ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.03 09:09

А.Мөнгөншагай: Эх хүн хүүхдээ бүүвэйлж, хайрлаж өсгөдөг учир бурхны мөн чанартай байдаг

Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагайтай ярилцлаа.


-Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөдөө орон нутгаар аймаг сумдын ой, наадмууд болж байна. Эрдэнэтийн Жаргалант сум хуучин Улаан толгойн дөчин жилийн ой болсон. Ойн арга хэмжээг найрууллаа. Мөн Ховд аймгийн Манхан сумын сургууль эмнэлгийн 80, 90 жилийн ойд ая дуугаа өргөлөө. Энэ жилийн наадмаар түрүүлсэн аварга Ш.Батсуурийн цолны мялаалга наадамд уригдаж дууллаа. Ойрын өдрүүдэд хотод байлаа. Хурим найрын цаг эхэлчихсэн. Өдөрт 3-4 хуримд уригдан дуулж байна даа.

-Жин их хаяжээ. Хэдэн кг-ийг хасав?

-“Гурван бүдүүн” хамтлаг гэж нэрэндээ туйлшраад их явсан. Одоо эрүүл мэндээ бодохгүй бол болохоо байлаа. Эхний соло уран бүтээлээ гаргах үеэсээ жингээ хасаж эхэлсэн. 100 гаруй кг байсан. 85-86 кг орчим болтлоо жингээ хаяж “Гуч хүрсэн бүсгүй” дууныхаа клипийг хийлгэсэн. Түүнээс хойш дахиад 2-3 кг хассан. 80 кг болох зорилго тавиад байгаа. Одоо өөх биш, булчинлаг болох тал дээр анхаарч байна. (инээв)

-Гуч хүрсэн бүсгүйчүүд удахгүй дөч хүрнэ. Дөч хүрсэн бүсгүйчүүдийг дуулах уу?

-Хүмүүс Шагай гоё сэдэв олсон. Сэдвээрээ гоё дуу хийчихлээ. Ая, хөгжим найруулга, үг нь цаг үеэ олсон сайхан тавилттай, шийдэл санаатай болсон гэж яриад байгаа. Түүний дагуу маш олон хүсэлт захиалга ирж байна. Одоо дөч хүрсэн бүсгүйг гарга гээд “Дөч хүрсэн бүсгүй” шүлэг ирсэн. Бүр 2-3 янзаараа ирсэн. “Дөч хүрсэн эр” гэдэг дуу гарга гэж санал тавиад нэлээд хэдэн шүлэг ирсэн байгаа. Бүр цаашлаад 50-тайчууд нь яаж зүгээр байх вэ бас захиалгаа өгсөн. Миний хувьд дөч, тавьтай бүсгүй гэсэн дуу гаргах бодолгүй гэдгээ хэлье. Хэрэв гаргахаар болбол “Гуч хүрсэн бүсгүй”-гээс илүү дуу гаргах ёстой. Нөгөө талаараа туйлшраад нас дуулдаг хүн болох гээд байна. Хүмүүст сайхан санагддаг байж болох. 40-тэй бүсгүйчүүд дөчин насаа дуулаад явах. Магадгүй хэдэн жилийн дараа надад “Гуч хүрсэн бүсгүй”-гээс сайхан ая аялгуу ороод ирж болох. Өөр сэдвээр уран бүтээл хийж байгаа. Одоохондоо тийм бодол алга. “Дөч хүрсэн эр” гэж дууны санал ирсэн. Ийм дуу хийхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл “38-тай аав” гээд манай хамтлагийн хит дуу байна. 38-тай аав нэг байхад болно. Гуч хүрсэн бүсгүй нэг байхад болно. “Гуч хүрсэн бүсгүй” хэзээ ч хоцрогдохгүй. Үе үедээ дуулаад л явж байх учраас. Энэ дууг хүмүүс “Гуч хүрсэн бүсгүй” ч гэдэг “Гуч гарсан бүсгүй” ч гэдэг. Уг нь бол “Гуч хүрсэн бүсгүй”. Зөвхөн гуч хүрсэн бүсгүйд зориулж байхаар гуч гарсан, гараад явж байгаа бүсгүйчүүдэд зориулъя гэж бодож хийсэн.

-Хурим найр, арга хэмжээнд уригдаж дуулахдаа энэ дуугаа хэр их дуулдаг вэ?

