ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.09.01 08:09

Байр болгоны гадна байгаа бааруудыг цэцэрлэг болгоё

Сүүлийн 10 жилд Монголд 650 гаруй мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Ер нь төрөлт 2006 оноос эрчимтэй өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд 80 гаруй мянган үрс шинээр өлгийдөн авсан байна. Энэ эрчээрээ Монгол Улс дорхноо 10 саяулаа болох юм байна. Гэтэл төрийн бодлого нь төрөлтөө гүйцэхээ больжээ.

Өнөөдөр л гэхэд цэцэрлэггүй үлдсэн хүүхдийн тоо гучин мянга хол давна. Сургуулиуд хүүхдүүдээ багтаахгүй нэг ширээн дээр гурваараа сууж байгаа. Эрүүл мэнд, суурь боловсрол үнэгүй олгох үндсэн үүргээ манай төр мартчихсан тууж байгаа. Тэдэнд санаа өгөх гэж “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” хэмээн манай сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр бичсэн билээ. Хямралд өртөөд цэцэрлэг барих мөнгө төгрөг нь хүрдэггүй юм бол байр болгоны гадна байдаг бааруудыг цэцэрлэг болгоё. Баарны эзэдтэй төр гэрээ хийж байрыг нь түрээсэлж цэцэрлэг байгуулахад намрын намарт босдог цэцэрлэггүйн зовлон алга болно хэмээн бичсэн юм. Төр жаахан л сэтгэл гаргаад ажиллачихвал тун амархан бүтэх санаа л даа.

Бид өмнө нь “Түшмэдийн ордонг түмний эмнэлэг болгоё” гэж бичсэнээр нэгэн агентлагийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийд гарч байлаа. Мөн хүн бүр кредит оноотой болж, ямар нэг хэрэг зөрчил гарвал онооноос нь хасагдаж, сайн зүйл хийвэл нэмэгдэж байя. Оноо нь бага хүнд төрийн үйлчилгээ бага хүрч, иргэний үүргээ биелүүлэн олон оноотой болсон хүнийг урамшуулан шагнаж байя хэмээн бичиж байв. Үүний нэг биелэл нь өнөөдрөөс мөрдөгдөх Замын хөдөлгөөний дүрэмд тусгасан жолооч бүрт байх 10 оноо юм.

Энэ мэтээр “Өдрийн сонин”-ы хөндсөн асуудал, дэвшүүлсэн санаа бүр ямар нэгэн байдлаар биеллээ олж, нийгэмд сайн сайхныг түгээсээр байдаг юм


Онцлох нийтлэлүүд