Нийгэм
2021.01.03 10:01

А.Цэнгэл: Хуульд 2-3 настай хүүхдийг ажилгүй иргэд хажуу өрөөндөө харахаар заалт орж ирсэн

-БОЛОВСРОЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН УХААЛАГ АРГА, ӨРТГӨӨР ХЭМЖИХГҮЙГЭЭР

ЗАХИРГААДАЛТЫН АРГААР ШИЙДВЭРЛЭХ НЬ МАШ ХОРТОЙ-


Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгууллагчдын холбооны тэргүүн А.Цэнгэлтэй ярилцлаа.


-Боловсролын тухай багц хуульд томоохон өөрчлөлтүүд орж байна. Хуульд орж буй гол өөрчлөлтүүдээс яриагаа эхэлье?

-Боловсролын хуулинд томоохон өөрчлөлт орж байна гэхээсээ илүүтэйгээр боловсролын хууль бүхэлдээ өөрчлөгдөж, тэрхүү өөрчлөлт нь юуны тухай болон юуг зохицуулахад чиглэгдэж байна вэ гэдгээс эхэлж яримаар байна. Юуны түрүүнд Боловсролын багц хууль, салбар хуулиуд бичилт санаа, агуулгыг хийхдээ олон улсын туршлагыг судалсан гэх боловч Монголын соёл, онцлог цаашлаад нийгэм, эдийн засаг дахь үр нөлөө хэрхэн тооцсон бэ гэдэг дээр ихээхэн тодорхой зүйлс харагдахгүй байна. Боловсролын тухай хуулийг батлахдаа Монголын ирээдүйн нийгэм, эдийн засгийн үр нөлөө, үр дагаврыг нь тооцоолох ёстой гэсэн үг л дээ. Боловсролд зарцуулж буй зардлууд гэдэг нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтад тооцогддог. Энэ утгаараа Монголын төр зарчмын хувьд уг салбарын асуудлыг дангаараа шийдэх үү? Эсвэл боловсролд оролцогч талуудыг татан оролцуулж хамтарч ажиллах уу гэдгээ эхлээд тогтох хэрэгтэй. Боловсрол гэдэг бол маш өргөн том салбар.Энд ганцхан сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, суралцагч, багш гэдэг хүрээгээр хандаж болохгүй. Энэ хууль салбарын хөгжлийн болон салбар дахь оролцогч талуудын эрх ашиг, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн баримт бичиг гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Тэгэхээр Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтүүд сургалтын орчин талаасаа өмнөхөөсөө ахиц гарсан мэт боловч оролцогч талуудын харилцааг зохицуулах олон асуудлыг гээсэн хуулийн төсөл орж ирсэн. Тухайлбал, одоо байгаа хуулиар Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хоёр нэгтгэгдэж орж ирж байгаа. Сургуулийн өмнөх боловсролыг 2-5 нас гэж заасан байсныг 3-5 нас болгон өөрчлөлт оруулсан байна. 2-3 настай хүүхдийг боловсролын салбарын гадна орхигдуулан үлдээсэн ноцтой өөрчлөлт харагдсан..

Хэлэлцүүлгийн шатанд 2-3 настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэсэн хувилбар яригдаж байгаа. Товчхондоо хэлбэл, 2-3 настай хүүхдүүдийг гэртээ ажилгүй сууж буй хэнбугай ч гэрийнхээ хажуу өрөөндөө байлгаж харна гэсэн үг болж байна.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдэд хоол үйлдвэрлэл, сургалтын тусгай зөвшөөрөл, стандартын орчинд багш ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, мэргэжлийн зохих шаардлагыг хангасан багш ажилтнуудын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Гэтэл Боловсролын тухай хуульд 1-2 настай хүүхдийг яслид хамруулж, 3-5 насыг цэцэрлэгт хамруулна гэсэн заалт орсон байгаа нь дунд нь цонх үүсгэж хүүхдийг нааш цааш нь болгох нь.