-Байнга. Үүнийг сонсох гэж л урьдаг байх. Хурим найраас гадна шинэ жилээр их уригддаг. Миний хамгийн оргил үе шинэ жил байсан. Бүсгүйчүүд л ихэвчлэн шинэ жилд ач холбогдол өгч оролцдог. Шинэ тэмдэглэж буй албан байгууллагын бүсгүйчүүдийн ихэнх нь гуч хүрсэн бүсгүйчүүд байдаг юм байна. Яагаад гэвэл нэр хүндтэй сайхан албан газар ажиллаж байгаа, байр сууриа олчихсон, өөрийн карьертаа хүрчихсэн. Бие сэтгэл, ажил үйлс нь бүгд жигдэрчихсэн байдаг юм байна.

-Ингэж дуулж явахдаа онцгой сэтгэлд үлдсэн дурсамжтай үе бий юу?

-Гучин насныхаа ойд хүмүүс их урьдаг. Нэг ойд дуулахаар ресторанд ирээд дуулж байтал тал талаас гарч ирээд бүжиглэсэн. Найзууд нь миний клипэнд гардаг шиг хувцаслаад намайг тойрч бүжиглээд. Тайз засал нь хүртэл миний клипний зураг авалт шиг. Миний клипэнд тоглосон охид шиг хувцаслачихсан. Би уг нь тэдэнд бэлэг барьж байгаа атал буцаад өөрөө шоконд орж сюрприз бариулж билээ.

-Дууныхаа санааг яаж олдог вэ?

-Орчин цагт бүх зүйл даяаршаад өөр болж байна. Хүмүүс шинэ сонин сэдэв хүсдэг болж. Бидний дуулдаг уянгын дуунуудаа дуулаад яваад байх цаг биш болжээ. Тиймээс гоё шинэ шийдэл, сэдэв санааг байнга эрэлхийлж байна. Анхны хийсэн соло уран бүтээл минь хүмүүст хүрч таалагдаж, амжилттай болсон учир үүнийгээ давах сайн уран бүтээл хийхийг зорино.

-Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Дэрвэгэр сормуус” нэртэй бүтээл дээр ажиллаж байна. Бас л бүсгүйчүүдийг магтан дуулсан уран бүтээл. Надад сүүлийн үед дандаа бүсгүйдийн гоо сайхан, бие сэтгэл, дурлал хайрыг магтан дуулсан шүлгүүд ирдэг болсон. Энэ дуу маань ч тийм л сэдэвтэй. Дуу маань ерөнхийдөө бэлэн болсон. Клипнийхээ ажилд удахгүй орно. Ирэх сарын 20-д гэхэд шинэ уран бүтээл маань үзэгчдийн хүртээл болох байх. Өөрийн уран бүтээлээс гадна хамтлагийнхаа ихэнх дууны аяыг өөрөө зохиодог. Сүүлийн үед нийтийн болон эстрадын дуучид захиалга өгөх болсон. Манай нийтийн дуу хөгжиж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр нэг нэг бадгаа дуулаад, дахилтаа нийлж дуулдаг цаг өнгөрч. Хөгжим найруулга, дугаралт, сэдвээ хүртэл ирэлхийлдэг хайдаг болж. Орчин үеийн эстрадлаг аяыг сонгодог болжээ. Тэр талаасаа ч юмуу над руу их хандаж байгаа. “Гангараа”-г дуулдаг Н.Мөнгөншагай “Андгайт нутаг”, Я.Гэрэлчулуун “Эрэмгий”, Д.Найдандорж, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Э.Чулуунчимэг нарт дуу зохиож өглөө. Авьяаслаг монголчууд нэвтрүүлгийн шилдгээр шалгарсан П.Хан-Уулд “Хань минь” гэдэг дуу зохиож өгсөн гэх мэтээр уран бүтээлээ завсаргүй хийж байна. “Флай” хамтлагт “Согтсон үедээ” гэдэг дуу зохиож өгсөн. Согтсон үедээ хүн ямар зан ааш гаргадаг. Юу ярьдгийг гаргахыг хичээсэн. Энэ мэтээр сонин сэдвийг эрэлхийлдэг болжээ.

-Хамтлагтайгаа нийлсэн уран бүтээл хийж байна уу?

-Хамтлагтайгаа уран бүтээлээ хийж л байгаа. Хамтлагаараа олон газар уригдаж тоглож байна. Хамтлагийнхаа тоглолтод оролцоно. Өөрийнхөө бүтээлийг ч давхар хийнэ. Сүүлийн үед олон газар уригдаж тоглодог болсон. Асуудалд орох үе ч гарна. Хамтлаг тоглолттой үе гарна. Би бас урилгатай таарна. Давхцах үе зөндөө гардаг. Заримдаа хамтлагтаа тоглож амжихгүй үе гарна. Заримдаа өөрийнхөө тоглолтыг хаяад хамтлагтайгаа дуулна.

