнд нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцсэн, хоёр орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц том айлчлал боллоо. УИХ-ын хүн­дэт­гэлийн чуулган дээр Си Жиньпин дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар өөрсдийн хэлсэн үгэндээ айлчлалын ач холбогдлыг маш өндрөөр дүгнэсэн. Си Жиньпин дарга “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд хэзээ ч оролцохгүй” гэдгийг чуулган дээр дахин дахин бататгаж хэлсэн. Үүний зэрэгцээ “Хөршөө алтаар сольж болохгүй” гэсэн чухал санааг илэрхийлсэн. БНХАУ дэлхийн эдийн засгийн хөгж­лийн хурдацыг тэргүүлж бай­гаа том гүрэн. Хаяа нийлэн оршин тогтнож буй Монгол Улсын хөгжлийг хамтдаа бүтээл­цэх тухай санаагаа илэр­хийлж байна лээ. Түүнч­лэн ганцаараа гүйхэд хурдан байдаг. Олуулаа гүйвэл холд хүрэх боломжтой гэдгийг ч хэлсэн. Тиймээс дангаараа хөгжих бус хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжих боломжийг олгох тухай хэлсэн нь хоёр талын гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүдэд бүрэн тусгалаа олсон.

Хамгийн тод жишээ гэхэд олон жилийн турш янз бүрээр ярьж байсан төмөр замын дамжин өнгөрүүлэх шугам татах, нүүрсийг дахин боловсруулж нүүрснээс хий, түлш гаргах, эрдэс баялаг боловсруулах, олборлох, ашиглах салбарт, боловсролын салбарт гэх мэт олон салбарт тодорхой бодитой зүйл хийхээр гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Ямартай ч энэ нь ойрын хугацаанд үр дүнгээ өгөхөөр айлчлал боллоо гэж харж байна. 

-Тодотгоод хэлэхэд яг ямар гэрээнүүд дээр гарын үсэг зурчихав аа?

-Дэд бүтцийн дамжин өнгөрүүлэх гэрээ стратегийн онцгой ач холбогдолтой. Учир нь Монголоор дамжин БНХАУ, ОХУ-аар Европын зах зээлийг нээх гарц болох учиртай юм. Түүнчлэн манай орон далайд гарцгүй орон тул урд хөрш маань далайд гарцтай орон гэдэг давуу боломжоо Монгол Улсад ашиглуулах боломж олгох гэрээнд гарын үсэг зурсан нь бидэнд маш хэрэгтэй зүйл боллоо. Мөн хоёр орны ялтан шилжүүлэх гэрээг үзэглэсэн нь чухал зүйлийн нэг. Манай орны иргэдийн хамгийн ихээр зорчдог орон бол БНХАУ. Хүний амьдралд янз бүрийн зүйл учирч байдаг хойно тэнд хэрэгт холбогдлоо гэхэд насан туршдаа өөр оронд ял эдлэхээр болдог. Мэдээж тухайн иргэнд хүнд байдаг. Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь олон хүнд боломж олгож байгаа юм. 

-МАН-ын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулж Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал гээд ээлжит бус чуулган хуралдах боломж байна уу?

-Өнөөдөр Монгол олны нөхцөл байдал ямар байгааг бүгд мэдэж байна. Энэ үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай оронд айлчилж байгаа нь гадна, дотно аль аль талдаа Монголын ирээдүйн хөгжилд ач холбогдол өгч байгаа гэж үзэж болно. Хоёр орны төрийн тэргүүнүүд айлчилж байхад бид дотроо учраа олохгүй, хөлөө жийлцээд байвал тэр хүмүүс Монгол Улсад яаж хандах вэ. Хөгжлийн томоохон асуудлуудаа зөв замаар шийдэж чадах уу гэдэг дээр эргэлзээ төрөөд эхэлчихнэ. Тиймээс өнөөдөр Засгийн газрыг огцруулах нь нэн тэргүүний асуудал биш. Хамгийн чухал нь хоёр том хөршөө хүндэтгээд, тэдний хөгжлийн талаар тавьж буй саналых нь дагуу бид өөрсдийн саналыг хэлж зөвшөөрүүлэх ёстой. Бид хөгжлийн том асуудлуудаа шийдэх нь Засгийн газрыг огцруулахаас чухал асуудал гэж бодож байгаа. Тиймээс хувь гишүүний байр суурийг илэрхийлэхэд Засгийн газрыг огцруулах нь өнөөдрийн хувьд тохиромжтой, тийм ч сайн зүйл биш гэж үзээд байгаа юм. 