-Тэгэхээр 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй болж байгаа гэсэн үг үү. Эцэг, эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх, тэдэнд найдах хүсэлгүй байгаа тохиолдолд хэрхэх вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ нь боловсролын байгууллага биш.Тэнд мэргэжлийн бус багштай, сургалтад хамрагдсан (18 нас хүрсэн л бол эрх авах боломжтой) байхаар заасан байдаг. Энэ нь хоёр настай хүүхдийн боловсролыг үгүйсгэсэн буюу сурч боловсрох эрхийг нь боомилж байгаа ноцтой асуудал юм. Хоёр настангууд бие даах, нийгэмших, хэлд орж, ярих чадвартай болж, хөгжлийн суурь тавигддаг чухал үедээ хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх багшгүй нөхцөл рүү түлхэгдэж байна. Цэцэрлэгийн зөвхөн нэг чиг үүрэг нь сургуульд бэлтгэх байгууллага ч гол нь хүний насан туршийн боловсролын суурийг тавьдаг газар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүний тархины хөгжлийнх нь 85-90 хувь нь 0-3 насанд тавигддаг гэдгийг олон улсад тогтоочихсон. 3 наснаас хойш хүүхдийн хөгжил оройтно гэдэг онол гарч дэлхий нийт эрт хөгжлийн боловсролд түлхүү анхаардаг болчихсон цаг үе шүү, өнөөдөр.

Энэ чухал гол үеийг уг хуулиараа хүүхэд харах үйлчилгээ рүү шууд шилжүүлчихэж байгаа мэт харагдаад л байгаа. Уг нь энэ чухал үед нь хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах нь монгол төрийн үүрэг байх ёстой юм. Хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг аль аль нь хүүхдийн төлөө ажилладаг л байгууллага. Харин одоо төрийн буруу бодлого шийдвэрээс болж талцах, гол нь бага насны хүүхдийн боловсролын чанарт сөрөг тал үүсэх вий гэсэн болгоомжлол үүсчихлээ. Гадны улс орнууд сургуулийн өмнөх боловсрол руугаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийж байхад манай улс үүний эсрэг алхам төлөвлөсөн нь боловсролын салбарт хийж буй ухралт мэт харагдаад байна.

-Боловсролын тухай багц хуульд олон улсын сайн жишгийг хуулсан, авсан гэж яригдаад байгаа. Аль улсын загварыг түлхүү авч байгаа вэ?

-Олон улсын судалгаа хийхдээ ОХУ, Финландын хөгжлийн загварын суурийг түлхүү судалсан гэсэн. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төсөл энэ чигээрээ явсаар байгаад батлагдвал Үндсэн хуулинд заасан хүүхдийн сурах эрх чөлөөг боомилсон, хүн бүрийн тэгш боловсрол хүртэх эрхийг ноцтой зөрчсөн, боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарыг ялгаварлан гадуурхах замаар боловсролын тогтолцооны тогтвортой байдалд сөрөг үр дагавартай хууль болчих эрсдэлтэй байна. Бид дараахь асуудлыг судалж, улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон Боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчилж буй энэхүү асуудлыг нухацтай хандахад анхаарлаа хандуулах ёстой.

-Төр, төрийн бус хувийн хэвшлийг ялгаварласан хууль болж байна гэсэн шүүмжлэл гарсан?