-Энэ их ажлын хажуугаар ар гэрээ яаж зохицуулж, аавын үүргээ гүйцэтгэж байна?

-Амжуулахаас өөр арга байхгүй. Амжуулна даа. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Эхнээсээ сургуульд орлоо. Бүр л завгүй болох байх. Аав маань хөдөө байдаг аавыгаа байнга эргэнэ. Асарч тойглохоос эхлээд, ар гэр хувийн ажил их дээ. Аль алийг нь амжуулах гээд л их зүтгэдэг. Ер нь амжихгүй шүү. Хоногийн 24 цаг багадна гээч л болдог. Өглөө хэдэн ажил төлөвлөөд гэрээсээ гарна. Тэгээд замд түгжирч зогсоод тавин хувийг нь амжуулаад, тавин хувь нь дахиад л маргааш гээд үлдэх жишээний.

-Багаасаа хийдэд шавилан суусныг тань цөөнгүй хүн мэднэ. Гүшиг дацан хийдийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ хийдийн ажил хэр явагдаж байна?

-Хийдийн барилгын ажил эхлээд дөрвөн жил болжээ. Одоогоор шинэ хийдийн маань барилгын ажил далан хувьтай явагдаж байна. Ирэх жил гэхэд ашиглалтад орно гэж төлөвлөсөн.

-Шашин номын ажлаа хажуугаар нь хийх үү?

-Шашин номын ажил заримдаа орхигдоно. Хийд орны бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Сууж шавилдаг нь уран бүтээлийн ажил хийж эхэлснээс, тэр дундаа соло уран бүтээл хийдэг болсноос хойш ховор болсон. Түүнээс би уншлага, бясалгал, номын ажилдаа байнга явдаг.

-Сул чөлөөтэй үедээ жишээ нь жолоо барьж байхдаа маань мэгзмээ уншдаг уу, дуугаа дуулах нь их үү?

-Аль алийг нь хийнэ дээ. Намайг хүмүүс гайхдаг. Зарим нь мэднэ. Хийд орны ажилтай, бясалгал, уншлага байнга хийдэг гэж. Зарим нь дуу дуулж байснаа гэнэт лам болчихлоо гэдэг. Миний бодлоор бөө болно гэдэг амархан. Яагаад гэвэл хэдэн настайдаа ч хамаагүй, эрдэм мэдлэгийн ч хэрэггүй, онгод тэнгэрээ аваад хувцас хунараа бэлтгээд, дасгал сургуулилт хийгээд болчихдог санагддаг. Шашны эрдэм боловсрол тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Хийд оронд багаасаа шавилан сууж лам болно гэдэг нь жинхэнэ эр хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг. Нийгэм их сөрөг болж. Сайн талаас нь харахаасаа илүү сөрөг муу талаас нь дүгнэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө бурхан номын үйл бүтээж, буян номыг үйлдэж байгаа хүмүүс гэж харахаас илүү шар хувалз, зүгээр суугаад мөнгө олдог гэж дүгнэдэг болжээ. Би 1990 оноос хойш хийдэд суусан. Аав маань Увс аймгийн харьяат. Өвөө минь лам байсан. Эрдэм боловсролтой. Тухайн үедээ их шуугиулдаг. Байн байн эсэргүүний хэргээр баригддаг хүн байлаа. Ээжийн талаас ч мундаг гавж хүмүүс байсан. Бага байхад аав их зааж сургасан. Манайх бурхан тахил ихтэй айл байлаа. Сургуульд байхдаа 3-4 дүгээр ангиасаа сургуулиа хаяад хийдэд суусан. Анх хийдэд сууснаас хойш 25 жил болсон байна. Энэ хугацаанд би хэзээ ч уншлага номоо хаяагүй. Өөр олон ажилтай байсан ч өдөр тутмын зан үйл, уншлага номоо байнга уншдаг.

-Цээжээр хэдэн ном мэдэх вэ?

