ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.01.30 11:01

Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдтэйгээ уулзаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдээр ээлжлэн уулзалт зохион байгуулж, өөрийн санаа бодол, хийх ажлаа ярьж, олон түмнийхээ үгийг ч сонсож явна. Эдгээр уулзалтаас тод анзаарагдсан нэг зүйл бол Ерөнхийлөгч маань “УИХ-ыг тараая” гэж байн байн ярих юм. Өмнө ч ингэж ярьдаг байсан. Түүнийг нь бид ойлгохдоо “УИХ-ыг шавдуулах, зөв зарчмаар ажиллуулах арга зам нь юм байх” гэж харж байв. Гэтэл энэ нь ажил хийлгэх арга зам нь биш, УИХ-ыг тараахаар өөрөө идэвхийлж санаачлан, жинхэнээсээ үүнийхээ төлөө зүтгээд байна уу даа гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн бодлого бол түүний л бодлого. Ардчилсан намын бодлого биш. Ерөнхийлөгч хүн намаасаа татгалздаг” гэсэн байна лээ. Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчидтай их ойр байдаг, бараг удирдагч нь ч гэж хэлж болохоор хүн бол нийтлэлч Баатархуяг. Тэрбээр нэгэн нийтлэлдээ “Х.Баттулга бол АН-ын Ерөнхийлөгч биш. Иргэний хөдөлгөөний Ерөнхийлөгч” гэж бичсэн. Нээрэн ч Иргэний хөдөлгөөнүүдийн гаргаж тавих дуртай уриа болох “Хувьсгал хийе”, “УИХ-ыг тараая” гэх мэт яриаг Ерөнхийлөгч маань идэвхтэйгээр сурталчилж эхэллээ.

Монгол Улсын Их Хурал гэдэг маань ямар байгууллага билээ. Энэ бол Монгол төр. Төрийн дээд байгууллага. Үүнийг бүх ард түмэн сонгож бий болгодог. Муу ч байж болно. Сайн ч байж болно. Ямартаа ч бүх ард түмний сонголт, сонгуулийн тусгал нь. Бий болгох гэж бий болгосон Монгол төр. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2012-2016 онд төр барьсан АН-д итгэл алдсан хүмүүс МАН-ыг сонговол арай дээр юм уу гээд сонголтоо хийж, одоогийн УИХ бүрэлдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Ийм байгууллагыг татан буулгавал ёстой төрийн дампуурал гэгч нь болох биз. Монгол Улс төргүй болно гэсэн үг. Засгийн газар бол өөр хэрэг. Хэд ч огцорч болно. Засгийн газар бол төр биш. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасан төрийн дээд эрх бүхий энэ байгууллагыг мөн л Үндсэн хуулиар эрх, үүргийг нь дархалсан Ерөнхийлөгч татан буулгана гэж өөрийн биеэр ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм биш биз. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т " Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт бий ч одоогийн нөхцөлтэй нэг л дүйж өгөхгүй байна.

УИХ-ыг тараах тухай эхний өргөдөл өгөхөд л Үндсэн хуулийг сахиулагч дээд байгууллага болох Үндсэн хуулийн Цэц “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хэлэлцэхэд бэлэн болох шинжиндээ орж байна. Бодвол албан ёсны баримт бичиг гарахыг нь анаж хүлээсэн хүмүүс байгаа биз. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ажлын алба, Тамгын газар, туслахууд нь даруйхан засч залруулах хэрэгтэй болжээ. Өдийг хүртэл яагаад чимээгүй суугаад байна вэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт бүрийн төгсгөлд иргэний хөдөлгөөний гэгдэх хэдэн эмэгтэй, өвгөчүүд л “УИХ-ыг тараах нь туйлын зөв” тухай ярьцгаах юм. Ингэснээр хүн бүр УИХ-ыг тараахыг хүсээд байгаа мэт ойлголтыг Ерөнхийлөгчид төрүүлж байна. Үг хэлэгсдийн дийлэнх нь Иргэний хөдөлгөөний хүмүүс харагдана лээ. Тэднийг ямар үг хэлэхийг Иргэний хөдөлгөөнүүд удирдаад байна уу эсвэл ганц хоёр хүн турхираад байна уу гэдэг нь сонин.

