ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.13 08:09

А.Хекманн: Эко хороололд байр худалдан авсан иргэд маш бага хүүтэй зээлд, бүтээн байгуулалтад оролцсон компаниуд буцалтгүй тусламжид хамрагдана

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах хүрээнд нийслэлийн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил олны анхаарлыг татаж байна. Энэ төслийн удирдагч А.Хекманны ярьж буйгаар бол тус төслийн эхний шат үндсэндээ хэрэгжиж дуусч байгаа юм байна. Тэрээр Франц улсын иргэн. Монголд ирээд таван жил болж байна. Өмнө нь Дэлхийн банк, Францын хөгжлийн агентлаг, Хятад, Вьетнам, Филиппин улсуудад хот байгуулалт, төлөвлөлт, бүсийн хөгжлийн төлөвлөлтийн чиглэлээр 20-иод жил ажилласан туршлагатай, газар зүй, хотын газар зүйч мэргэжилтэй аж.


-Яагаад Монголд ирэх болов?

-Азийн хөгжлийн банк надад БНХАУ, Монголд ажиллах санал тавьсан. Би тэр саналыг хүлээж авахаасаа өмнө 2008 онд Монголд ирж үзсэн. Надад үнэхээр таалагдсан. Тийм учраас би ажилдаа орохдоо удирдлагадаа “Би Монголд түлхүү ажиллана шүү” гэж хэлсэн. Удирдлага маань ч зөвшөөрсөн.

-Одоо ажиллаж байгаа төслөө танилцуулахгүй юу?

-Одоогоор бид гурван төсөл дээр ажиллаж байна. Эхнийх нь нийслэлийн дэд төвүүдийг хөгжүүлэх, удаах нь гэр хорооллыг хөгжүүлэх эко хороолол төсөл, гурав дахь нь БХБЯ-тай хамтран аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байна.

-Төслийн нийт өртөг, хугацаа хэд вэ?

-320 сая долларын өртөгтэй, арван жилийн хугацаанд хэрэгжинэ.

-Төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна?

-Аливаа төсөл хэрэгжих шаардлагатай эсэх, хэрэгжээд үр дүн өгөх эсэх, тухайн орны Засгийн газартай тохирох, судалгаа хийх, санхүүжилт батлах зэрэгт маш урт хугацаа ордог. Энэ төсөл 2010-аад оноос яригдаж эхлээд одоо хэрэгжиж байна. Асуудал юунд байсан гэхээр энэ гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Энэ тохиолдолд гэр хорооллыг дахин төлөвлөх, төсөл хийх боломжгүй. Бас нэг асуудал бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол зөвхөн инженерийн байгууламжийн хангамжаар зогсохгүй, нийгмийн асуудал, байгаль орчинд хоргүй, үер усны аюулаас иж бүрэн хамгаалагдсан орчин бүрдүүлэхийг хэлж байгаа юм.

-Та бүхний төсөл юунаас эхэлсэн бэ?

-Анх төслийн тухай ярьж байхдаа эхний ээлжинд цаашдаа хөгжих боломжтой газруудыг сонгох зарчим барьсан. Мөн үнэхээрийн зайлшгүй шийдэх хүндрэлтэй асуудалтай аль хэсэг байна гэдгийг судалсан. Дэд төвүүдээ сонгохдоо ирээдүйд холбож, цогц байдлаар хөгжүүлэх бодлого баримталсан.

-Төсөл хэрэгжих эхний алхам юу байсан бэ?

-Дэд төвүүдээ шийдсэний дараа тэнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татахын тулд мэдээж дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, сайжруулах шаардлагатай.

-Төслөө анх хэнд танилцуулсан бэ?

-Э.Бат-Үүл дарга сонгуульд ялчихаад ажлаа авахаас хоёр долоо хоногийн өмнө танилцуулсан шиг санаж байна. Тэрээр баясгалантайгаар “Би яг ийм төслийг хүсч байна” гэж хэлж байсан.

-Та бусад олон оронд хотын захын төлөвлөлт хийж байсан туршлагатай. Манай гэр хорооллыг хэрхэн харж байна?

-Улаанбаатарын гэр хороолол бол нийслэлийг хөгжүүлэх маш том боломж гэж харж байгаа.

-Төсөл ямар шатандаа явж байна?

-Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбийн дэд төвийн төсөл хэрэгжинэ. Нэгдүгээр үе шат болох цэцэрлэг, сургууль энэ жилдээ ашиглалтад орох байх. Инженерийн дэд бүтэц шийдэгдсэн. Эхний үе шат ирэх жилдээ багтаж хэрэгжиж дуусна. Дээрх байгууламжуудын газрын асуудал шийдэгдсэн.

-Иргэд, бизнесмэнүүд энэ төсөлд хэрхэн хамрагдах вэ?

-Дэд бүтэц бэлэн болж байгаа нь эхний алхам. Дараагийн алхам нь дэд бүтэцдээ тулгуурласан бизнес төлөвлөгөө хийх ёстой. Төлөвлөгөө хийхийн тулд эхний ээлжинд тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авна. Дээр нь одоогийн тухайн бүсэд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтрах боломжийг судална. Дараагийн ээлжинд баригдсан дэд бүтэц дээрээ хувийн хэвшлийг татан оролцуулах талаар бизнесийн орчин бүрдүүлэхээр ажиллана.