Цээжээр олон ном мэдлээ гээд бурхан номын ажил суралцаад дуусдаг зүйл биш. Байнга л суралцдаг. Суралцаж дуусахгүй. Библи ч юмуу, Корон судрыг хэд хоног уншиж, судлаад ард нь гарчихдаг. Буддын шашны сургааль хэзээ ч дуусахгүй. Эрдэм нь хязгааргүй учраас сурч дуусна гэж байхгүй. Тиймээс өдөр бүр өөрийгөө дайчилж, эрдэм номдоо шамддаг. Байнгын хийдэг зан үйлээ хийдгээрээ хийнэ. Орой бүр зулаа өргөхөөс эхлээд, оройны уншлагаа унших, олон түмэн, эх болсон зургаан зүйл хамаг амьтан, бүх л хүмүүс сайн сайхан амьдраасай хэмээн залбирдаг даа. Түүний хажуугаар оройдоо гитараа бариад сууна. Шүлгээ бичнэ, аяа зохионо. Би дуулдаг байж байгаад лам болж жүжиглэсэн юм биш. 25 жил шашныхаа номыг хаяагүй, хажуугаар нь 15 жил тасралтгүй хамтлагийнхаа уран бүтээлийг хийж. Ая, шүлгээ зохиогоод явж байна. Шашин номын тал дээр төгс болчихсон мундаг хүн биш л дээ. Гэхдээ хаана ч очоод ламын дээлээ өмсөөд, орхимжоо хаяад суухад өдөр тутмын уншлага номоо уншихад асуудалгүй уншина. Лам хүний эзэмших ёстой ойр зуурын эрдэм боловсролыг эзэмшсэн гэж боддог.

-Хийд орны ажлаа хийж байхад тань хүмүүс хэр таньдаг вэ, яаж хүлээж авах уу?

-Заримдаа танина, гайхна. Бүр асуух тохиолдол бий. Өдөрт маш их хүмүүс ирнэ. Надтай уулзаж зөвлөгөө авна. Шашин номонд итгэдэг хүмүүс зүг чиг, өдөр судраа асууна. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Асууна, ярилцана. Тэр тал дээр өдөрт 5-10 хүн тогтмол цаг авч уулздаг. Уран бүтээлийн ажил ихтэй хөдөө орон нутгаар явчихвал амжихгүй үе гарна.

-Хүү нь хэрвээ лам болно гэвэл хэр дуртай хүлээж авах вэ?

-Манай хүү лам ч болохгүй, урлагийн хүн ч болохгүй байх. Хүүхдийн байр байдал багаасаа харагддаг даа. Өөрийнх нь буян заяа түшээд лам болно гэвэл дуртай хүлээж авна. Лам болох чинь маш хэцүү. Зүгээр дээд сургууль төгсөөд лам болчихдог юм биш. Багаасаа бэлтгэгдэнэ, хичээнэ. Маш их хатуужлыг давж, туулна. Лам болох хүний буян заяа гэж байдаг. Өөрийнх нь сүсэг бишрэл гээд цаанаасаа нэг юм байдаг. Түүнээс аав ээж нь ярилцаж байгаад лам болгоно гээд шийдчихдэг асуудал биш. Өөрийн бодол санаа, бие сэтгэлээ бусдын сайн сайхны төлөө зориулна. Эмч цагдаагийн ажил хэцүү л гэнэ. Тэгтэл хамгийн муу муухай бүхэн дээр л лам очдог. Зоригтой, хатуужилтай, хүнийг сонсож чаддаг байх ёстой. Өвчтэй зовлонтой, хүн нас барсан газар очно. Хамаг зовлонг нь сонсоно. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хүмүүс хэр сайнаар хүлээж авах уу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг хүний сэтгэлийн маш том засал. Бид сэтгэл зүйч дээр очоод зөвлөгөө авдаг. Гэхдээ монголчууд олон жилийн өмнөөс лам багшдаа очдог. Ноён нуруу, цаг, зүгээ асууна. Сангаа тавиулж номоо уншуулаад бурхан шүтээндээ мөргөөд тайвшираад гардаг. Энэ бол монголчуудад дархлаа тогтсон асуудал. Хамгийн том сэтгэлийн засал юм. Би сэтгэл судлалын чиглэлээр МУИС-д сурч байгаад гадагшаа явахаар болоод гарчихсан. Тэгэхэд манай багш хэлж байсан. Та нар том мундаг сэтгэл зүйч болчихлоо гээд хэн нэгнийг үзүүлдэг харуулдаг лам, бөө, удган хэн байдаг юм түүндээ очоод үзүүлээд ирлээ гэхэд битгий хориглоорой. Тэр бол хүний хамгийн том сэтгэл зүйн засал болдог юм шүү гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн лам бөөдөө үзүүлж байж сэтгэл нь амардаг. Тэр хүнээсээ зөвлөгөө авч байж тайвширдаг. Цагаан сараар номоо уншуулсан хүн би жилийнхээ заслыг хийлгэчихсэн гээд сэтгэл тэнэгэр явдаг түүнтэй л адил.

-Урилгаар дуу дуулахад нэг 1.5 сая төгрөгөөр дуулдаг гэсэн үнэн үү?