Яг УИХ-ыг тараах дээрээ тулбал ард түмний дийлэнх нь дургүйцнэ. Ард түмний дундах асар хүчтэй хүрээлэл болох сэхээтний давхарга эрс эсэргүүцэх нь тодорхой. Утаанаас өөр дайсангүй улсыг Украйн шиг дайны хөл болгохыг жаахан ч гэсэн юм боддог, мэддэг хүмүүс эрс эсэргүүцнэ. Хаана ч гэсэн үг хэлээд сурчихсан хэлэмгий, доломгой фанатууд бишгүй байдаг. Тэд цөөн л дөө. Гэхдээ тэдний үг төрийн бодлогын хэмжээнд очвол Монгол Улсад аюултай үйл явдал, үзэгдэл болно. Үүнийг монголчууд мэдэхтэйгээ ухаалаг ард түмэн.

Гадаадын төдийгүй дотоодын зөөлөн хүчний бодлогоор монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх, бужигнуулах гэсэн зорилготой байж мэдэх үйл явдал сүүлийн үед цөөнгүй өрнөх болсон нь ажиглагдаж байна.Хүний эрхийн байгууллагын томоохон төлөөлөгч хүртэл “төрийн эргэлт хийх ёстой” хэмээн ярьж яваа дуулдах юм. Аажим аажмаар нийгмийг ингэж турхирч байна. Төрийн эргэлт хийлээ гэхэд хэн төрд гарах юм. Монголчууд бид л гарна. Ямар ялгаа байна вэ. Яахав, хэдэн хүн л хоолондоо хүрэх биз. Тэглээ гээд ард олныг яагаад ингэж талцуулж хуваах оролдлого хийгээд эхлэв. Бид жаргалдаа ташуураад цус урсгаж, нэгнийхээ аминд хүрэхдээ тулав уу. Долоон сарын нэгэн гэх аймшигт цуст өдрийг бүгд мартчихсан уу. Таван иргэний амийг авч, хичнээн мянган залуус шоронгийн хаалга татсан өдрийн маргааш гудамж талбай тэр чигээрээ хуягт машин,буутай цэргүүдээр дүүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, үндэсний телевизээр юу гаргаж, ямар мэдээлэл цацахыг эрх баригчид хянаж, шийдэж байлаа. Тэгэхэд хүний амь эрсдэсний төлөө биш хэдэн зураг шатсны төлөө харамсан уйлах хүмүүс бас гарч ирж л байсан юм даа.

Энэ үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ч байнга санаж явах ёстой. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн тодорхой зааж өгчээ. Гэтэл яг энэ заалтын эсрэг зүйл ярьж, уриалаад байгаа нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа хэрэг биш үү. Ийм гаргалгаа, дүгнэлтийг хэн ч өлхөн гаргаад ирнэ. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн бол огцрохоос өөр аргагүй бөгөөд түүнийг өмөөрөх хүн Монголд олдохгүй. Магадгүй, өөрөө зохион байгуулж, хөрөнгө мөнгийг нь гаргаад долдугаар сар хүртэл хуулийн хүрээнд жагсаал цуглаан хийлгэх биз. Навч цэцэг дэлгэрч налайсан долдугаар сард хэн бусдын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж зогсох вэ. Бүгд л приусээ асааж аваад найр наадам, хамаатан саднаа хэсэх гээд хөдөө гараад алга болно.

АН-ынхан ч гэсэн “бидний бодлого биш” гэж гэдийж суухынхаа оронд Ерөнхийлөгчид зөвлөж, Үндсэн хууль зөрчөөд байгаа мэт үйлдлийг нь намдаах хэрэгтэй байна. Нэг намаас 65-уулаа парламентад сонгогдож, хэт олонхоороо эрх барьж буй энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгч байх нь ард түмэнд хэрэгтэй байна. Байж л байвал бараа нь хаачих вэ гэсэн үг бий. Эрх баригч намыг хууль зөрчсөн шударга бус үйлдэл хийх бүрт нь шүүмжилж, эрх мэдлийнхээ хүрээнд хориг тавих нь Ерөнхийлөгчийн үүрэг. Ингэж л бодож ард түмэн сонгосон. Түүнээс биш төрийг бужигнуулаад аль, тараагаадах гэж сонгоогүй. Эсрэг намынхан үйл явдлыг улам дөгөөж байгаад Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлдгээр дагуулж тонгорох гээд байна уу гэх байдал ажиглагдаж байна. Хууль зөрчих цэгт нь хүртэл ил, далд өөгшүүлж хөөрөгдөж байгаад авч хаях гээд анаж суугаа болохоор алдаа бүү гаргаарай.

Монгол хүйтэн, утаатай. Ард түмэн нь ядуу. Ганц дутуу байгаа нь дайн байлдаан, эмх замбараагүй байдал. Үүнийг бий болговол Монгол чинь үлдэх үү, Ерөнхийлөгч өө.

Онцлох нийтлэлүүд