-Ээлжит бус чуулган заавал орох шаардлага бий юу?

-Удахгүй хойд хөршийн төрийн тэргүүн айлчилна. Тиймээс энэ хооронд ээлжит бус чуулган мэдээж хуралдахгүй байх. Ингэж явсаар байгаад намрын чуулгантай золгодог тал бий. Цаг хугацааны хувьд ээлжит бус чуулган орох цаг тун бага үлдсэн. Гэхдээ гарцаагүй хуралдуулах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд шийдвэр гарган албан ёсоор зарлах ёстой. Одоогоор төсвийн тодотгол хийх тухай албан ёсоор орж ирээгүй. Ээлжит бус чуулган хуралдах үндэслэлүүд нь одоогоор алга байна. Тиймээс ээлжит бус чуулган хуралдана гэж албан ёсоор хэлэх боломж алга. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилт, тайланг мэдээж УИХ сонсож л таарна. Үүнийг намрын чуулганы эхэнд ч гэсэн сонсох боломжтой. 

-Си Жиньпин даргын айлчлалаас манай орон нэлээдгүй валютын нөөцтэй болох боломж бүрдлээ гэж байна. Эдийн засгийн хувьд уг айлчлал хэр үр дүнтэй болсон бэ?

-Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн том төлөөлөл гэдгийг дахин хэлье. Тус орны эдийн засгийн эерэг, сөрөг аль ч хаялага нь дэлхийн эдийн засаг тэр дундаа хаяа дэрлэн оршин буй Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг сайн, муу хоёр талтай. Энэ удаагийн айлчлалаар манай орны эдийн засгийг эрүүлжүүлэх, өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдол бүхий гэрээнүүдийг үзэглэлээ. Буцалтгүй тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд энэ бүх салбар төр засгийн хоорондын асуудал бус хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд шууд харилцаа тогтоох асуудлууд шинэ шатанд гарахаар боллоо. Эдийн засгийн идэвхжил суларсан, зарим талаараа хямралын шинжтэй байгаа эдийн засгийг идэвхжүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ.  

-Үр дүн хэзээнээс мэдрэгдэх вэ?

-Миний бодлоор хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн үр дүн нэг жилийн дотор маш тодорхой харагдана. Инфляци, валютын ханшийн өсөлт зэрэг нь манайд дотоодын үйлдвэр хөгжихгүй байгаатай шууд холбоотой. Тиймээс дотоодын үндэсний үйлдвэрлэл хөгжихөд Хятадын том эдийн засгийн нөлөө их. Тиймээс үр дүн удахгүй мэдрэгдээд эхэлнэ гэсэн бодолтой байгаа. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газар “ЭЗЭН 100” хөтөлбөр дууссан. Их хурал үүнд тохируулж хуулийн төслүүдийг баталсан. Уг хөтөлбөр ямар үр дүнг авч ирэв?

-УИХ-аас эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх талаар Их хурлын тогтоол батлагдсан. Уг тогтоолын хавсралтад маш тодорхой зүйлийг зааж өгсөн. Хавсралтад тусгагдсан зүйлийн нэг хэсэг нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах бол нөгөөх нь Засгийн газрын гүйцэтгэх зорилтууд байсан. Хаврын чуулган завсарлахын өмнөх богино хугацаанд амжиж нэлээд хэдэн чухал хуулийг баталсан. Засгийн газар эдгээр хууль, эрхзүйн орчинд тулгуурлан эдийн засгийг идэвхжүүлэх, хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах арга замыг бодитоор хэрэгжүүлэхийг богино хугацаанд чармайж ажилласан гэж бодож байна. Анхнаасаа “ЭЗЭН 100” гэж нэрлэхэд нь л би шүүмжлэлтэй хандаж ирсэн. Эдийн засаг ийм хүндрэлтэй байхад 100 хоногт засна гэдэг тийм ч амар биш. 100 хоног бүү хэл 200 хоногт ч гэсэн засагдахааргүй асуудлууд байгаа шүү дээ. Өнгөрөгч 100 хоногийн хугацаанд ямарч байсан эдийн засгийн хүндрэлээс гарах суурийг бий болгосон хугацаа өнгөрлөө гэж бодож байгаа. 