-2002 онд батлагдсан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй боловсролын хууль нь харилцаанд оролцогч талууд болох суралцагч хүүхдүүд, боловсролын байгууллагуудад тэгш бус байдал бий болгож явж ирсэн. Тиймээс шинэ хуулиндаа энэхүү алдааг засаж залруулж оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Өмнөх хуулиа хүчингүй болгож буй ч тэр хуульд сайн талууд бол байсан. Манай боловсролын салбар төрийн болон хувийн хэвшил гэсэн хоёр талаас бүрддэг. Монголд сүүлийн 10 гаруй жилийн турш төр, хувийн хэвшлийн түншлэл яригдаж байна. Энэ түншлэл дотор боловсролын салбар орчихсон байдаг. Гэсэн атлаа боловсролын салбартай ингэж түншилнэ гэсэн нарийн зохицуулалт байдаггүй. Өнөөдөр Монголд 540 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жилийн турш хувийн цэцэрлэгийн нэлээд хувь нь нэмэлт элсэлтээр хүүхэд авсан. Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэгийн ачааллаас үүрэлцэж, улсын цэцэрлэгийн тодорхой хэмжээний хүүхдийг төлбөргүй авдаг гэсэн үг, энэ тоо жил бүр нэмэгдсээр байгаа. Энэ нь төртэй түншилж байгаа маш том хэлбэр юм шүү. Зөрүүлээд төрийн зүгээс түншлэлийн үүрэг хариуцлага юм бэ гэдэг нь тодорхой бус. Тэгэхээр энэ хуулиар дамжуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргая. Угаасаа боловсролын салбарт төр бүх үүргийг өөр дээрээ хариуцан авч чадахгүй учир тодорхой үүргээ хувийнханд шилжүүлэх нь зүйтэй. Өмнөх Боловсролын хуульд төрийн болон төрийн бус өмчийн байгууллагад адил тэгш хандана гэсэн суурь зарчим тусгагдсаныг нь шинэ хуулиар аваад хаячихсан. Төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж ирсэн хувийн хэвшлийнхэнд энэ эргэлзээ үүсгэчихэж байна. Хуульд төр ба хувийн хэвшил аль алинд нь адил тэгш хандана гэсэн суурь зарчмыг авч хаяснаар багш нар маань наад зах нь нийгмийн баталгаа, боловсролд эрх тэгш хандах зарчмыг салгаж ялгаварлалыг бий болгоно. Боловсрол бол манай улсын тэргүүлэгч салбар боловсролыг түгээгч, эх орныхоо хойчийг бэлтгэгч багш нар маань өнөөдөр хаана ажилладгаараа ялгаварлагдан, гадуурхагдах ёсгүй. Багш нар бол боловсролыг тогтвортой авч явах гол түүчээлэгч нар. Гэтэл энэхүү хуулинд хувийн хэвшлийн цэцэрлэгт ажилладаг багш нийгмийн баталгааны хувьд үеийн бусад тэтгэмж, урамшууллыг хүртэх эрхгүй хүн болж байгаа. Энэ хуулийн маань үзэл баримтлалд боловсролыг тэгш хүртээмжтэй олгоно гэж сайхан үгээр тодорхойлсон байгаа.

-Боловсрол хэрэгцээгээ дагаж явдаг. Төр, хувийн хэвшил аль аль нь байсаар ирсэн. Төр дангаараа нэгэнт ачаагаа үүрч чадахгүйгээс хойш хувийн хэвшилд ямар боломжийг олгох ёстой вэ?

-Хүмүүс яагаад хувийн цэцэрлэг, сургуульд хүүхдээ өгөх хүсэл сонирхолтой вэ? Хэрэгцээ байгаа учраас өгч байна. Хувийн цэцэрлэгт инноваци, технологи, менежмэнтийн ур чадварууд, ноу хау энгийн үгээр хэлбэл хамгийн сайн боловсрол, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн суурь төлөвшлийг олгохын төлөө хичээн ажиллаж чадаж байна.

Монголын хүн ам жилдээ дунджаар 70 мянган хүн амаар нэмэгдэж байна. Насжилт залуу хүн амтай манай улсын хувьд боловсролын хэрэгцээ шаардлага бүр нэмэгдсээр. Өнөөдөр төсвийн бараг л 1/3 нь энэ салбарт зарцуулагдаж байна. Гэхдээ сургалтын чанартаа шингэж байгаа тун бага хувийг эзэлдэг. Манай улс нүүрс, зэс мэтийн түүхий эдээс орлогоо олдог, тэр нь бидний сайн менежмэнтийн үр дүнгээс төдийлөн хамаардаггүй дэлхийн зах зээлээс хамаардаг тул манайх шиг тун хэврэг эдийн засагтай оронд улсын төсвөөр боловсролоо улс өөрөө авч явна гэдэг бол үндсэндээ боломжгүй юм. Монголд өнөөдөр ЖДҮ сан, мал аж ахуй тариаланг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан гэх мэт байдаг хэрнээ Монголд боловсролын сан гэж яг боловсролын байгууллагаа дэмжсэн нь байдаггүй. Боловсролын байгууллага зээл авбал арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл л авна. Төрийн бодлого, зохицуулалт хүн амын төвлөрөл дээрээ суурилдаг биш заавал сумдад барих ёстой гэх мэтээр байшинд л хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл хүн ам төвлөрсөн газар нь хүртээмжгүй байгааг та өөрөө харж байна. Эндээс уншигчид өөрсдөө хариултаа олоод харах биз.