-Энэ бүсэд хэдэн өрх, ямар хэмжээний газар хамрагдаж байна?

-Хоёр бүсэд нийтдээ 30-40 мянган өрх, харин нийт зургаан төвд 500-600 орчим га газар хамрагдана.

-Энэ бүх өрхтэй газар чөлөөлөх гэрээ хийсэн үү?

-Үгүй. Дэд бүтэц байгуулахад шаардлагатай 1200 айлын газрыг чөлөөлсөн.

-Хувийн хэвшлийг татах ямар баталгаа байна?

-Төлөвлөсөн газруудад эко хорооллууд баригдана. Бизнесмэнүүд сонирхолтой санал тавих болохоор хувийн хэвшлийнхэн сонирхоно гэж бодож байна.

-Эко хороолол гэж юу вэ?

-Энэ бол бүх дэд бүтэц, нийгэм, ногоон байгууламжийн асуудал нь шийдэгдсэн хотхоныг хэлж байгаа юм.

-Эко гэдэг нь?

-Тухайн хотын талбайн 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламжтай. Дээвэр нь нарны илчээр цахилгаан хураадаг. Барилгууд цэвэр эко материалаар баригдсан байх.

-Эко хотхонд хэн амьдрах вэ?

-Бага, дунд, өндөр орлоготой хэн ч амьдарч болно.

-Өндөр орлоготой, бага орлоготой иргэд ижил түвшний орон сууцанд амьдрах уу?

-Энэ нь хотхоны тухай ойлголт байгаагаас хамаарч байгаа юм. Эко хотхоны талбайд төлөвлөлт хийхдээ өндөр, дунд, бага, орлоготой иргэдэд зориулсан талбай, давхар зэрэг ялгаатай барилгууд баригдана. Дээр нь түрээсийн барилга ч баригдана. Гэхдээ чанар, стандартын хувьд адилхан.

-Өндөр, бага орлоготой иргэд ижил чанартай орон сууц авч чадах уу?

-Учир нь энд байгаа юм. Хувийн хэвшлийг татах санал ч энд хамтдаа байгаа. Олон улсын ногоон сангаас эко хороололд зориулж 85 сая доллар өгч байгаа. Тийм учраас энэ нь хувийн хэвшлийн анхаарлыг татна.

-Яаж?

-Жишээлбэл, тухайн бүсэд барих нийт барилгын 55 хүртэлх хувийг бага орлоготой буюу орлогод нийцсэн иргэдэд зориулж барина, үлдсэн барилгыг тухайн барилга барьсан компани өөрөө зах зээлийн үнээр зарах эрх эдэлнэ. Зээл олгоно. Дээр нь тухайн компанийн эко байгууламжид оруулсан хөрөнгийг дээрх 85 сая доллараас буцааж олгоно.

-Бүх барилгад оруулсан эко хөрөнгө оруулалтыг буцааж олгоно гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ дээвэр дээрх панель, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгууламжийг ногоон байгууламжид тооцож үзэж байгаа юм.

-Энэ мөнгө буцааж төлөгдөхгүй юу?

-50 сая доллар буцалтгүй тусламж, 90 сая доллар хүүгүй 40 жилийн хугацаатай.

-Хаанаас гарч байгаа мөнгө вэ?

-Парисын озоны давхаргыг бууруулахаар олон улсын COP 21 гэрээний хүрээнд байгуулсан сангаас гарч байгаа хөрөнгө.

-Дахин төлөвлөлтийн хамгийн том бэрхшээл нь газар чөлөөлөлт гэдэг нь өнгөрсөн жилүүдэд харагдсан. Та нарын төлөвлөгөө өмнөхөөс ямар давуу талтай вэ?

-Зарим орнуудад газрыг албан чөлөөлдөг. Засгийн газар тодорхой хэмжээний нөхөн төлбөр санал болгодог. Эс зөвшөөрвөл албаддаг. Харин Монголд тийм юм байхгүй. Өндөр үнэ хэлээд суугаад байвал ажил гацах юм бололтой юм билээ. Гэхдээ бид өмнөхөөс арай давуу санал тавьж байгаа гэж. Тухайн дахин төлөвлөлтөд орох бүсийн бүх өрхүүд 100 хувь гарын үсэг зурж зөвшөөрсөн байх ёстой. Дээр нь түрээсээр амьдарч байгаа иргэдийн саналыг авна.

-Өмнө газрын эздийн 75 хувь нь гарын үсэг зураад ч дахин төлөвлөлтийг гацаах гол шалтгаан болсон шүү дээ.

-Амаргүй л дээ. Ер нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нь дэлхий дээр хамгийн бэрхшээлтэй асуудал гэж үзэж байна. Эко хотхонд байр худалдаж авсан иргэдэд бас маш бага хүүтэй зээл олгоно. Энэ бүхэн иргэд болон компаниудын сонирхлыг татах байх гэж бодож байна.


Онцлох нийтлэлүүд