-АН дотор МоАХ фракцын зарим гишүүд хуралдаж МАН-тай хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн тухай мэдээлэл гараад байна. АН, МАН-тай хамтарч Засаг барих юм уу. Хэрэв тэгвэл одоогийн “Шударга ёс” эвсэл яах вэ?

-Миний бодлоор манай нам Ардын намтай хамтрах байсан юм бол 2012 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх ёстой байлаа. Тэр үед хэрэв хамтарсан бол өнөөдрийн олон асуудлуудаас зарим нэгийг нь шуурхай шийдвэрлээд явахад дөхөм болох байлаа. Гэтэл одоо хугацааны хагас нь өнгөрчихлөө. Сонгуулийн жил дөхөх тусам сонгуульд өрсөлдөх хоёр том нам нэг хөнжилд хэвтэж байгаад өрсөлддөггүй. Үүний нэг тод жишээ нь 2012 оны сонгуулиас зургаан сарын өмнө АН Засгаас гарч байсан. Хэрэв тийм зүйл болоод Ардын намтай хамтарсан Засаг байгуулаад явах хугацаа байна уу гэдгийг бодох ёстой. Энэ богино хугацаанд хоёр нам хамтраад энэ асуудлуудыг шийдэж чадах уу гэдэг дээр эргэлзэж байна. Тодорхой гишүүд, улс төрийн хүчнүүд янз бүрийн санал гаргаж болно. Монгол Улсын язгуур эрх ашгийг бодвол сөрөг хүчин нь сөрөг хүчнийхээ байр сууринд байж, одоогийн Засгийн газар нь цомхон, эдийн засгийн нөхцөл байдалд саад тотгор болж буй зүйлсийг арилган бүтцийн өөрчлөлт хийгээд явчих боломжтой. Аль ч тохиолдолд улсынхаа хүндрэлтэй байдлыг бодолцож улс төрийн хүчнүүд зөв алхам хийх нь зүйтэй. 

-Хаврын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэж чадалгүй чуулган завсарласан. Энэ удаагийн айлчлалаар БНХАУ-аар дамжин гадаад зах зээлд нүүрс экспортлох боломж бүрдэж байгаа нь нарийн цариг тавигдах боломжийг бүр бататгах шиг санагдах юм?

-Төмөр замын цариг нарийн, өргөн байх нь гол асуудал биш. Монгол Улс хоёр хөршийнхөө нутаг дэвсгэрийг дамжин гуравдагч хөрш рүү бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон төмөр замын бодлогыг энэ айлчлалаар шийдлээ гэж бодож байна. Тиймээс бид нарийн, өргөн цариг гэж хоорондоо маргах бус холыг харах шаардлагатай. Си Жиньпин даргын айлчлал ганцхан Монгол Улс бус олон улсад хандаж тодорхой зүйл дээр өөрийн байр суурийг илэрхийллээ. Бид нарийн, өргөн цариг гэж дотроо маргалгүйгээр уг боломжийг ашиглан Монгол Улс олон улсын зах зээлд гарах боломжийг дэмжээд явах шаардлагатай. 

-Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал яригдаад эхэлсэн. Харин сүүлийн үед ам.долларын ханш бууж байгаа эерэг тал ажиглагдаж байна. Монголбанк одоо л ажиллаж эхэллээ гэсэн зүйл яригдаад байгаа. Төвбанкны ерөнхийлөгчийг огцруулах нь хэр зөв алхам юм бол?