-Хувьсах зардал, төлбөр зэрэг нь нэлээн маргаан дагуулдаг сэдэв. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Хувийн цэцэрлэгт олгодог хувьсах зардал бол боловсролын салбарын төсвийн маш бага хувийг эзэлдэг юм шүү дээ. Өөрөөр нэг цэцэрлэгт олгож буй хувьсах зардлыг төрийн цэцэрлэгийн гаргаж буй төсвийн зардалтай харьцуулахад маш бага хэмжээ юм. Нэг ёсондоо жижиг чулуугаар том чулууг цохиж байна гэсэн үг л дээ. Гэтэл нийт сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ 15 хувийг хувийн цэцэрлэг үүрдэг. Хувьсах зардал бол нэг талаас ухаалаг арга замаар хэрэгжүүлж чадвал хамгийн үр дүнтэй аргын нэг. Үүнийг гадны улс орон боловсролдоо хамгийн амжилттай сайн хэрэглэдэг. Маш бага өртгөөр чанартай тэгш хүртээмжтэй боловсролыг түгээх хөшүүрэг нь өөрөө хувьсах зардал болж өгдөг. Боловсролын салбар бизнесийн салбараас эрс тэс ялгаатай. Үүнийг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтын өгөөж нь урт хугацааных, улирлын чанартай үйл ажиллагаатай, арилжааны банкнаас бизнесийн зээл авдаг. Үндсэндээ гаргаж буй зардал нь бүгд бизнесийн байгууллагын зарчмаар явдаг. Үүнийг тэр болгон хүмүүс ойлгодоггүй. Харин хувьсах зардлыг инфляцийн түвшинд нь уяад олгох юм бол сургалтын төлбөр зэрэг асуудлууд харьцангуй тогтвортой болоод эхэлнэ. Энэ мэтчилэн эдийн засгийн ухаалаг арга, боловсролыг өртгөөр хэмжихгүйгээр захиргаадалтын аргаар шийдвэрлэх гэж оролдох нь боловсролд хортой. Харин эсрэгээрээ хувийн цэцэрлэгийг байхгүй болгоод 530 цэцэрлэг барьж ашиглалтад оруулъя гэхэд зөвхөн байшин барихад 530 тэрбум зарлагдана. Манайхан улс орнуудын туршлагыг судлахдаа дундаас нь гоё харагдах заалтыг сугалж аваад байгаагаас анализ дүгнэлт хийх, нийгэм эдийн засгийн хөрс сууринд хэрхэн бууж байна вэ гэдгийг тооцоолохгүй байгаа нь харамсалтай.

-Хуульд байгаа хэрнээ хэрэгждэггүй заалтууд байдаг. Хуулийн хэрэгжилт ижил тэгш хэрэгжихгүй байна уу?

-Өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандана гэж хуульчилсан хэрнээ маш их ялгавартай ханддаг. Сургуулийн орчинд нэг хүүхдэд ногдох зай талбай стандарт бол хэрэгждэггүй заалтын нэг мөн. Хүүхдэд хөдөлгөөний хэрэгцээ асар их байдаг. Нэг ангид байх хүүхдийн тоо, хүчин чадлын стандартыг тогтоосон хэрнээ энэ нь хувийн хэвшилд яс тас хэрэгждэг хэрнээ төрийн өмчид сургууль, цэцэрлэгт даац нь хэд дахин хэтрэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар л ирсэн. Өмчийн хэлбэр харгалзахгүй боловсролын байгууллагад адил тэгш хандана гэчихээд хувийн хэвшилд ажиллаж буй багш нарыг ялгаварлаж 36 сарынх нь мөнгийг ч олгодоггүй гэх мэтээр ялгаатай хандах нь олон. Ерөнхийдөө багш ажилтнуудын нийгмийн баталгааны тал дээр маш их ялгаатай байдал явж ирсэн. Хүүхдийн мөнгөн дээр ч мөн адил ялгавартай хандаж л ирсэн.

-Бас нэг ноцтой заалт бий гэсэн. Энэ талаар?

