Нийгэм
2014.06.23 06:06

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөл байртай боллоо

Монголын Ардчилсан Холбооны нийслэл дэх салбар зөвлөлүүдээс Багахангай дүүргийн салбар зөвлөл анхдагч болон үйл ажиллагаагаа явуулах өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн бямба гарагт болсон шинэ байрны нээлтийн ёслолд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Удирдах зөвлөлийн гишүүд, Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд, дэд дарга Ч.Бумаа нар оролцсон юм. Мөн МоАХ-ны тус дүүрэг дэх гишүүд дэмжигчид ч ирсэн байв.   

Байрны нээлтийн ёслолын үеэр тус дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын “эцэг” болсон МоАХ-ны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн босгон дээр салбар зөвлөл маань үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болж байна. Ахмад партизанууддаа, тэр дундаа салбар зөвлөлийг байртай болгосон ахмад партизан Ч.Бумаадаа гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” гэлээ. МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт салбар зөвлөлүүдээс анхдагч болж өөрийн гэсэн байртай болсонд баяр хүргээд бусад дүүргийн салбар зөвлөлүүд ч үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Ч.Бумаа: 25 жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дэд дарга Ч.Бумаагаас цөөн зүйлийг тодрууллаа. 

-Та МоАХ-ны үйл хэрэгт хэзээнээс оролцож эхлэв?

-1989 оноос оролцож эхэлсэн. Одоо ахмад партизануудын нэг болчихоод л явж байна. 

-Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг өөрийн хөрөнгөөр байртай болгосон гэв үү?

-Тэглээ. Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг үйл ажиллагаагаа явуулдаг байртай болгох юмсан гэж 25 жилийн өмнө мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө өнөөдөр биелүүлж байна. Би тийм ч халуун амьдралтай хүн биш. Гэлээ ч ардчилалын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж явдаг, ардчилалд элэгтэй хүний хувьд салбар зөвлөлөө байртай болгож, өмчлөлд нь шилжүүлж өгч байгаа юм. 

Энэ байр маань цаашид гишүүд дэмжигчид, ард иргэдэд нээлттэй байж, тэдний эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. 


Онцлох нийтлэлүүд