ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.09.12 02:09

​Багш нарын цалин нэмэгдэхэд инфляци өснө гэв

Үндэсний статистикийн хорооноос оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа.

Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

Энэ үеэр Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Багш нар цалингаа голоод ажил хаяж байна? Багш нартай адилхан цалин авч байгаа хүмүүс хэр байна вэ? Тэдгээрээс бага цалин авч байгаа иргэд бий юу?

Үндэсний статискийн хороо 2014 оноос нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн нэрлэж олгогдсон цалингаас дундаж цалинг тооцож цалингийн хэмжээг судалгаагаар гаргадаг. Энэ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал. Бид улирал бүрт дундаж цалингийн талаар танилцуулдаг. Иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж байж эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг авна. Гэнэтийн осол, тэтгэвэрт гарах гэдэг ч юм уу энэ бүх даатгал хамаардаг. Харин хувь хүмүүс хоорондоо ямар нэгэн гэрээгүйгээр нийгмийн даатгал төлөхгүй бага хэмжээний цалин бие биетэйгээ тохиролцож ажилчихаад нийгмээс халамж авах бодолтой байдаг. Японд 21 нас хүрсэн л бол ажилтай ажилгүй бүх иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлдэг. Тэгж байж улс орон хөгжинө. Иргэддээ НДШ төлж байж ажил хөдөлмөрөө эрхлээч ээ гэж хэлмээр байна. Одоогоор бид боловсролын салбар дахь цалинг судалж байгаа. Багш нар цалингийн тооцоог нарийвчилж гаргана. Аливаа улс оронд нэрлэсэн цалин нэмэгдэхэд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ бол эдийн засгийн тогтолцоо. Цалингийн нэмэгдлийн хувьд нэрлэсэн цалинг нэмэхгүй бусад хөнгөлөлт, нэмэлтийг нэмэгдүүлж өгөх арга зам байдаг. Манай нийт хүн амын 35.4 буюу гурван хүн тутмын нэг нь багш нарын цалинтай ижил цалин авч байна. Түүнээс ч бага цалин авч байгаа хүмүүс байгаа. Хүн амын 21,4 хувь нь багш нарын цалингаас бага авч байгаа бол мөн 7,4 хувь нь 240 мянган төгрөгөөс бага цалин авч байна. Тухайн улсын онцлог хөгжлийн түвшин эдийн засгаас шалтгаалж цалин хөлсний байдал яригддаг. Нэг цагийн хөлс л гэхэд улс орныхоо хөгжилтэй уялдаж явагдах ёстой.

-Таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг үндэсний судалгаа эхлэх гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Үндэсний хэмжээнд Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа энэ сарын 23-ны өдрөөс нийслэлд эхэлнэ. Ирэх сарын 3-ны өдрөөс орон нутгуудын айл өрхүүдэд явагдана. Энэхүү үндэсний хэмжээн дэх нийгмийн үзүүлэлтийн судалгаа 1500 өрхийг хамруулна. Судалгааны үр дүнгээр эх хүүхдийн эрүүл мэнд хамгаалагддаг. Монгол хүүхэд ямар хөгжилтэй байгаа нь мөн харагддаг. Өмнөх 2013 судалгаагаар монгол хүүхдүүдийн 10 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Судалгааны гол онцлох зүйл нь хүүхдийн жин, өндрийг хэмжинэ. Эрүүл мэнд хөгжлийн асуултууд асууна. Мөн бид тухайн айлын ундны усных нь чанарыг судалж, эх үүсвэр хэрэглэж байгаа сав бетон бүр дээр тест хийнэ. Айл өрхүүдийг статистикийн энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож авч байгаа юм. Энэ судалгаагаар Монгол Улсын нийт өрхөөс 14500 өрхийг сонгож авч хамруулах юм.

Онцлох нийтлэлүүд