-Валютын ханш чангарч, Монгол төгрөгийн үнэ цэнэ буурч байгаа нь эдийн засгийн өөрийн тодорхой зүй тогтолын асуудал. Нэг салбарт тулгуурласан өрөөсгөл бүтэцтэй эдийн засагтай манай орны хувьд уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буучихлаа. Ингэснээр валютын наашлах урсгал төдийлөн нэмэгдэхгүй байгаа. Оюутолгой, Тавантолгой төслийн үйл явцтай холбоотойгоор ийм байдалд хүрсэн. Түүнээс Золжаргал буруу ажилласнаас болоод өнөөдөр валютын ханш өсөөд байгаа юм биш.  Хэрэв тийм байсан бол валютын ханш өсөх үед нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулж маргааш нь өөр хүн тавьж болно. Харамсалтай нь ямар ч хүнийг тавьсан энэ зүй тогтол нэг хэсэгтээ л зүй тогтолоороо явна. Энэ бидний хүсэл зорилгоос хамаарах тул эдийн засгийн зүй тогтол ийм байгаа үед хэрхэн давж гарах вэ. Богино, дунд, урт хугацаанд юу хийх вэ гэдэг бодлогоо зөв тодорхойлоод хэрэгжилтдээ анхаарах ёстой. Үүний нэг бодит жишээ нь Их хурлаас хаврын чуулганд баталсан эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх тогтоол байгаа юм. Уг тогтоолд валютын ханшийг тогтворжуулах талаар тодорхой зорилтууд тусгагдсан. Энэ дагуу Монголбанк зарим арга хэрэгслүүдээ ашиглаж ам.долларын ханшийг түр барьж чадлаа. Үргэлж интервенци хийн зах зээлд доллар гаргаж зохиомлоор ханшийг барихад хэцүү. Бид нүүрс, алт, зэсний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг өртөг шингээж гаргах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох гэх мэтээр өөрсдөдөө байгаа нөөц боломжийг ашиглах шаардлагатай. Хэрэв тэгж чадвал валютын ханш буурна. Одоо үндэс суурь нь тавигдсан тул тодорхой хугацааны дараа үр дүн гарч эхлэх байх. Хонгилын үзүүрт гэрэл гарсан дохио болж байгаагаас биш өнөөдрийн валютын ханшийн бууралт шууд тогтворжсон гэж хэлж болохгүй. 

-АН-ын бүлгийн дарга “Энэ Засгийн газар сайн ажиллахгүй бол хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдэж байсан. Энэ Засгийн газарт хариуцлага тооцох уу, эсвэл дэмжээд ажиллуулчих юм болов уу?

-“ЭЗЭН 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг Их хурал дээр эхлээд сонсох хэрэгтэй. Түүний дараа хариуцлага тооцох эсэх талаар ярьсан нь дээр. Одоохондоо бидэнд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл ирээгүй байна. Тиймээс сайн, муу гэж дүгнэх арай эртэднэ. Чингэс, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, үр дүн, ямар ашигтай байсан гэдгийг Их хурал энэ Засгийн газраас нэхэх хэрэгтэй л дээ. 

-Хятадын даргын айлчлалаар томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурагдсан тул гадны хөрөнгө оруулагчдын итгэл бага ч гэсэн сэргэж байгаа болов уу?

-Энэ удаагийн айлчлалын гол үр дүн БНХАУ-ын зүгээс Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон алхам болсон. Ноднин өдийд бид хөрөнгө оруулалт буурлаа. Юунаас болов гээд ээлжит бус чуулган хуралдуулсан. Түүгээрээ Хөрөнгө оруулалтын тухай хуулиа хэлэлцэн баталсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль уг нь маш сайн хууль болсон. Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн хэлсэн үгэнд хоёр орны цаашдын харилцаанд тааламжтай нөхцөл бүрдлээ гэдэг утга бүхий үгийг хэлцгээсэн. Энэ бол хөрөнгө оруулалтын тал дээр маш том бодитой дүгнэлт болж чадсан. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах бодит боломжийг нээж өглөө. 

Э.ЭНХБОЛД


Онцлох нийтлэлүүд