-Үнэн. Том том мундаг дуучдыг бодвол гайгүй ханш байгаа биз.

-Хүмүүст дуу зохиож өгөхдөө үнэ ханш тогтоодог уу?

-Байлгүй яахав. Нэг сая төгрөгөөр л хийдэг. Би жижүүрийн хэдэн дуу зохиогоод дуулдаг бол аль хэдийн 10-20 дуутай болчих байсан. Анх гаргасан ганц соло дуу маань хүн бүрийн сэтгэлийг татсан сайн уран бүтээл болсон учир түүнийгээ гүйцэхүйц сайн бүтээл хийхийг эрмэлздэг. Мэдээж ард нь миний нэр гарах учир муу юм хийхийг боддоггүй. Урд урдныхаа уран бүтээлийг чанаржуулсан сайн бүтээл хийнэ л гэж зүтгэдэг. Хүмүүс нэг юмны илч дуучин гэж их зарлуулдаг. Өөрсдөдөө нэр өгөөд. Саяхан нэг тоглолт дээр намайг “Яагаав нөгөө гурван бүдүүний дуучин Шагай”. Бүсгүйчүүдийн илч дуучин гэж зарласан.

-Ойрын үед хамтлагаараа ч юмуу, ганцаарчилсан тоглолт тавих бодол бий юу?

-2017 онд манай хамтлаг тоглолт хийсэн. Энэ жил манай хамтлагийн 15 жилийн ой болж байна. Ирэх намраас жижиг VIP хэмжээний цөөхөн үзэгчтэй тоглолт хийнэ гэж төлөвлөж байгаа. Олон хүн биш, цөөн тооны үзэгчтэй. Цомхон тэгээд үнэтэй тоглолт л болох байх.

-Монгол туургатны наадамд Монголоо төлөөлж оролцсон гэсэн. Таны уран бүтээлийг хэр хүлээж авдаг вэ?

-ОХУ-ын Тувад болсон аялал жуучлалын наадамд оролцлоо. Монголоос хэд хэдэн уран бүтээлчид явсан. Монгол туургатан биднийг сайн мэддэг, сонсдог. Саяхан Өмнөд Монголд тоглоод ирсэн. Манай хамтлагийн дуунууд, миний дуу ч хит болчихсон. Туургатан дундаа дуулдаггүй, сонсдоггүй газар байхгүй. Гадаадад амьдарч буй монголчууддаа зориулж олон удаа тоглолтоор явсан. Энэ жил Европ руу хоёр удаа яваад ирлээ. Ер нь монголчууд амьдардаг бүх л газар тоглосон. Ганц Англид тоглоогүй үлдсэн байна. Удахгүй хамтлагаараа Солонгос явах төлөвлөгөөтэй байна.

-Манай уншигчдад зориулж хэлэх үг байна уу?

-“Өдрийн сонин”-ы уншигчдад тэр болгон хүмүүст дэлгэж ярьдаггүй ажил мэргэжлийнхээ талаар ярилаа. Би уг нь ярьдаггүй. Хүмүүс төөрөлдөнө гээд. Анх намайг хүмүүс дуучнаар маань хүлээж авсан. Дуучнаараа л үлдье гэж боддог. Намайг “Гуч хүрсэн бүсгүй”-г дуулах гэж байхад хүмүүс хэлж л байсан, хийд оронд шавилж байсан хүн бүсгүй гээд л дуулах хэрэг байна уу гээд л. Харин ч хэрэгтэй. Эмэгтэй хүнийг Дарь-Эх гэдэг. Дарь-Эхийн бүрэлбаатай гэж хүртэл гарч байгаа. Бурхны шашинд эх хүнийг маш их хүндэлдэг хайрладаг, дээдэлдэг. Дарь-Эх хэмээн өргөмжлөөд тэр бурхнаа шүтдэг. Эхийгээ шүтэж сурчхаад бурхнаа шүт гэдэг. Шууд ертөнцийн эзэнд итгэ гэж тулгадаггүй. Эхийгээ хүн бурхан мэт шүтэх ёстой. Эх хүн хүүхдээ бүүвэйлж, хайрлаж өсгөдөг учир бурхны мөн чанартай байдаг гэсэн. Ээжийгээ хайрлаад сурчихсан хүн бусдыг хайрладаг. Бусдыг хайрлана гэдэг маш том буян. Тиймээс ээжийгээ хайрлаж сураарай.

Шагай хичээж байгаа. Дараагийн шинэлэг, соргог, темптэй, хөнгөн ритмтэй дуунууд хийхийг зорьж байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзъя.


Онцлох нийтлэлүүд