-Эцэг, эхийн зөвлөл нь тухайн цэцэрлэгийн үнэ тарифыг тогтоох эрхтэй гэсэн хуулийн заалт дээр шинэ хуульд захирлыг томилох болон чөлөөлөх эрхтэй гэсэн заалтыг нэмж оруулж ирж байна. Мөн боловсрол сургалтын байгууллага орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дэргэдээ туслах аж ахуйтай байж болно гэсэн сонин заалт шинээр орж ирсэн. Боловсрол сургалтын байгууллага нь төрөөс санхүүжиж аж ахуйн компани эрхэлж болох хэрнээ эрх үүрэг нь захиран зарцуулах эрхтэйгээр орж ирж байна. Төр ингэж улам данхайх биш, аж ахуйн ажил хийх биш бодлогын суурь зарчмаар бодлого гаргахад анхаарч ажиллах ёстой.

Боловсролын байгууллагад он удаан жил шийдэгдээгүй асуудлыг бас хэвээр нь л орхисон байна лээ. 2015 онд Боловсролын тухай хуульд Боловсрол сургалтын байгууллага БСБ гэсэн нэрээр бүх байгууллагууд Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байдаг. Тэгсэн Боловсрол сургалтын байгууллага гэсэн статус Иргэний тухай хуульд байдаггүй гэсэн үндэслэлээр яг ямар нэршлээр явах уу гэдэг нь эргэлзээтэй болсон. Боловсролын тухай хуульд БСБ гэсэн үг байгаа учраас дахин өөрчлөгдөж болохгүй гэх мэтээр хуулийн дунд бүртгэлийн хувьд одоог хүртэл нэг талдаа шийдэгдээгүй хэвээр үлдсэн. Боловсролын байгууллага ашгийн бус байгууллага. Хууль үндсээрээ шинэчлэгдэж байгаа бол алсыг харсан бодлогоор сайн төлөвлөлттэй хийх ёстой. Зарчмын хувьд төр, хувийн хэвшил хамтрах ёстой. Төр хийх алхам нь эх үүсвэрийг хямд өртгөөр шийдвэрлэх асуудлыг шийдэх ёстой. Төр суурь асуудлыг механизмээр шийдэх ёстой. Тэгвэл бага өртгөөр чанартай боловсрол яригдана. Төр ухаалаг шийдвэр гаргавал хувийн хэвшил сайн боловсролыг хүргэнэ. Ийм заалтуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр оруулж ирэх ёстой. Улсын төсвийн 3.1 хувь ДНБ 14 хувьд боловсролын байгууллагад зарцуулдаг. Энэ хууль төрийг улам данхайлгаж байна.

-Танай холбооныхон Боловсролын яаманд хуультай холбоотойгоор хүсэлтээ өгөх гэж байгаа гэв үү?

-Энэ удаагийн хуулийн хэлэлцүүлэх үйл явцад нэг талаас авууштай зүйлс их байна. Тухайлбал, салбарын сайд нар маань хуулийн ажлын дэд хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оруулж тэдний дуу хоолойг сонсож буй явдал нь сайн хэрэг. Гэхдээ бидний хүсэлт хуульд хэрхэн тусах нь мэдээж тусдаа асуудал. Мөн энэхүү хэлэлцүүлэг Үндсэн хуулийн дараа орохуйц хэмжээний маш том өргөн хэмжээг хамарсан улс орон даяар санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь энэ ажлыг хийж буй хүмүүсийн хичээл зүтгэл гэж харагдаж байна.

Бид нэгэнт боловсролын талбарт дэлхийн иргэнтэй хөл нийлүүлэн алхах гэж байгаа бол төсөв өртгийг эдийн засгийн аргаар тооц. Боловсролд гаргаж буй зардал хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Аливаа хууль боловсролын тогтвортой ирээдүйн хөгжлийг хангах ёстой. Хууль боловсролын оролцогч талуудын тогтвортой байдал, хөгжлийг тэгш хангаж байна уу гэдгээр дүгнэгдэх ёстой. Бид өөрийн хүсэлтийг яаманд тун удахгүй хүргүүлнэ, бидний хүсэлтийг дэмжиж ажиллах байх гэж найдаж байна.

Б.ЭГШИГЛЭН

Онцлох нийтлэлүүд