ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.16 10:06

А.Энхтайван: “Алтаргана” нэг сумын наадмаас ч дор болох нь

“Алтаргана” наадмын ерөнхий найруулагч А.Энхтайвантай ярилцлаа.

-“Алтаргана” наадамд Хэнтийн Дадалд болно. Энэ жил ямар хөтөлбөртэй байх вэ?

-“Алтаргана” бол ОХУ, ӨМӨЗО, Монгол гэсэн гурван улсад амьдарч буй буриад ард түмний их наадам. Ирэх сарын 20-нд Хэнтий аймагт болох юм. Олон улсын чанартай наадмыг өндөр түвшинд, маш сайхан зохион байгуулах зорилготой сэтгэл өөдрөг байлаа. Ерөнхий сайдын зөвлөл болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан комисс байгуулагдсан. Комиссоос намайг нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах ерөнхий найруулагч болгоод давхар урлаг соёлын дэд холбоог даргалах үүрэг өгсөн. Хийх ажлаа хүлээж авсныхаа дараа Дадал сум руу гурван ч удаа явж төлөвлөгөө боловсруулсан. Нээлт, хаалт ямар болох вэ гэдгийг зохион байгуулж буй хүний хувьд мянган хүүхдээр нээлтийн үед ёохор хатируулахаар болоод байв. Бас хаалт дээрээ буриад үндэсний хувцастай таван мянган хүнээр ёохор хатируулж Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөөд байсан. Гэтэл одоо уг наадмыг зохион байгуулах ямар ч хөрөнгөгүй болчихлоо. Эдийн засгийн хямрал гээд хаа, хаанаа мөнгөгүй байгааг ойлгож байна. Гэхдээ улсын баяр наадамд 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөчихөөд байгаа биз дээ. Гэтэл олон улсын чанартай уг наадам оролцооч гэж олон улсад зараа тарааж мэдүүлгийг нь авсан хойноо нураах гэж байна. Хөрөнгө мөнгөгүй болохоор яаж ч хичээгээд сайхан зохион байгуулж болохгүй байна шүү дээ. Нэг сумын наадмаас ч долоон дор болох нь.

-Хэдэн төгрөг төсөвлөчихөөд байгаа юм бэ. Зохион байгуулалтад нэг ч төгрөг өгөхгүй гээд байгаа юм уу?

-Өнгөрсөн жил Алтаргана наадамд 1.8 тэрбум төсөвлөж байсан. Энэ жил 200 сая төгрөг төсөвлөчихөөд байна. Спорт, бөх, сурын харваанд 140 саяыг нь зарцуулаад үлдсэн 60 саяыг урлаг, соёлын арга хэмжээнд зориул гэж үүрэг өгсөн.

-Тэр мөнгөөр нь хүргэж болохгүй байгаа юм уу?

-Бүхэл бүтэн 12 номинацитай наадам шүү дээ. Ийм том наадмын 80-90 хувь нь дандаа урлаг соёлын арга хэмжээ. Сайн дураараа ирээд дуулах дуучин олдохгүй. ССАЖЯ-наас 60 саядаа багтаа гээд байгаа. Намайг нээлт, хаалтыг найруулаач гэж дуудсан хэрнээ одоо болохоор таны хэрэг байхгүй гэж байна. Би Хэнтийн хүн. Төрсөн нутагт минь болж байгаа энэ том наадмыг сайхан зохион байгуулчихъя гэж зүтгэсэн. Гэтэл эцэстээ нуралтын байдалд орчихлоо. Ний нуугүй хэлэхэд Улаан Үүдэд байтугай Агийн буриадад болж байгаа наадмын нэг номинацийн шагнал доод тал нь гурван сая төгрөг. Гэтэл манайд дээд тал нь 500 мянган төгрөг байвал их юм боллоо. Өнөөдөр ССАЖЯ-ны харьяанд байдаг урлагийн хэдэн байгууллагадаа албан шахалт үзүүллээ гэхэд уран бүтээлчдээс хэд нь явж чадах вэ. Бүгд зуныхаа ажлыг төлөвлөчихсөн байгаа. Жуулчдад зориулсан тоглолтоо хийх учиртай. Би үндэсний их найрал хөгжмийн тоглуулах, байг гэхэд мянган хүүхдийг гучин минутын турш таван янзын ёохор хатируулах гэж байсан. Бас нэг ч гэсэн өвийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлье гэж бодож байлаа. Бидэнд дараа гэж байхгүй шүү дээ. 2016 онд “Алтаргана” болно. Түүнийг зохион байгуулах оросууд, эсвэл Өмнөд Монголынхон өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлчихнэ. Бид нар цөөхүүлээ ч гэлээ маш олон жилийн түүх, баялагтай. Тэрний салшгүй нэг хэсэг нь буриадын өв соёл.

-Одоо ямар арга хэмжээ авбал наадамд сайхан болох гээд байна вэ?

-Ингэ тэг гэх ч юу байх вэ дээ. Хөрөнгө мөнгөгүй байна л гээд байгаа юм. 12 номинацитай гэж дээр хэлсэн. Номинацийн дарга нараа би томилсон юм. Тэд маань ч гэсэн больдог юмуу гэсэн бодолтой, урамгүй болчихлоо. Миний бодлоор “Алтаргана”-ыг хэний ч өмнө нүүр улайхааргүй сайхан зохион байгуулж болно. Одоо ч оройтоогүй байгаа. Засгийн газар хөрөнгө мөнгөө шийдэж чадахгүй юм бол буриадаар овоглодог хүмүүс Монголд зөндөө байгаа. Тэдэндээ хандахад хандив өгөхөөр, энэ зэргийн наадмыг сайхан зохион байгуулахад сэтгэл зүтгэл гаргахаар хүн бий. Засгийн газар, яам мөнгөгүй байгаа юм бол иймэрхүү маягаар хөрөнгө цуглуулъя гэхээр хориг тавиад байх юм.

С.АЛТАН

Д.ДОРЖДЭРЭМ


Онцлох нийтлэлүүд