ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2020.06.22 04:06

А.Шинзо бүх нийтийн санал хураалт явуулах хүсэлтэй


Японы ерөнхий сайд Абэ Шинзогийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны есдүгээр сард дуусгавар болно. Тэрбээр үлдсэн хугацаандаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байгаа аж. NHK суваг энэ талаар түүний хэлсэн үгийг өчигдөр уламжилжээ. Абэ Шинзо “Либерал-ардчилсан намын даргын хувьд бүрэн эрхийн хугацаа маань дуусгавар болоход жил гурван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд багтаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахтай холбогдуулан бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсч байна” гэв.

Улс төрийн талаар хэрэгжүүлж буй бодлогынхоо хүрээнд Абэ Шинзо Үндсэн хуулийн есдүгээр зүйл дэх заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Түүнд дурдсанаар Япон улс цэргийн зэвсэг эзэмших, олон улсын маргаантай асуудалд хүчинг илгээх зэргээс татгалзах юм. Японы Үндсэн хуульд заасан энэхүү зүйлийг өөрчлөхөөр эрх баригч Либерал-ардчилсан нам хэдэн арван жилийн турш санал болгож байжээ. Абэ Шинзогийн үзэж байгаагаар 70 жилийн өмнө баталсан Үндсэн хууль нь орчин үеийн шаардлагыг огт хангахгүй байгаа аж. Тиймээс үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг явуулбал уг асуудлыг шийдэж чадах юм гэж тэрээр үзэж байна. Парламентын хоёр танхимын нийт гишүүдийн гуравны хоёр саналыг авч чадсан тохиолдолд бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой юм.

Онцлох нийтлэлүүд